Оросын мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” худалдаж авсан. Авчирсан гэвэл илүү зохино. Энэ наймаа 2016 онд хийгдэж дууссан юм. Ер нь бол "Монголын зэс корпораци"-ийхны Оросоос 400 сая ам.доллараар худалдаж авчирсан наймаанд ганцхан "Эрдэнэт"-ийн 49 хувь ирээгүй юм. "Монголросцветмет"-ийн 49 хувь бас багтдаг. "Монголросцветмет" нийт 31 лицензтэй. Хоёр нь хайгуулынх, үлдсэн 29 нь ашиглалтын лиценз юм байна. Увс аймаг дахь хайгуулын нэг лиценз нь 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ гарсан. Ашиглалтын лицензүүдийн 14 нь жоншны, долоо нь алтных юм байна. "Монголросцветмет"-ийг авахад стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтын дээгүүрт бичигддэг Асгатын мөнгө, холимог металлын орд хамт ирсэн. Түүнчлэн хайлуур жоншны таван уурхайд олборлолт явуулдаг. Үүний гурав нь ил уурхай аж. Тодруулбал, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг. Энэ утгаараа “Монголын зэс корпораци” Монголдоо овоо юм “чирээд” ирсэн байгаа юм.
Гэвч тухайн үеийн төр, засгийн удирдлагууд тус 49 хувийг худалдаж авах төрийн боломжийг "Монголын зэс корпораци"-д хууль бусаар шилжүүлж, ашиглуулсан нь удалгүй ил болсон. Албан тушаалын байдлаа ашиглаж, тус компанид хууль бусаар боломж олгосон асуудлаар тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн "Монголын зэс корпораци"-ийн Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарыг "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, мөнгө угаасан хэмээн буруутган шалгаж байна. Түүнчлэн үүнд дэмжлэг болсон Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн боломжийг төрийн хөрөнгөөр худалдаж авсан "Эрдэнэтийн 49 хувь"-ийн гэх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад багагүй хугацааг өнгөрөөлөө.
Уг нь АТГ, ЦЕГ-аас “... “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь төрийн өмчийг хууль бусаар авсан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх магадлалтай” хэмээн үзэж, хэрэг бүртгэл үүсгэн шалгах хүсэлтийг НПГ-т 2016 оноос хойш хоёр удаа хүргүүлсэн. Нийслэлийн прокурор ч татгалзсан хариу өгсөн байдаг. Харин 2019 оны хавраас хэрэг үүсгэж шалгахыг зөвшөөрсөн байна.
Тэр үеэр АТГ-аас “...”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой 9.5 их наяд төгрөг асуудал яригдаж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр өөрөө мэдэлдээ авчихсан байгаа. Тэгэхээр 9.5 их наяд төгрөгийн хохирол бол битүүмжлэн хамгаалагдсан гэдэг ойлголтод хамаарна” гэсэн тайлбарыг өгч байв.
Улмаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэхүү “Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг 2019 оны долдугаар сарын 8-нд НПГ-т шилжүүлжээ. Тэгээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолоор “…Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 4.5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг 3.5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн. Харин Д.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг 2021 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцсэн. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах баг уг хэргийг 2022 оны есдүгээр сарын сүүлчээр НПГ-т шилжүүлжээ. Прокурор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэрэгтэй танилцаж дууссан байна. Эх сурвалжийн мэдээллээр, уг хэрэгт 20 орчим хүн холбогдсон бөгөөд энэ долоо хоногт харьяа шүүхэд нь шилжүүлэхээр болжээ. Тиймээс нэр дурдагдсан хүмүүс сандралд орж, улс төрийн элдвийн акц эхлүүлж бужигнуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаж байна.
Дашрамд сануулахад УИХ-ын дарга асан З.Энхболд 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд цахим хуудастаа “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “... “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас одоо буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох Орост буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тийм учраас хуулийнхан энэ хэргийн учрыг олох гээд ажиллаж байгаа юм байна” гэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)