Caakmedee

Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/09/27

Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

 

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөөд удаагүй байна. Түүнийг огцруулсан шалтгааныг Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан: "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хийсэн мэдэгдэл Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа зарчимтай нийцэхгүй байгааг харлаа. Тиймээс өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан.
Төрийг төлөөлж аливаа шатанд ажиллаж байгаа этгээд ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг зөрчих эрхгүй. Ж.Соронзон захирлын өчигдрийн мэдэгдэл бидний зориод байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг байсан. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна. Сэтгүүлч, захирал нарын маргаан бол тусдаа асуудал юм.
Харин ажлаас чөлөөлж байгаа шалтгаан нь Үндсэн хууль дахь иргэний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой. Ж.Соронзон захирал ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харууллаа. Мөн арга барилын хоцрогдлыг бодитоор харуулсан. Төр иргэдтэйгээ 21-р зууны арга барилаар харилцаж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой юм. Үүний эсрэг үйлдэл гаргасан учраас хариуцлага тооцож байна." гэж тайлбарлаж байв. Тэгвэл өчигдөр оройжин нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хэлсэн үг үүнтэй яг ижилхэн кейс болж байна.
 
Тодруулбал тэрээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ: "Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бид хэд хэдэн ажлыг төлөвлөж байна. Нэгдүгээрт, чамлалттай сонсогдож магадгүй ээ. 1520 өрх бий. Манай яамныхан бол энийгээ "улны айлууд" гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больчихсон. Эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд л байгаа. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш дээ. Ядуу хүн гэдгээрээ л явах нь зөв байх л даа. Би тэгж бодоод байгаа. Зорилтот бүлгийн хүн гэхээр хүн хэр ойлгох юм байгаа юм." гэсэн юм.
 
Харин Ж.Соронзонгийн хэлсэн: " Манай нэг сурагчийн ээж "С.Будрагчаа манай нутгийн залуу байгаа юм. Эцэггүй өссөн. Эмээ, өвөө хоёр дээрээ ядуу тарчиг өссөн. ээж нь гэж архичин авгай байдаг юм. Энэ хүнд өөрийн гэсэн өмчлөх өмч байхгүй учраас мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ" гэж бичиж байгаа юм. Тиймээс хөөрхий амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг есөн жороо нь дуудаад баймааргүй байна л даа зайлуул" гэсэн үгийг Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчсөн агуулгатай гэж дүгнэсэн билээ. Түүний тайлбар үнэхээр л үнэн юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах нөхцөл байдал үүсчээ.
 
Учир нь Д.Сарангэрэл, Ж.Соронзон нарын аль аль нь бусдын хэлсэн үгийг ишлэж, иргэдээ ялгаварлан гадуурхсан нь усны дусал шиг ижилхэн хэлбэр, агуулгатай. Харин Монгол Улсын Засгийн Газрын зарчим Монгол Улсын иргэдэд тэгш үйлчилдэг эсэхийг Д.Сарангэрэлд хэрхэн хариуцлага тооцох  явдал харуулж таарах нь.
 
Н.Болор
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу