Цан хүүрэг татуулсан цас мөсний орноос өвлийн өвгөн аав нь хүрэлцэн ирлээ. Улирах оноо амжилт бүтээлээр үдэж ирэх оноо аз жаргал, баяр хөөртэйгөөр угтаарай хэмээн найраглах хүн бүрийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр хаяанд иржээ. Тогтсон жишгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд баяр дээр баяр нэмж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөж, хамт олноороо халуун дулаан эерэг уур амьсгалыг бүрдүүлж мартагдахааргүй түүхийг бүтээхээс татгалздаггүй. Үүнтэй зэрэгцэн хамтлаг дуучид ч ажилдаа шамдан орсныг тэд өөрсдийн цахим хаягаар дамжуулан захиалгаа авч эхэллээ гэх утга бүхий пост нийтэлж эхэллээ. Ийн тэдний эрэлт ихсэж байгуулллага, аж ахуйн нэгжүүд аль хэдийн тэдний эрэлд гарч. Аливаа арга хэмжээг дуу хуургүйгээр төсөөлөшгүй.
Тэгвэл шинэ жилийн арга хэмжээнд уригдах хөтлөгч, уран бүтээлчид хэдэн төгрөгийн ханш тогтоосон талаарх мэдээллийг хүргэе. Шинэ жилийн баяраар 80-90 оны сор болсон уран бүтээлчид энэ цаг үеийн од болж яваа залуу хамтлаг дуучид хүртэл ая дуугаа хүргэж ашгийн төлөө ажиллахыг эрмэлздэг. Тэдний хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал, энэ жил рок, попын хамтлаг дуучид 1-5 сая төгрөгийн ханштай дуулах юм байна. Зохиолын дуучдын хувьд мөн ялгаагүй нэг саяас дөрвөн сая төгрөгийн ханштай байх нь. Ийн олны өмнө баярт ая дуугаа өргөх хамтлаг, дуучид, хөтлөгчид, өвлийн өвгөн, цасан охид дараах ханшийг тогтоогоод байна.
Бүх цаг үед эрэлттэй байдаг монголын рок попын томоохон төлөөлөл, амьд домог гэгдэх Хурд хамтлаг 4-5 дууг 12-15 сая төгрөгөөр дуулж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх аж. МУГЖ Т.Ариунаа болон Б.Сарантуяа нар тус бүр таван сая төгрөгөөр дуулах бол содон имиж, энэ цаг үеийн үлгэр дууриал рок попын салбарт гялалзаж, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө нэгэнт олны анхаарлыг татсан бүсгүй бол Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр /Ука/ билээ. Түүний хувьд шинэ жилийн баярын арга хэмжээнд дөрвөн сая төгрөгөөр дуулах гэнэ. Үүний дараагаар рок попын ертөнцөд ганхашгүй байр суурийг бий болгосон В продакшны захирал Төрийн соёрхолт дуучин Д.Болд хоёр дууг таван сая төгрөгөөр дуулах юм. Хайрын дуугаар хосгүй сайхан хоршдог А.Хишигдалай, С.Зоригт нар 3.5 сая төгрөгөөр 2-3 дууг дуулах аж. Цаашлаад “Voice of Mongolia” шоунд оролцсоноос хойш ард түмний хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ олон бүсгүйчүүдийн краш гэгдэх Э.Дашням шинэ жилийн үйл ажиллагаанд нэг сая төгрөгөөр дуулах гэнэ. Түүний хувьд саяхан бие даасан тоглолтоо хийж үзэгч, фэнүүдийнхээ сэтгэлийг мялаагаад буй юм.
Харин энэ үеэр аль болох олон үйл ажиллагаан дээр уригдахыг уран бүтээлчид илүүд үздэг. Ингэхдээ хоцролгүй очихын тулд цагдаа болон түргэн тусламжийн машиныг түрээсэлдэг тухай дуучин Д.Отгонжаргал өөрийн цахим хаягтаа жиргэжээ. Харин үүний үнэн эсэхийг тодруулахад, саяхан нэгэн үйл ажиллагаанд очиход хөтлөгч нь ийн ярьсан. Үнэхээр ийм явдал байдаг үгүйг мэдэхийн тулд тухайн постыг оруулсанаас өөр зүйлгүй хэмээв. Дуучин Д.Отгонжаргал байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хоёр сая төгрөгөөр дуулдаг байна. Түүний хэлсэн энэ нөхцөл байдал үнэний ортой бол урлагийнхан мөнгөний төлөө ийн хүнлэг бус загнаж болохгүй гэлтэй.
Бүсгүйчүүдийн дунд тренд болж буй дуучин Серёжа дөрвөн сая төгрөгөөр дуулна
Харин хип хоп ертөнцийн залуу бүтээлчид шинэ жилийн үеэр уран бүтээлээ хэдэн төгрөгөөр олны сонорт хүргэх талаар дурдахад, Бороо дуугаар алдаршсан реппер Mrs.M, Ginjin нар 3-4 дууг 2.5-4 сая, реппер Gee 3.5 сая, Батух 1.5 сая, Thunder дөрвөн сая, Desant 2-3 дууг гурван сая, Тоонот рекордсын уран бүтээлчид 17.5 сая, охид бүсгүйчүүдийн дунд тренд болоод буй дуучин залуу Seryoja 2-3 дууг дөрвөн сая төгрөгөөр тус тус дуулах юм. Харин нийтийн дуучдын тухайд Д.Сөрөлт, Б.Түмэн-Өлзий нар хоёр сая, Г.Эрдэнэчимэг нэг сая 500 мянга, Э.Чулуунчимэг нэг сая төгрөгийн ханштай байна.
Шинэ жилийн арга хэмжээг чимэхийн зэрэгцээ, халуун дулаан уур амьсгал нэмдэг үзүүлбэр бол өвлийн өвгөн, цасан охид байдаг. Харин энэхүү эрхэм үүргийг ард түмэндээ Хасар Жагаа хэмээн хүндлэгдсэн МУГЖ Б.Жаргалсайхан нэр төртэйгөөр гүйцэтгэдэг. Түүний хувьд 18 дахь жилдээ өвлийн өвгөн болох гэж буй. Түүнийг урьж баярын арга хэмжээгээ өнгөлөх байгууллага цөөнгүй байдаг. Тэгвэл МУГЖ Б.Жаргалсайхан байгууллага хамт олны шинэ жилийн арга хэмжээн дээр цасан охидын хамт очиход нэг сая таван зуун мөнгөн төгрөгийн ханштай аж.
Энэ мэт энэ жилийн үнийн өсөлтийг дагаж хувьсан өөрчлөгдсөн нь энэ. Харин арга хэмжээг эхлэхээс дуусах хүртэл хөгжөөдөг хөтлөгчид хамтлаг дуучдаас дутахааргүй үнэ ханштай болж. Үүнийг тодотговол, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Э.Ууганбаяр 6-7 сая төгрөгийн ханштай байна. Харин хошин урлагийн жүжигчин О.Тэмүүжин, Г.Алтаншагай зэрэг хөтлөгчид дөрвөн сая төгрөгөөр баярын үйл ажиллагааг хөтлөх гэнэ. Ийн Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдгийн адил урлагийхан шинэ жил болон цагаан сарын баяраар түнтийтэл ашиг орлого хуримтлуулдаг гэдэгтэй маргах хүн үгүй. Үнэн хэрэгтээ тэд шинэ жилээр байр, машины мөнгөөр зогсохгүй ашигтай ажилладаг. Тэдний карьер өндөр эрэлттэй байхын хэрээр үнэ өртөг нь дагаад өсдөг бичигдээгүй хуультай. Ийн байгууллага, аж ахуйн нэгж, сургуулиуд шинэ жилийн баяраараа урлаг соёлын алдартнуудтай нэгэн оройг өнгөрөөхийн тулд шаггүй их мөнгө төсөвлөж таарах нь. Хамгийн багадаа 10 сая төгрөгийг урлагийнханд зарцуулах юм.
Шинэ жилийн баяр эхлэхэд нэг сарын хугацаа үлдсэн байхад урлагийнхны үнэ ханш ийм байна. Магадгүй өдөр хоног ойртох тусам энэ үнэ хэд ч болж мэдэхээр. Өөрөөр хэлбэл, албан байгууллагын онцлог, тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн хэтийдсэн тэнгэрт тулсан өндөр үнээр дуулах вий гэх олны хардлага байгааг нуух юун. Өмнөх жилүүдэд ч ийм тохиолдол хаа нэгтээ гарч байж. Одоогийн тогтоосон үнийн дүнгээс харахад нэг байгууллага гэхэд хамгийн багадаа 10 сая төгрөгөөр урлагийнхныг урьж оролцуулахаас наашгүй болж байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН