Caakmedee

Нотлох баримт хуурамчаар үйлдэж 1.2 сая төгрөг завшсан этгээдүүдэд гурван жилийн ял оноов

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/08/08

Нотлох баримт хуурамчаар үйлдэж 1.2 сая төгрөг завшсан этгээдүүдэд гурван жилийн ял оноов

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.Б-г 2013-2017 оны хооронд олон иргэдийг хуурч, худал зүйл амлаж, итгэл үнэмшил төрүүлэн, онц их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгүүдийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт, мөн Ц.Б нь өөрийнх нь холбогдсон дээрх залилах гэмт хэргийг нь шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг Г.Б-тэй бүлэглэж хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүгдэгч Ц.Б нь олны танил, нэр алдартай хүн байсан бөгөөд үүндээ дулдуйдаж хуурамч гэрээгээр халхавчлан иргэдэд итгэл үнэмшил төрүүлэн, санхүүжилтийн эх үүсвэр гаргаж чадах иргэдийг өөртэй нь хамтран ажиллахыг ятган хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, амар хялбар аргаар тусгай зөвшөөрөлтэй болох, ажлын гүйцэтгэлийн төлбөрөө гаргуулж авах гэсэн иргэдийн хүсэл сонирхлыг ашиглан хөрөнгө оруулахыг, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг зөвшөөрүүлэн мөнгөн хөрөнгүүдийг гаргуулан авч, улмаар дээр өгсөн хуурамч амлалтуудаа эс биелүүлэн өөрийн санхүү, эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллийг нууж, энэ явцдаа иргэдийн өөрт нь итгэж өгсөн нийт 1.232.000.000 төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн хөрөнгүүдийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ.

 

Түүний дээрх үйлдэл нь 2013 оноос эхэлж 2017 оны дунд үе хүртэл үргэлжилсэн байна. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч нэг бүртэй харьцаж “хамтарч ажиллах” талаар санал тавьж болон бусдаас авч чадахгүй байгаа мөнгийг, мөн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж бүтээж өгнө гэх мэтээр үнэмшүүлж, хуурамчаар үйлдсэн гэрээ гэх баримт үзүүлэх, мөнгө хүлээн авсан тухай баримтыг гэрээ, тодорхойлолт зэрэг хэлбэрээр үйлдэх байдлаар иргэдийг төөрөгдүүлсэн, иргэдийн хоорондын харилцаанд тулгуурлан хохирогч нарын хүрээг тэлж байсан нь хэрэгт цугларсан баримтаас харагдаж байсан.Мөн шүүгдэгч Г.Б, Ц.Б нар бүлэглэн огт байгуулагдаагүй гэрээг бодитой байгуулсан мэтээр хуурамчаар үйлдэж, үүнийгээ хавтаст хэрэгт хавсарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож буй байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, Ц.Б-ын үйлдсэн залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг үүсгэж байсан байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б-ийн дээр дурьдсан үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүх шинжийг, шүүгдэгч Г.Б, Ц.Б нар бүлэглэн огт байгуулагдаагүй гэрээг бодитой байгуулсан мэтээр хуурамчаар үйлдсэн үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзжээ. Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Г.Б нарыг “Залилах”, “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргүүдийг үйлдсэний учир тэдэнд 3 жилийн хугацаагаар хорих болон 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу