Caakmedee

У.Хүрэлсүх: Тавхан ам бүлтэй ч 36 лиценз эзэмшдэг “МАК”-тай хатуу тэмцэнэ

  • Улс төр
  • 2019/01/16
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын баялгийг эзэмшдэг олигархи гэх хүмүүстэй хатуу тэмцэхээ дахин илэрхийллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрд даварсан хүн байгаа. Ард түмний байгалийн баялгийг хууль бусаар хувьдаа авч баяжсан, хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулсан, төрийн удирдах түвшинд гаргасан олигархи хүмүүс байгаа.
Би нэг зүйлийг хатуу тодотгож хэлж байгаа. Уул уурхайн салбарт хууль бусаар баяжсан гэж хэлж байгаа. Энэ олигархиудтай бид тэмцэнэ. Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархиудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна. Энэ ажил Салхитын мөнгөний ордоос эхэлсэн. Би өнөөдөр Асгатын ордын асуудлыг шийднэ. Баялгийн сан байгуулж, ядуу зүдүү ард түмнээ өөд нь татна. Бидэнд мөнгө байна. Тэр байгалийн баялаг цөөн гэр бүлийн гарт оччихоод байна. Тэгээд цагдаа, шүүх, прокурортой нийлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгана.  
Би газрын доорх баялагтай холбоотой асуудлыг ярьж байгаа шүү. Монголын 3.2сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчихаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл  36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан Суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд.
Ийм олигархиудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Байгалийн баялгыг хураалгачих вий гэхээс гол нь харлаж тэмцэж байгаа. Төр авах ёстой юмаа авна” хэмээн шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэхээ мэдэгдлээ.
Б.Учрал
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу