АНУ-ын жирийн нэгэн албан газрын цахилгаан шатанд “Энгийн тамхи болон электрон тамхи татвал торгуультай” гэсэн анхааруулга бий. Ардчиллын өлгий нутагт энэ төрлийн сануулгыг цахилгаан шатнаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон нийтийн газруудад хаа сайгүй харж болно. Өөрөөр хэлбэл, энэ тэмдэг байгаа газарт та электрон тамхи татаж харагдвал утаат тамхи татсантай ижил байдлаар торгуулна гэсэн үг. Энэ оны аравдугаар сарын байдлаар АНУ-ын 51 мужаас Нью-Йорк, Виржиниа, Калифорниа, Делавер, Хавай, Индиана зэрэг 26 муж улсад тамхи болон электрон тамхины хор уршгийг ижил хэмжээнд үзэж, олон нийтийн газар хэрэглэхийг хориглоод байна.
Харин манай улсад 2016 онд Тамхины тухай хуулиар хаа сайгүй утаат тамхи татахыг болиулж чадсан нь дэвшил ч утаагүй гэгдэх электрон тамхины тухай нэг үсэг ч энэ хуульд алга. Өөрөөр хэлбэл, шинэчлэн найруулсан Тамхины тухай хуульд утаат тамхийг олон нийтийн газарт татахыг хориглосон боловч электрон тамхи гэсэн үг байхгүй учраас томчууд хүүхдүүдгүй гудамжаар “утаагүй” тамхи баагиулан алхаж явна. Хотын гудамж, хоршоо дэлгүүр, албан газар, амралт зугаалгын үеэр гээд хаа сайгүй электрон тамхи гартаа атгасан хүүхэд залуус алхах хэдий ч тэдний хэн нь ч тамхины зориулалтын цэгт очоод уушиглачих ухамсаргүй хэвээр байна.
Тэгвэл электрон тамхи гэж яг юу вэ. Товчхондоо төрөл бүрийн химийн найрлагатай шингэнийг тусгай жижиг төхөөрөмжөөр өндөр хэмд халааж уур гаргаж байгаа үйл явц гэж бүдүүн тоймоор тодорхойлж болох юм. Моод Монголоор дуусдаг гэдэг үгийг нотлох мэт 15-16 жилийн өмнө анх гарч, гадаад улс орнуудад шуурдгаа шуураад одоо харин ч хор уршгийг нь ярьж бичих болсон утаагүй тамхи нь манайд ид цэцэглэж байна гэлтэй. Сүүлийн үед залуучуудын аманд угж мэт явах болсон электрон тамхи гээчийн талаарх маргаан тасрахгүй. Утаагүй тамхи хортой гэж ярьж бичихээр утаат тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс хийж буй “хар пи-ар” хэмээн няцаагаад хүүхэд залуучуудад “никотингүй” хэмээх “шидэт” үгээр сурталчилж дөнгөнө.
Тэгвэл электрон тамхи нь сурталчилж байдаг шигээ тийм ч хоргүй эд биш гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Харин ч уураг тархинд нөлөөлдөг, донтуулах сөрөг үр дагавартай никотиноос гадна заримд нь 1000 хүртэлх нэр төрлийн химийн бодис агуулагдаж байгааг ярьж бичсээр байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв нэртэй засгийн газрын агентлагийн судалгааны дүнгээс харахад “Электрон тамхинд агуулагдах никотины хэмжээ уламжлалт тамхиныхаас бага байж болох ч 1000 гаруй химийн бодис агуулж байдаг. Тэдгээр нь ирээдүйд ямар хор уршигтайг одоогоор таамаглах боломжгүй байгаа нь хамгийн аюултай” хэмээн анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, тамхинаас гаргах зорилгоор анх бий болсон гэдэг ч үнэн хэрэгтээ өсвөр үеийнхнийг тамхинд уруу татах шалтгаан болж, “никотингүй” гэсэн сурталчилгаагаар улам донтуулах хандлагатай байгааг олон улсад ярьж сэрэмжлүүлж эхлээд байна. Тэр байтугай “никотин агуулаагүй” гэж сурталчилдаг зарим төрлийн электрон тамхинаас ч никотин илэрсэн тухай дээрх үндэсний хэмжээний агентлагийн мэдээлэлд тодорхой дурдсан байх юм.
“.... Зарим хүмүүс электрон тамхийг усан суурьтай гэж итгэдэг ч үнэн хэрэгтээ энэ нь тэр чигээрээ химийн бодис байдаг юм” гэж АНУ-ын профессор Лаура Кротти Александр бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан Диего хотын Эрүүл мэндийн удирдлагын төвийн уушгины ноцтой тусламжийн хэлтсийн дарга бөгөөд электрон тамхины хор нөлөөний талаар судалгааны багийг ахалж ажилласан байна.
АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй гэмтсэн уушгийг товчхондоо “попкорн уушги” хэмээн нэрлэх болжээ. Электрон тамхинд агуулагдах химийн янз бүрийн бодисууд нь уушгийг гэмтээхдээ цэврүүтсэн мэт гэмтэл үүсгэдэг бөгөөд энэ нь рентгенээр харахад попкорнтой төстэй харагдах болсон учир ингэж нэрлэх болсон тухай өөр нэгэн эмч бичжээ.
Электрон тамхины талаар дуугараагүй биш хангалттай хэлж бичдэг ч бодит үр дүнд хүрч чадахгүй байгаагийн хамгийн гол шалтгаан юу вэ. Товчхондоо бол шалтгаан нь маш энгийн, хуульд электрон тамхи гэсэн үг байтугай үсэг ч байхгүй юм. Тийм учраас электрон тамхиар “хорт уур” гаргаж байгаа таньдаг, таньдаг олон vape-чид хажуудах хүмүүсээ хордуулж байгаагаа ч үл анзааран “дам тамхидалт”-ын хүчирхийлэл үйлдсээр байна. Харин үр дүнд нь тэдний дэргэд зогсоо тамхи татдаггүй хэн нэгэн хохирогч болж хоцорч байгаа нь харамсалтай. Уг нь энэ талаар төрийн зарим байгууллага анхаарал тавьж алхам хийж эхэлсэн юм байна. Одоогоос хэдхэн сарын өмнө Хан-Уул дүүргийн Засаг даргын А/176 тоот захирамж гарч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод орчиндоо электрон тамхи хэрэглүүлэхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдаалахгүй байхыг бүх шатны удирдлагуудад үүрэг болгосон байх юм. Гэвч цаасан дээрх энэ захирамж бодит амьдралд биеллээ олж чадаагүй байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард ЦЕГ-аас ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд үндэслэн электрон тамхины хор хөнөөлийн талаар анхааруулга гаргаж байжээ. Үүнд электрон тамхи нь дараах төрлийн бодисыг агуулсан байдаг учраас хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.
• Никотин - өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
• Propylene glycol - юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
• Карсиноген - ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
• Бензол - бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
• Акролеин (Acrolein) - гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
• Диацетил (Diacetyl) - bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
• Diethylene glycol - уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.
• Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
• Кадми (Cd) - амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл
• Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.
Эх Сурвалж: ЦЕГ.
Зөвхөн дээрх анхааруулгаас харахад л энэ төрлийн тамхи нь ердийн тамхинаас ялгаагүй хүнийг хордуулдаг, орчныг бохирдуулдаг гэдгийг энгийн нүдээр ч харсан, албаны эх сурвалж ч баталж байгаа юм.
Тэгвэл электрон тамхи ч ялгаагүй хордуулдаг юм бол үүний дам хувилбар ч адил хортой гэсэн үг. “Электрон тамхины дам тамхидалт нь өсвөр насныханд илүү их эрсдэлтэй. Тэднийг бронхиттэй болох эрсдийг 40 хувиар, амьсгалын дутагдалд орох эрсдлийг 53 хувиар нэмэгдүүлж байна” хэмээн АНУ-ын эрүүл мэндийн “Thorax” сэтгүүлд нийтэлжээ. Электрон тамхины сөрөг нөлөөний талаарх судалгааг удирдсан Доктор Талат Ислам “Энэ төрлийн тамхинаас ялгарах хорыг сорохгүй байгаа ч тэр агаараар амьсгалж байгаа хэн бүхэн электрон тамхины дам тамхидалтад өртөж байна. Тухайн химийн найрлага бүхий шингэнээс ялгарч байгаа хор нь утаатай тамхинаас хор багатай гэж үздэг ч энэ нь хоргүй гэсэн үг биш юм” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл, электрон тамхи татаж байгаа хэн нэгний хажууд ч байгаа та ч бас дам байдлаар тэрхүү электрон тамхийг татсаар байгаа гэсэн үг юм.
Одоохондоо Монгол Улсын Тамхины тухай хуульд электрон тамхины талаар тодорхой зохицуулалт байхгүй учраас өнөө л хэнэггүй монгол зангаар хаа сайгүй утаагүй тамхи нь улалзсаар, тамхинаас хол жирийн хүн ч дам байдлаар хордсоор байна.
Тэгэхээр зөвхөн нэг, хоёр дүүргийн Засаг дарга захирамж гаргах бус, нийтээрээ тэмцэж, хуульдаа өөрчлөлт оруулж байж энэ төрлийн дам тамхидалтаас бид өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадах нь. Нэгэнт тамхийг тусгай газарт тамхи татах зохицуулалт бүхий Тамхины тухай хууль бэлээхэн байхад энэ хуульд өөрчлөлт оруулж, электрон тамхины дам хор хөнөөлөөс ч сэргийлэх боломж байгааг хууль тогтоогчид ч олж харвал харахаар цаг хугацаа өнгөрчээ. Тиймээс утаатай ч бай, уурын ч бай тамхи л бол тамхи учраас аль алийг нь зориулалтын газарт хэрэглэх хууль зүйн орчныг нь бий болгох цаг нь болж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 197 (6929)