Caakmedee

Төрийг бойкотолсон ЖДҮ-чид

  • Нийтлэл
  • 2018/11/23

Д.Хаянхярваа гишүүний бланк дээр гарын үсэг зурсан 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы нэгдсэн хуралдаандаа суухгүй гэдгээ УИХ-ын нэр бүхий 32 гишүүн илэрхийлээд байгаа юм.  Засаг, төрийг хямраасан ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон гишүүд хоёр талд өөр, өөрсдийн эрх ашгаа хамгаалах улс төр хийж байна. ЖДҮ-ийн зээлээс УИХ-ын нэр бүхий   13 гишүүн, Ардын засгийн хоёр сайд зээл авсан билээ. 
УИХ-ЫГ БОЙКОТОЛСОН НАЙМАН ЖДҮЧИН
Монгол Улсын төрийн дээд байгууллага бол УИХ. Гэвч сүүлийн өдрүүдэд МАН-ын зодооноос Монголын төрийн дээд байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болоод байна. Учир нь нэр бүхий 32 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах  хүртэл ажил хаялт зарлаад байгаа билээ. Төрийн ажлыг гацаасан гэх шүүмжлэл дагуулаад байгаа тэдгээр 32-ын дунд ЖДҮ-тэй нэр холбогдсон цөөнгүй гишүүн байна. Тухайлбал, ЖДҮХС-аас тэрбум, тэрбумын зээл авсан ЖДҮ-чид УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотлоод байгаа билээ.
Ж.ЭНХБАЯР-1.9 тэрбум
Баянзүрх дүүргийн 50 дугаар  тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолсон ЖДҮ-чдын нэг. "Газар Агро" ХХК, "Газар Буудай" компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Жилийн гурван хувьтай хүүтэй  ЖДҮ-ийн зээлээ "Газар Капитал"-аараа дамжуулан 36 хувийн хүүтэйгээр эргэлдүүлж мөнгө угаасан уу  гэх хардлага, шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Н.УЧРАЛ-950 сая
Төрд төлөөлөл болгон илгээсэн сонгогчдынхоо итгэлийг алдаж, чуулганы нэгдсэн хуралдаандаа суухгүй, ажил хаялт зарлаад байгаа Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал аав Н.Ням-Осорын эзэмшлийн "Хүннү" группээрээ дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. ЖДҮ-ийн дуулиан дэгдсэний дараа буцаагаад төлчихнө гэсэн мэдэгдэл хийсэн нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм.
Г.СОЛТАН-950 сая
"Монгол шаазан" компанидаа 950 сая төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх гурван хувийн хүүтэй зээлээс авсан тэрбээр "Би зээл авахад нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйхгүй" хэмээн гүрийж яваа гишүүдийн нэг. Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар ажил хаялт зарласан 32 гишүүний нэг билээ.
Х.БОЛОРЧУЛУУН-950 сая
Дорнод аймгийн 14 дүгээр тойргоос сонгогдсон Х.Болорчулуун нь "Дорнод гурил" компанидаа  гурван хувийн хүүтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 сая төгрөгийг авч өгсөн. Тэрбээр "Би зээл авснаа нуухгүй" гэдэг тайлбарыг анх өгсөн. Харин өнөөдөр тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй, төрийн ажлыг бойкотолж байгаа гишүүдийн нэг юм.
А.СҮХБАТ-800 сая
АН-ын гишүүн байснаа МАН-д элсэж, УИХ-ын 2016 оны сонгуулиар 29 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр 800 сая төгрөгийг ЖДҮХС-аас "Түгээмэл түмэн хишиг" ХХК-даа авч өгсөн. "Баримтаа гаргаад ир гэж" томорч байсан тэрбээр өдгөө УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй гэж гарын үсэг зурсан.
Я.СОДБААТАР-2 тэрбум
Зам тээврийн хөгжлийн сайд тэрбээр "Эпато Анарваан" ХХК, "Ти Эс Эм" ХХК-даа 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнийг сайдаас нь огцруулах шаардлагыг албан бус 32-ын бүлгийнхэн тавих болсон. "Эхнэр нь зээл авсан гэдгийг мэдээгүй байсан" гэх тайлбарыг өгөөд байгаа тэрбээр УИХ-ын нэгдсэн хуралдаандаа суухгүй байгаа юм.
О.БАТНАСАН-950 сая
Ховд аймгийн 36 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон О.Батнасан гишүүнийхээ хувиар олонд төдийлөн танигдаагүй бол ЖДҮчид гэдгээрээ илүү танигдсан.   Тэрбээр  "Топ кондитер" гэх компаниараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан.  Төрийн дээд байгууллага болох УИХ-ыг бойкотолж байгаа гишүүнтэйгээ сонгогчид нь танилцана уу.
Б.БАТЗОРИГ-3 тэрбум
ЖДҮХС-аас хувийнхаа "Тээвэр Ачлал" ХК, "Наму дэвжих" ХХК-даа 3 тэрбум төгрөг авсан гэх асуудлаасаа болоод Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудлаасаа огцорсон. Баянхзүрх дүүргийн 52 дугаар тойргоос нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тэрбээр М.Энхболдыг огцортол УИХ-ын үйл ажиллагаандаа оролцохгүй хэмээн ажил хаялт зарлаад байгаа юм.
  ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ДӨРВӨН ЖДҮ-ЧИН
ЖДҮХС-ийн мөнгийг гишүүдэд тараасан, тэдэнтэй хариуцлага тооцоогүй гэж УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар зургаан үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн. Тэдэн дунд дөрвөн ЖДҮчин гарын үсгээ зураад байгаа билээ.
Б.УНДАРМАА-700 сая
СХД-ийн 75 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Доктор МЭИК"-ээрээ дамжуулан ЖДҮХС-гээс 700 сая төгрөгийн зээл авсан.  Хувьдаа том банктай, банк бус төрийн байгууллагатай түүнийг гурван хувийн хүүтэй зээлээ 36 хувийн хүүтэй гаргасан байж магадгүй гэсэн хардлага бий. Тэрбээр ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцохгүй байна гэж У.Хүрэлсүхийн Засгийг газрыг огцруулах бичигт  гарын үсэг зурсан билээ.
Н.ОЮУНДАРЬ-800 сая
Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон тэрбээр ЖДҮХС-аас 800 сая төгрөгийг "Рэд Стар Клуб" ХХК-ийнхаа нэр дээр авсан. "Тэрбээр хүний өмнөөс, хүүгийнхөө өмнөөс уучлалт гуйсан" гишүүн. ЖДҮ-чин сайдтайгаа хариуцлага тооцсонгүй гэж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм.
Б.САРАНЧИМЭГ-800 сая
Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ "Сингапурхэльткейр сентр" ХХК-д жижиг дундын зээлээс 800 сая төгрөг авч өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байгаа. Түүний дүү Б.Наранхүү "Тэр мөнгийг нь төлөөд, дүүдээ нэмээд хоёр тэрбумыг зээлнэ" гэдгээ сэтгүүлчдэд хэлж, багагүй шүүмжлэл дагуулсан. Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойргоос УИХ-ын гишүүн болсон тэрбээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Г.ТЭМҮҮЛЭН-700 сая
Архангай аймгийн нэгдүгээр тойргоос УИХ-ын гишүүн болсон Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа "Спа цогцолбор"-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа. Тэрбээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүний нэг юм.

Б.МЯГМАР
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу