Caakmedee

SCMP: Ши Жинпинь дахин сонгогдон ажиллахдаа шинэ баг бүрдүүлнэ

  • Онцлох мэдээ / Дэлхийд
  • 2022/10/19

Таван жилд нэг удаа хуралддаг Хятадын Коммунист намын их хурал 10 дугаар сарын 16-ны өдөр эхэлсэн. Энэ хурлаар БНХАУ-ын дарга Ши Жинпинь гурав дахь удаагаа намын даргаар сонгогдох төлөвтэй байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Ши Жинпинь улс орон дахь боловсон хүчний өөрчлөлтийн явцыг хатуу хяналтдаа байлгаж байгаа бөгөөд энэ нь таамаглаж байснаас илүү их өөрчлөлтийг авчирж болзошгүй аж. Тэр дундаа гурав дахь удаагаа сонгогдон ажиллахдаа Ши Жинпинь шинэ баг бүрдүүлэн ажиллана гэж шинжээчид үзэж байна. 
 
Хонконгийн South China Morning Post сонины бичсэнээр Улс төрийн товчооны дөрвөн гишүүн, түүнчлэн Коммунист намын төв хорооны гишүүдийн тал хувийг сольж магадгүй аж. Хятадын Засгийн газар дахь халаа сэлгээний эцсийн дүн ирэх амралтын өдрүүдэд тодорхой болно. Учир нь энэ өдрүүдэд Коммунист намын ХХ хурал өндөрлөх юм. Коммунист намын 97 сая гишүүнийг удирдах шинэ Төв хороо 10 дугаар сарын 22-ны өдөр тодрох бол дараагийн өдөр нь Төв хороо анхны чуулганаа хийж, шийдвэр гаргах дээд эрх бүхий Улс төрийн товчооны гишүүдийг тодруулах юм. 
 
SCMP сонинд бичсэнээр, Ши Жинпинь гурав дахь удаагаа Коммунист намын даргын албыг хаших бөгөөд тэрбээр Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны долоон гишүүний дөрвийг нь өөрчилж, төр барих багт шинэ цус сэлбэхийн тулд дахин сонгогдож буй боломжоо ашиглах аж.
 
Эх сурвалжийн таамагласнаар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга 72 настай Ли Жаньшу, Төрийн зөвлөлийн дэд сайд, 68 настай Хань Жэн нар албан бус тэтгэврийн насанд хүрсэн тул албан тушаалаасаа буух бол Ли Көцян суудалдаа үлдэх магадлалтай гэнэ. Учир нь тэрбээр өдгөө 67 настай тул тэтгэврийн нас хүрэхэд дахин нэг жил үлдээд байгаа аж. Гэхдээ тэрбээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалыг хоёронтаа хассан тул суудлаасаа бууж болзошгүй, учир нь үндсэн хуульд зааснаар энэ албыг хоёроос дээш удаа хаах боломжгшүй юм. Хятадын эрх баригч намын шатлан захирах ёсны дагуу хоёр дахь хүнд тооцогддог Ли Көцян өөр албан тушаалд томилогдсоноор Коммунист намын Улс төрийн товчоонд үлдэж магадгүй гэж SCMP сонин бичсэн байна. Зарим шинжээчид түүнийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны даргаар томилогдож магадгүй гэж үзэж байгаа ч хэвлэлд мэдээлэл өгсөн зарим эх сурвалж түүнийг тэтгэвэртээ гарч магадгүй хэмээжээ. 
 
Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны шинэ дөрөв дэх гишүүн нь хэн байх талаар одоогоор тодорхойгүй. Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Ян болон "үзэл суртлын хаан" гэгддэг Ван Хунин нар Ли Көцяны адилаар 67 настай. Авилгын эсрэг байгуулагыг удирддаг Жао Лөжи 65 настай. Өмнө нь Хятадад боловсон хүчний халаа сэлгээ хийхдээ насыг чухалчилдаг байсан бол Ши Жинпиний үед энэ шалгуур арай зөөлөрсөн байна. Нэр дэвшигчдийн шалгуурт тэдний боломж, өнгөрсөн замналыг нэн тэргүүнд чухалчилдаг болсон, гэхдээ насыг ч мөн харгалзах болжээ.
 
SCMP сонины бичсэнээр, Ван Ян Ли Көцяны хамт огцорвол Хятадын Ерөнхий сайдын суудлын төлөөх тэмцэл эхлэх гэнэ. Шинэ ерөнхий сайдын нэрийг парламентын жил бүрийн чуулган дээр зарлах бөгөөд энэ чуулган ирэх оны гуравдугаар сард л болох юм. Харин ирэх ням гарагт намын удирдах байгууллагуудын бүрэлдэхүүн тодорхой болсноор шинэ ерөнхий сайд хэн болохыг таамаглах боломжтой болно.
 
Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хариуцдаг Ерөнхий сайдын албан тушаалд очих хүн хоёр томоохон мужид удирдах алба хашиж байсан туршлагатай, эдийн засгийн тал дээр томоохон ололт амжилт үзүүлсэн байх шаардлагатай байдаг аж. Харин Ши Жинпиний үед, Ерөнхий сайд болох хүн төрийн тэргүүнтэйгээ сайн харилцаатай байх нь энэ албанд очих чухал хүчин зүйл болсон талаар шинжээчид онцолж байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/543891
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу