Caakmedee

Бид юунд хөтлөгдөж, юугаар хөглөгдөж амьдарч байна вэ?

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/10/27

Бид юунд хөтлөгдөж, юугаар хөглөгдөж амьдарч байна вэ?

 

70 гарсан насан дээрээсээ хүн “өнгөрөөсөн жилүүддээ чухам юунд хөтлөгдөж, чухам ямар санаа, бодлоор хөглөгдөж амьдарснаа эргэж санах, тодруулах” гэж хичээдэг юм байна. Бас таньдаг, мэддэг хүмүүс маань (ялангуяа үеийнхнээ) чухам юунд хөтлөгдөж амьдарсныг нь ойлгохыг эрмэлздэг юм байна. Олон хүн хэдийгээр олон янзаар амьдарч, олон зүйлд хөтлөгддөг гэлээ ч тэднийг ерөнхийд нь цөөн бүлэгт хувааж үзэж, ойлгож бас болох юм.
Хамгийн ерөнхий байдлаар “Нэгдүгээрт, Шашин, сүсэг бишрэлдээ хөтлөгддөг, Хоёрдугаарт, Аль нэгэн үзэл сурталд (шашнаас өөр) хөтлөгддөг, Гуравдугаарт, Зөвхөн мөнгө, баялагт хөтлөгддөг, Дөрөвдүгээрт, Өмнөх гурвын алинд ч хөтлөгддөггүй, гэхдээ өөрийн гэсэн хөтлөгдөх зүйл, зорилготой” гэж хувааж үзэж болох юм. 
Мухар сүсэгт гүнзгий автсан хүмүүс ихэнхдээ нийгмийн идэвхээр тун ч сул байдаг. Аль нэгэн -измд эргэлтгүй автсан хүмүүс гол төлөв л хоосон хийрхэгсэд болж хувирдаг. Мөнгө, хөрөнгөнд хэт шунагсад бол нийгмийн тустай үйлс, сайн үйлсийн аян, хандив, субботник зэрэгт ганц удаа ч болов оролцолгүй байсаар өөд болцгоодог.
Миний сайн мэдэх жишээ гэхэд л манай орцны 12 айлаас сүүлийн 15 жилд байрныхаа орчныг цэвэрлэх субботникт оролцсон хүн нэг ч байсангүй. Ийм байдлаа мэдрэх, ойлгох, ичих зовох сэтгэл ч тийм хүмүүст байдаггүй бололтой. 2022 оны хавар гэхэд л нийслэл хотын маань захын хэсэг, зарим хороолол хогондоо дарагдчихаад байгаа нь улаанбаатарчуудын мөн л 40 орчим хувь нь нийгмээ, нийслэлээ, нийтийн эрүүл мэндийг гэсэн сэтгэл, зүтгэлгүй байгаагийн илэрхийлэл мөн юм. Гэтэл улаанбаатарчуудын бараг л хагасынх нь унасан газар нь энд, угаасан ус нь энд, сурч хүмүүжиж амьдрал нь дэгжиж, дээшилсэн газар нь, төрөлх сургууль нь энд байгаа шүү дээ. Ядаж л тэр бүхэндээ элэгтэй, сэтгэлтэй байж, сайн сайхныг, цэвэр ариуныг хүсдэггүй юм байх даа... Хогтой хотод, тоостой агаарт, мод зүлэггүй орчинд хүүхдүүд маань, өвгөд хөгшид маань эрүүл, саруул байж чадахгүй шүү дээ. Орчноо цэвэр, ариун, гоёмсог байлгах нь иргэн нэгбүрийн журамт үүрэг билээ.
 
х               х               х
 
Ердийн л нэгэн малчин, ажилчин, сэхээтний байдлаар аж төрж, амьдрал, үйл ажиллагаандаа шашин-зурхайн зан үйлийг ямагт баримталсаар ихэнх хүн хорвоог орхидог нь үнэн болно. Нийгмийн амьдралд аль нэгэн үзэл суртал онц нөлөөтэй байх аваас мөнхүү үзэл суртлын дагуу ярьж, үйлдэж, түүнд үйлчилсээр насаа элээдэг бүлэг хүн бас байнаа. Амьдрал аль ч тал, хэсгээрээ мөнгөн дээр л тогтдог гэж хатуу ойлгочихсон, ихээр ч, бас багаар ч болов мөнгө олохын төлөө бүх бодол, санаа, цаг хугацаагаа зарцуулсаар, бараг л өөр юунд ч сэтгэл гаргахгүй байсаар нас бардаг хүний тоо өссөөр байна. Гэтэл дээр дурдсан гурван бүлэгт хамааруулах боломжгүй, тийм зүйлүүдэд хөтлөгддөггүй, шашин, суртал, мөнгө гурвын алинд нь ч эзэмдүүлээгүй хүмүүс бас олон буй. Тэдний дунд эх орноо, ард түмнээ, Монголоо гэсэн халуун сэтгэл, зүтгэлд хөтлөгдөж монголчуудынхаа үндэсний үзэл, угсаатны дархлаа, ухамсрыг сэргээх, бэхжүүлэх, хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг, зарцуулдаг багаахан бүлэг хүн, оюунлаг иргэд хэзээ ямагт байсаар иржээ. Чухамхүү иймэрдүү бүлэг хүний нуруун дээр л цаг цагийн Монголын нийгэм үүрэгдэж, хувьсаж, хөгжиж байжээ.
 
Тэд бол сүсэг бишрэлд автаж нэгэн насаар мунхарсан биш, аль нэгэн -измд өрөөсгөлөөр хөтлөгдсөн биш, мөнгө хөрөнгө ба нэр алдарт шунаж зөвхөн хувиа хичээдэг биш, эрүүл саруул ухаантай, зохих боловсролтой, эх оронч сэтгэлтэй оюунлаг хүмүүс юм.
 
Шинэхэн түүхийн жишээ, баримт гэхэд л ХХ зууны эхээрх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, монгол хэл, соёлынхоо төлөө тэмцэгчид, ард түмнээ соён гэгээрүүлэхийн төлөө зүтгэгсэд, иргэний боловсрол, шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд тэргүүн зэргийн ач холбогдол өгөгсөд гэсэн оюунлаг иргэдийн цуваа, эгнээ өргөжсөөр байсан нь үнэн юм. Аливаа улс, үндэстэн, нийгэм чухамхүү ийм хүмүүсийн нь тоо, чанар өсөхийн хэрээр л хөгжиж дэвшдэг, өсөж өөдөлдөг бололтой. Боловсрол, хүмүүжлийн системийн үйл ажиллагаа зөв, зохистой байх аваас нийгэмдээ түүчээ болж чадах хүний тоо хэлбэрэлтгүй өсөж байх учиртай. Гэтэл манай, Монголын өнөөдрийн нүүр царай ямар байна вэ? Хот, хөдөө дэх идэвхтэй иргэд, боловсролтой хүмүүс юунд хөтлөгдөж, хаашаа хошуурцгааж байна вэ? Улстөрийн намын удирдлага зөв, шударга байж чадаж байна уу?
Монголын улстөрчид дотор шуналаас хол, авлигаас ангид, хулгай, луйврыг жигшдэг, үнэлж хүндлэгдэхээр нэр төртэй, ёс суртахуунтай хүмүүс цөөн хэд ч гэсэн баймаар даа! Гэтэл сонгогчид, сэтгүүлчид энэ олон улстөрчдөөс хэнийг нь ч магтахгүй юм,... хэнд нь ч итгэхгүй болчихож! 
Энэ цагийн шуналтнууд юу юунаас хумсалж, хулгайлж, хөлжиж, баяжиж байна вэ? Шуналтнууд, тэр дундаас хулхи улстөрчдийн ил далд иддэг, завшдаг, бүртгэл, хяналт нь сул, арав шахам сан хөмрөг, баялаг байгаа юм. Гэтэл тэр сан, баялгууд руу гараа далдуур дүрээгүй цагаан захтан үгүй бололтой. 
 
Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөц, ордууд, Хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгө, Гуравдугаарт, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газрууд, Дөрөвдүгээрт, гадаадын зээл, тусламж, Тавдугаарт, Хөгжлийн банк, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, мал аж ахуй, газар тариаланг дэмжих гэх мэтийн сангууд, Зургадугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгийн даатгалын сан, - энэ бүхэн бол шуналаар өвчилсөн, хулхи улстөрчдийн “найрын ширээний ууц, өвчүү, идээ, будаа” юм. Энэ найрын ширээнд суухын тулд УИХ-ын гишүүн болох, сайд болох, аймгууд ба яамдын эрхтэн, дархтан, эвэр туурайтан болох, иймэрдүү зэрэг, зиндааны албанд чадвал сонгогдож орох, ядвал худалдаж авах хэрэгтэй болдог ажээ. Улс эх орон, аймаг, хот, нийслэлийн удирдлаганд ийм хүмүүс олноороо шургалан орсон байх аваас Монгол орон маань хөгжих үү?
 
Нийгэмд маань иймэрхүү гаж үзэгдэл буй болж газар аваад байгааг нь одоо дээр, дооргүй мэддэг болжээ. Улс орон маань олон улсын хэмжээнд “муу нэртэй, луу данстай” ч болчихжээ. Гэтэл эрх барьж байгаа улстөрийн нам, удирдлага энэний эсрэг хатуу тэмцэл явуулж чадахгүй байна. Тэмцнээ гэж амласаар, тэмцэж буй дүр үзүүлж жүжиглэсээр өнөөдрийг хүрлээ. Гэтэл авлига, хулгай, луйвар улам л газар авсаар, өргөжсөөр. Ийм байдлаар удах юм бол хүмүүс энэ бүхэнд дасаад, дадаад, эсрэг нь тэмцэх биш харин бүр энэ бүхэнд суралцаж, бүр уралдаж, баригддаггүй, хоригддоггүй том авлигачдаар бахархаж, дээдэлж, хүндэлж, хүргэн нь, бэр нь болж эхлэх бизээ...
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу