Caakmedee

Нэг ч нийтийн “00”-гүй Монголын аялал жуулчлал

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/07/29

Нэг ч нийтийн “00”-гүй Монголын аялал жуулчлал

 

Монголын үүх түүх, соёл, байгалийн үзэсгэлэн бишрэм сайхан. Тиймдээ ч гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар дэндүү олон. Зам харилцаа хөгжихийн хэрээр мянган бээрийн газрыг хэдхэн цагт товчлох хурдан техникийн ачаар зорьсон газартаа саадгүй хүрдэг болов. Гэвч өнгөрсөн хугацаанд зам дагаж хөгжил ярьснаас биш хүнийхээ хэрэгцээ шаардлага, тав тухыг ер тоосонгүй. Улс орны хөгжлийг уул овоо мэт томоор төсөөлөхийн оронд урдаа байгаа жижигхээн хэрэгцээг олж харахгүй, хүний эрхийг хөсөр хаяж ирсний тод жишээг энд тэмдэглэе.
 
ХОРМОЙГОО БАРЬЖ “БЭЛЧДЭГ” БАЙДЛААС ХЭЗЭЭ САЛАХ ВЭ
 
Өнгөрсөн хугацаанд жижигхэн юм шиг атлаа маш том асуудлыг орхигдуулж ирсэн нь замын хүмүүсийн алжаал тайлах зориулалтын зогсоол, нийтийн бие засах газар юм. Алжаал ядаргаа тайлахаа бүр больж үзье. Ядаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй. Монголчууд хээгүй, бүдүүлгээрээ дуудуулж хормойгоо бариад байгаль бараадлаа гэхэд гадаадын жуулчдад үнэндээ төсөөлөгдөхгүй. Сэтгэлд нь ч багтахгүй. Энэ янзаараа тухлаад буцах нь битгий хэл анхдагч хэрэгцээгээ хангаж чадаагүй хүмүүс дахин ирэхгүй биз.  Бусдыг уриалан дуудах нь бүр ч эргэлзээтэй.
 
Ялангуяа, зуны налгар өдрүүдэд нийтээрээ аялаад явахад хүмүүсийг нэг л асуудал бухимдуулдаг нь бие засах газар. Үүний тод жишээ нь хот хоорондын нийтийн тээвэр хаа таарсан газраа зогсох үед хормойгоо барьсан хүмүүс ийш тийшээ “бэлчиж”, идсэн уусан зүйлийн хог хаягдаад үлддэг байдал. Эмэгтэйчүүд нь дээлээ  нөмрөөд сайр, жалга барааддаг бол эрчүүд нь замын хажуу хаана таарсан газраа биеэ суллачихна. Хот хоорондын нийтийн тээвэр нэг удаа зогсоход л 40-50 хүн “асгарна”. Ийм нийтлэг дүр төрх орон нутгийн замд хувь, хувьсгалын унаагаар явсан ч адил давтагдана.
 
Тээврийн жолооч нарын олон жилийн туршлагаас харахад хүн 50-100 км яваад биеэ суллаж, чилээгээ гаргах хэрэгцээ бий болдог аж. Үүнээс харахад 1000 км туулахад зам зуур хамгийн багадаа 10-15 удаа зогсож биеэ суллах шаардлага гарах нь. Энэ болгонд хүмүүсийн өтгөн шингэн, идсэн уусан зүйлийн үлдэгдэл, цаас, хуванцар сав ямар ч шүүлтүүргүйгээр байгальд үлдэнэ гэсэн үг. Уг нь иргэд үйлчилгээний хөлсөө хангалттай төлж буй. Жил ирэх тусам тээврийн зардал хэд дахин нэмэгдсэнээс биш аян замд аятайхан ч биеэ суллачих боломж нөхцөл алга. Үүнээс үүдээд хол замд явж байгаа хөгшин, залуу хүүхэд хөвөөгүй гэдсээ “мэдэж”, давсгаа чангалахаас аргагүйд хүрдэг.
 
Багахан тооцоолол хийж үзэхэд энэ жилийн баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-17-ны хооронд амарч зугаалж, аялах зорилгоор Улаанбаатараас 118 мянган автомашин орон нутгийг чиглэжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 гаруй мянган иргэн дотоодод аялсан байна. Мөн аялал жуулчлалын төв цэг болсон Хөвсгөл далай руу хоёр хоногийн хугацаанд 66048 хүн зорьсон байх жишээтэй.
 
Гэтэл эдгээр иргэд замдаа тухтай буугаад биеэ суллах боломж алга. Зарим нэг хувийн үйлчилгээний газрын төлбөртэй ОО, модон жорлонд дугаарлахаас өөр сонголтгүй. Баруун тийшээ зорчих замд боловсон бие засах газартай ганц байгууллага нь “Урьхан” байдаг. Гэтэл энэ жилийн наадмаар засвартай байсан нь иргэдэд хүндрэлтэй байлаа. Угаас төр үүргээ биелүүлэхгүй байхад хувийн хэвшлийг буруутгах аргагүй. Энэ жишгээр 1000 км яваад Говь-Алтай хүрсэн ч, цаашаа 2000 км алс баруун хязгаарт очсон ч замдаа өнөөх л биеэ суллах асуудалтай тулгарсан хэвээр.
 
ЗАМ ДАГУУХ БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАРИУЦАЖ БАЙГАА ГЭВ
 
Ядаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй.
 
Энд зөвхөн иргэдийн тав тух, бие засах хэрэгцээний асуудлыг хөндсөнөөс биш хэдэн мянган хүний ялгадас, бохирдол байгаль дэлхийд хэрхэн нөлөөлж буйг түр орхилоо. Ил жорлон, байгальд гадагшлуулсан өтгөн шингэнээс дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж, агаарт тархдаг. Харин бид түүгээр нь амьсгалдаг. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 cap байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс болдог байна. Мөн хүхэр, аммиакийн давхар исэл хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг. Газрын хөрс, усыг бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг аажмаар устгадаг гол дайсан болдог зэргээр тооцоод байвал дуусахгүй.
 
Тиймээс орон нутгийн замд ядаж 100-200  км тутамд жорлон, хогийн сав, амарч тухлах зоогийн газар зэргийг багтаасан зориулалтын зогсоолтой болох талаар бид дахин хөндөж байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүй цагт мянга түмэн удаа хог хаягдал, цэвэр цэмцгэр, эрүүл байх талаар яриад нэмэргүй. Арван жилийн өмнө нь л нийтийн бие засах газар байгуулна гэж ярьж байсан энэ асуудал өнөөдөр юу болсныг байгаль орчин аялал жуулчлалын салбарын албаны хүнээс тодруулахад “Зам дагуу гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн яам хариуцаж байгаа. Цэгүүдээ тогтоогоод ажлаа эхэлнэ гэсэн. Мөн МҮХАҮТ-тай хамтраад аж ахуйн нэгжүүдээс санал авч байгаа юм билээ. Ажил нь хэзээ эхлэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ажлын хэсэг байгаа байх” гэлээ. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу