Caakmedee

Цахилгааны үнийг өөрчлөхгүй бол өвлийг харанхуй угтах нь...

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/10/25

Цахилгааны үнийг өөрчлөхгүй бол өвлийг харанхуй угтах нь...

 

Техник технологийн эрин зуунд нэгэн үнэт “эрдэнэ” хүн төрөлхтний амьдралд нэмэгдсэн нь эрчим хүч юм. Тог,цахилгаан ганцхан цаг тасрахад л ямар ч албан байгууллагын үйл ажиллагаа зогсож, айл өрх хоол, цайгаа ч хийж чадахгүйд хүрдэг нь өнөөгийн нийгмийн бодит төрх. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох гэж улс орнууд их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулдаг. Манай улсад тун удахгүй өвлийн улирал болох гэж байгаатай холбогдуулан “Энэ өвөл тог тасрах болов уу”,  “Оргил цагаар цахилгаан хязгаарлавал яах вэ” гэсэн ээдрээтэй олон асуулт иргэдийн дунд үүсээд буй. Үүнд хариулт олохоор манай сурвалжлах баг Эрдэнэт хотыг зорьж, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.
 
ЦАХИЛГААНЫ СТАНЦ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХ БОЛСОН ШАЛТГААН
 “Таны гэрэл, дулаантай, ая тухтай амьдрах нөхцөлийг бид хангана” хэмээх уриатай Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 1987 оноос хойш Эрдэнэт хотын ард иргэд, албан байгууллагын хэрэглэгчдэд  дулааны эрчим хүчийг түгээхийн сацуу төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэн ажиллаж байна. Ингэхдээ нэг гегакалори/цаг эрчим хүчийг үйлдвэрлэхэд 37 мянган төгрөг зарцуулдаг боловч хэрэглэгчдэд 16 мянган төгрөгөөр түгээсний улмаас сүүлийн хоёр жил алдагдалтай ажиллажээ. Тодруулбал, тус станц энэ оны эхний арван сарын байдлаар 59 тэрбумын орлого төвлөрүүлсэн ч 70 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Үнийн зөрүүтэй ийм байдал цаашид үргэлжилвэл оны эцэс гэхэд 11.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцооллыг гаргасан байна.
 
Энэ талаар Эрдэнэтийн ДЦС-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ “Нэг киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өртөг 124.7 төгрөг байна. Гэтэл хэрэглэгчдэд түгээж байгаа дундаж үнэ 126 төгрөг. Хэрэглэгчийн үнэ тариф буюу эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлж байгаа тариф бага байгаатай холбоотой 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үүнээс үүдэн  цалингаа нэмж, засвар болон технологийн шинэчлэлийг цаг хугацаанд нь хийж чадахгүй байна. Манай станцын зардлын 55 хувийг нүүрсний худалдан авалт эзэлдэг. Санхүүгийн алдагдлаас үүдэн Шарын гол нүүрсний уурхайд наймдугаар сард 2.5 тэрбум төгрөгийн өртэй болсон. Тухайн үед Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо тарифны үнээ өөрчилж энэ өрийг шийдвэрлэж өгсөн. Үүнээс гадна Шарын гол нүүрсний уурхай нэг сарын хугацаанд зогссоноос болоод ачааллаа бууруулж ажилласан. Цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 159.7 төгрөг/квт.цаг байвал эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, алдагдалгүй ажиллах боломжтой гэж үзсэн” гэж ярилаа.
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” нь долоон зуух, гурван турбинтэй. Цагт 302.5 гегакалори/цаг дулаан, 28.8 мегаватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай. Гэтэл хөрөнгө санхүүгийн дутагдал, нүүрсний нийлүүлэлтийн хомсдолоос болоод нэг зуухаа зогсоож, ачааллаа 20 мегаваттаар бууруулан ажиллаж эхэлжээ.
 
ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 43 ХҮН ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛААСАА ГАРЧЭЭ
 
сонин mn
Нэг гегакалори/цаг эрчим хүчийг үйлдвэрлэхэд 37 мянган төгрөг зарцуулдаг боловч хэрэглэгчдэд 16 мянган төгрөгөөр түгээсний улмаас сүүлийн хоёр жил алдагдалтай ажиллажээ. Тодруулбал, тус станц энэ оны эхний арван сарын байдлаар 59 тэрбумын орлого төвлөрүүлсэн ч 70 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Үнийн зөрүүтэй ийм байдал цаашид үргэлжилвэл оны эцэс гэхэд 11.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцооллыг гаргасан байна.
 
Үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүүнээс үүдэн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад тулгарч байгаа хоёр дахь том асуудал нь хүний нөөц юм. Сүүлийн жилүүдэд  алдагдалтай ажиллаж байгаагийн улмаас ажилчдынхаа цалинг нэмж, орон сууцанд хамруулах гэсэн нийгмийн асуудалд анхаарах боломж хомс болсон байна. Үүнээс үүдэн 2020-2022 оны байдлаар хоёр жилийн хугацаанд 118 хүн ажлаасаа гарсны 43 нь өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ. Тухайлбал, энэ оны аравдугаар сарын байдлаар 49 хүн ажлаас гарсны 17 нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Цалин, нийгмийн хангамж хангалтгүйгээс ажилчид нь өндөр цалинтай газрууд руу шилжих болжээ. Гэтэл цахилгааны инженер хүн 4-5 жил тасралтгүй ажилласны дараагаар туршлагажиж, хангалттай хэмжээний мэдлэг чадвартай болдог онцлогтой мэргэжил. Тиймээс шинэ ажилтныг сургах нь станцын үйл ажиллагааны маш чухал, анхаарлаа хандуулах ёстой чиг үүрэг болсон байна.
 
Үүнээс гадна тус станцын үндсэн болон туслах тоноглолын их засварын ажлуудыг үргэлжлүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, жилээс жилд нэмэгдэж байгаа хэрэглээг хангах дулаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх гэсэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудалтай нүүр тулжээ.Энэ талаар Эрдэнэтийн ДЦС-ийн Үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр “Эрчим хүчний үнийг хүчээр барьснаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Цаашид энэ байдал үргэлжлээд станц зогсвол Эрдэнэт хот бүхэлдээ тоггүй болж хөлдөнө. Эрчим хүчний төв систем доголдоно. Хэрэв үнээ нэмэхгүй л бол энэ өвөл гэхэд эрчим хүчний системд асуудал үүснэ. Хэрэглэгчийн тарифыг сард 5-10 мянган төгрөгөөр нэмэхэд алдагдлаас гарах бүрэн боломжтой” гэв.
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн хувьд ч 192 төгрөгөөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ 172 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэдэг. Үүнээс үүдэн найман тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарчээ. Хөрөнгө санхүүгийн дутагдлаас үүдэн засварын ажил ч хийж чадахгүй байна. Харин эрчим хүчний үнийг 20-30 хувь нэмбэл цахилгаан шугам сүлжээнийхээ найдвартай байдлыг ханган ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал В.Адъяа онцолсон юм.
АЖ АХУЙ НЭГЖИЙН ТАРИФЫГ ИРЭХ САРААС НЭМНЭ
Ийн бид тус цахилгаан станцад үүсээд буй асуудалд төрөөс ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулсан юм. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад үүссэн эдгээр асуудлууд бусад станцуудад ч мөн адил тулгарч байгаа тул ямар байдлаар зохицуулах гарц гаргалгааг Эрчим хүчний зохицуулах хороо хэдийнэ гаргажээ.
 
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ “Төвийн эрчим хүчний нэгдсэн систем 17 аймгийн 696 мянган айл өрх, 55 мянган аж ахуйн нэгжийг цахилгаанаар хангадаг. Эрчим хүчний салбар 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эцсээр 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарсан. Энэ нь цахилгааны үнэд өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой. Манай улс 2019 оноос хойш гурван жил хэрэглэгчийн тарифыг өөрчлөөгүй. Энэ хугацаанд гадаад валютын ханш, хэрэглээний үнийн индекс, түлш шатахууны зарлага өссөн. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх өртөг 224 төгрөг болсон ч хэрэглэгчдэд 175 төгрөгөөр худалдаалдаг. Ингэж өртөгөөс бага үнээр худалдаалснаас эрчим хүчний компани төдийгүй нүүрсний уурхайнууд алдагдал хүлээгээд байна. Тиймээс аж ахуй нэгжийн тарифыг ирэх сараас 28 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ хэрэглээгээ зохицуулаад төлбөрөө бууруулах боломжоор хангана” гэв.
 
Аж ахуй нэгж, байгууллагын цахилгааны зардал нь нийт зардлын 4-5 хувийг эзэлдэг. Тиймээс оргил ачааллын үед буюу 17:00-22:00 цагт эрчим хүчээ ОХУ-аас импортолж хэрэглээгээ хангадаг Монгол Улсын тухайд цахилгааны үнийг 28 хувиар нэмэгдүүлж, эрсдэлээс сэргийлэх нь хамгийн зөв алхам гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байгаа юм. Нийтлэлийн эхэнд дурдсан иргэдийн дунд үүсээд буй асуултуудад өгөх хариулт нь хэрэв эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, цахилгаан станцуудын алдагдлыг нөхөж чадвал энэ өвлийг бид тог тасрах гэсэн ямар ч айдасгүйгээр давах юм байна.
 
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу