Caakmedee

Парламентын ЗАСАГЛАЛ-д харшилсан ЗУРГАА дахь заалт

  • Нийтлэл
  • 2019/01/21

УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар “УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар албан тушаалаас нь чөлөөлөх” заалтыг тусгасан юм.
 
Өнөөдрийн үйлчилж байгаа УИХ-ын тухай хуулиар “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гээд:
 10.2.1. нас барсан;
 10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд хугацаанаасаа өмнө УИХ-ын даргын бүрэн эрх дуусгавар болох заалттай.
 
Харин үүн дээр “УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах” заалтыг зургаа дахь үндэслэл болгон нэмлээ.
 
Зарим УИХ-ын гишүүдийн зүгээс “УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх нь парламентын дархлаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс гишүүдийн 3/2-ын саналаар чөлөөлөхөөр тусгая” гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан ч олонхийн саналыг авч чадсангүй. Олонхийн ч гэж дээ, УИХ дахь МАН-ын бүлэг талцаж, дээр нь М.Энхболдын болон У.Хүрэлсүхийн гэх фракцид хуваагдан, байнгын үйл ажиллагаатай парламентын 50 хоног гацаасан.  Одоо ч УИХ-ын гацаа бүрэн арилаагүй байгаа.
 
“ЖДҮ”-чид буюу УИХ дахь МАН-ын бүлэг дэх олонхи өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, ирцийг бүрдүүлж, үл ойлголцсон нөхцөлд хуралдаандаа оролцож, ирц бүрдүүлэхгүй гэдийсээр байна. Эрх баригч хүчний хагарал дундаас Ерөнхийлөгч анх удаа санаачилсан хуулиа  намрын чуулганы хэлэлцэх асуудлуудыг ардаа орхин, “ногоон гэрэл”-ээр 100 хувийн саналаар батлуулж чадлаа.   Ерөнхийлөгчийн санаачилсан хууль МАН-ын фракц бүлэглэлийн эрх ашигт нийцсэнээс бус нийгмийн эрэлт, хүсэлтээс хол далий асуудал байлаа.
 
УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хуулийн заалт энэ сарын 25-наас хэрэгжинэ. “60 тэрбум”-ын эсрэг УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцруулах шаардаж, чуулганы үйл ажиллагааг гацааж, Сүхбаатарын талбайд гэр барьж, суулт зарлуулсан нэр бүхий гишүүд эдүгээ гарын үсэг цуглуулах ажилдаа хэдийнэ орсон дуулдсан.
 
Үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийн зарлах” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан гарын үсэг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн 7 гишүүн дээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар зэрэг 14 орчим гишүүн гарын үсгээ зураад байгаа. УИХ-ыг тараах төсөлд гишүүдийн 3/2 нь гарын үсэг зурснаар өргөн баригдаж, батлагдана.
 
Харин жагсаалт цуглаан зохион байгуулж байгаа зарим нэр бүхий гишүүдэд УИХ-ын даргыг огцруулах нь нэн тэргүүний зорилт болохоос УИХ-ыг тарааж, бүрэн эрхээсээ татгалзах чин хүсэл огтоос байхгүй дэг.
 
Ийнхүү энэ долоо хоногт УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх хуулийг хэрэгжиж эхлэхийг хүлээж, гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх өргөдлийг барихаар гарын үсгээ зурж, төслөө бэлэн болгосон байгаа биз ээ.
 
УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлдөг боллоо, одоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг олонхийн саналаар чөлөөлдөг болгоё гэх бор шувуу ч нэгэнтээ жиргээд эхэлсэн.
 
Эрх мэдэл, албан тушаалаа булаацалдаж, хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн баталсан энэ УИХ түүхэндээ ямар мөр үлдээснийг цаг хугацаа л харуулна. Гэхдээ л олны үг, мэргэжлийнхний дүгнэлт хол зөрдөггүй, хэн нэгнийг албан тушаалаас нь түлхэн буулгах тэмцэл, парламентын дархлааг ч хамт сулрууллаа. Аль ч парламентын үед УИХ-ын гишүүд санаачилсан хуулиа хэлэлцэх асуудалд тусгахгүй, батлахгүй байна гэж гомдоллодог. Бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд ганцхан хууль санаачлаад, тэр нь олонхийн дэмжлэг ч авч чадахгүй болохоор парламент  руу бурууг чихдэг ч талтай. Хавар, намрын чуулганы хугацаанд миний санаачилсан хуулийн төсөл батлагдсангүй" гээд бараг хэд хэдэн гишүүн хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийдэг. Дараа дараагийн парламентаар, магадгүй УИХ-ын дарга М.Энхболд огцрох нь тодорхой болсон энэ парламентын үед ч дараагийн УИХ-ын дарга хэн байхаас үл хамаарч, санаачилсан хуулийг нь хэлэлцүүлж, батлуулаагүй тохиолдолд гомдоллосон гишүүд "УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл санаачлаад хэлэлцүүлэх юм байна л даа. Энэ нь гишүүдийн хууль санаачлах бүрэн эрх, үндсэн ажил нь.  Ийнхүү парламентын засаглалын дархлаанд УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлүүлэх Төрийн тэргүүний санаалчилсан хууль харшилж, төрийн дархлааг сулруулах сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг ажиглагчид андахгүй хэлээд байгаа юм. 
Н.Энхбат
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу