Caakmedee

Дулааны үнийг биш халаалтыг нэмүүлье

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/12/14

Дулааны үнийг биш халаалтыг нэмүүлье

 

Идэр ес эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдэж. Өвлийн хүйтэнтэй нийслэлчүүд золгоод үндсэндээ хоёр сар гаруй хугацаа болж байгаа. Энэ өдрүүдэд  халаалт доголдож даарч суухаас өөр аргагүйд хүрч байгааг  олон иргэн хэлж байна. Тэр дундаа сургууль, цэцэрлэг халаалтаа бүрэн авч чадахгүйд хүрснийг хэлэх хүмүүс ч  байсаар.  Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 16 болон 133 дугаар сургууль, хотын захад байрлах 170 дугаар цэцэрлэгийн халаалт муу учир хүүхдүүд даарч байгааг эцэг эхчүүд хэлж буй юм. Ийн Нийслэлийн ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгүүдийн өмнө тулгамдаад буй асуудал нь халаалт боллоо. Бид сурагчид болон багш, ажилчид ямар орчинд ажиллаж хичээллэж байгааг сурвалжиллаа.


Уг нь өдийд халаалт жигдэрсэн байх цаг. Гэтэл нийслэлийн иргэд халаалт үе үе доголдож осгохоос наагуур байгаа гэдгийг хэлсээр байгаа юм. Тэрбээр орон сууцны оршин суугчид олон нийтийн цахим сүлжээгээр өмнөх жилүүдийнхээс халаалт эрс муудсан. Шөнө нь шатаах шахам байчихаад өдөр нь  бараг халаалтгүй шахуу өнжиж байна. Тэгсэн хэрнээ халаалтын төлбөр өндөр гарах юм хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа харагдана.

 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД АНГИДАА ЦАХИЛГААН ХАЛААГУУР ЗАЛГАН ДУЛААЦАЖ БАЙНА

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн үүдээр ормогц салхи сэвэлзэж, жиндүү орчин угтлаа. Хичээлийнхээ ээлжийг хүлээж буй багш сурагчид гадуур хувцастайгаа халаагуур бараадан нэг дороо бөөгнөрч байв. Тус сургуулийн жижүүр өдөржин үүдэнд зогсохоор даардаг. Сургуулийн халаалт муу байгаа хэмээн ярих нь тэр. Ямартай ч  тус сургууль  хүйтэн өдрүүд  эхэлснээс хойш дулаан гэдгийг үзээгүй сургуулиудын нэг бололтой.  Нэг давхарт байрлах анги танхим жиндүү байхын хажуугаар сургууль том тайлбайтай учир мөддөө дулаацдаггүй гээд зовлон мундахгүй байдаг гэнэ.

Сурагчид гадуур хувцасныхаа дотуур зузаан цамцтай ирдэг учир энэ хүйтэн өдрүүдийг ажралгүй давсаар байна. Ийн суралцах орчин хүйтэн тул хүүхэд анхаарал нь төвлөрч сууж чадахгүй бөгөөд хонх дуугарах агшинг тэсэн ядан хүлээдэг хэмээн ярих нэгэн ч байна. Өглөө, өдрийн ээлжний сурагчид энэ жишгээр хичээллээд уджээ.

Энэ тухайд тус сургуулийн Нийгмийн ажилтан хэлэхдээ, өмнөх жилүүдэд ийм хүйтэн байсангүй. Манай сургууль хүйтэрснээс хойш нөхцөл байдал зутруухан байсан. Аргаа бараад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж ирж сурвалжилж өгөөч хэмээн гуйсан. Ингэсний ачаар дулааны сүлжээ компанийн ажилчид ирж шугам, хоолойг шалгаад хэвийн байна гээд явчихсан. Үүний дараагаар өөрийн эрхгүй халаалт үл ялиг нэмэгдсэн. Гэхдээ хангалттай дулаан байж чадахгүй байгаа. Цаанаасаа хангалттай хэмжээний дулааны даралт явуулахгүй учир хүйтэн байх нь аргагүй хэмээв.

Тус сургуулийн номын санчийн өрөөгөөр ороход цахилгаан халаагуур залгаж дулаацаж байгаагаа хэллээ. Мөн дөрөв болон нэг давхар нь илүү хүйтэн байх аж. Ийн слесарийн өрөөгөөр ороход дулааны шугамны даралтын сум дөрвөөс дээш хөдлөхгүй байсан юм. Слесарь хэлэхдээ даралт тав руу орж байж сургуулийг бүрэн халаана. Одоогоор нэг давхрын ихэнх паар халахгүй байгаа. Энэ сум өсөхгүй байгаа учраас тэр. Шөнөдөө даралт өндөр болчихдог. Үүрээр 06.00 цагт ирэхэд жигтэйхэн халуун байдаг. Үүнээс хойш даралт уначихдаг. Өөрөөр хэлбэл, дулаанд хязгаарлалт хийгээд байна гэж хардаж байгаа юм.

 

 

Өдөр нь хөлдөөхөөс наагуур шөнө нь шатаачих гээд байдаг болсон. Багш, сурагчид хүйтэн байна гэдгийг удаа дараа хэлж байгаа ч дорвитой арга хэмжээ  авч чадсангүй өдий хүрлээ. Хэмнэнэ гээд байгаа нь энэ юм байлгүй гэж ойлгосон. Зарцуулалтын дүн л нэмэгдсэн дулаан нэмэгдсэнгүй хэмээн сургуулийн ажилчид ам уралдан ярьсан юм. Ямартай ч дуулбал дуу нэг дугтарбал хүч нэг гэдгийн адил Нийслэлийн ерөнхий  боловсролын 16 дугаар сургуулийн багш, сурагч, ажилчид дуу нэгтэйгээр үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ мэт сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Цаашлаад хүүхдүүд даарсанаас болж тав  тухтай сууж ч чадахгүй байгаагийн нэг илрэл юм. Тус сургуулийн дулаан хангалтгүй байгаа учир дахин нэмэхийг хүсч байгаа аж.

Ийн хотын зах буюу гэр хорооллын сургууль цэцэрлэг мөн адил хүйтэнтэй нүүр тулсаар байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэг өнгөрөгч аравдугаар сараас эхлэн хүйтэн нөхцөлд хүүхдүүдээ байлгаж байгаа бөгөөд зарим  анги эцэг эхчүүдийн тусламжтайгаар 180 мянган төгрөгийн цахилгаан халаагуур авчээ. Ингэснээр тэнхим дулаацсан гэдгийг багш нар хэлж байна. Энэ цэцэрлэгийн тухайд уулын бэлд цаашлаад хөрсний ус ихээр гардаг газарт баригдсан. Тийм учир хананаасаа чийгтдэг байна. Дайны хажуугаар дажин гэгчээр бас хүйтэн гээд асуудал их аж. Эцэг эхчүүд цэцэрлэг хүйтэн учир бага насны хүүхдүүдээ явуулахгүй байгаа гэдгийг ч хэлж байлаа. Тус цэцэрлэг жилийн жилд хүйтэн байдаг гэдгийг онцлох нэгэн ч байсан юм. Ийм орчинд хүүхдүүдийн хоолой өвдөж ханиад томуугаар өвчлөх нь  ихэсдэг байна. Үүнээс үзэхэд нийслэлийн захын болон төвийн сургууль цэцэрлэг, орон сууцад халаалт доголдож хүйтэн байгаа нь үнэн юм. Хүйтэн өдрүүдийг арай гэж давж өдөр хоногийг аргацааж байгаа сургууль, цэцэрлэг үүгээр зогсохгүй. 

 

Иймд нийслэлийг дулаанаар хангадаг Дулааны сүлжээ ТӨХК-ны мэргэжилтэн Б.Ганхуягаас уг асуудлын талаар тодруулсан юм.


-Нийслэлийн ихэнх орон сууцны оршин суугчид дулаан хангалтгүй байна гэх  гомдол гаргах боллоо. Хаанаа алдаа байна вэ?

-Манайх дулааныг хангалттай түвшинд өгч байна. Саяхан Амгалан цахилгаан станцад гэмтэл гарсан түүнийг засварласан өөр алдаа дутагдал алга.

-Орон сууц гэлтгүй сургууль, цэцэрлэг өдрийн цагаар дулаан хангалтгүй байна.Харин шөнө нь дулаан дээд цэгтээ хүрчихдэг гэж байна. Өөрөөр хэлбэл, өдөр нь ачааллаа даахгүйгээс үүдэн дулааныг хэмнэж, хязгаарлаад байна уу хэмээн хардаж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Одоогоор дулааныг хэмнэсэн зүйл байхгүй. Хэрэв дулаан хангалтгүй байгаа бол тухайн орон сууцны конторт гомдол гаргах боломжтой. Орон сууцны дулааныг контор хариуцдаг. Тэд л ихэсгэж багасгадаг юм байлгүй. Сургууль, цэцэрлэгт бол хангалттай дулаан өгч байна. Хэвийн  горимд бий. Дулааны сүлжээ төрийн өмчит компани жигд хэмээр дулааныг нийслэлд түгээж байгаа. Хаана ямар горимын алдаа гарсаныг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч хэмнэлт хязгааралт хийсэн зүйл байхгүй гэсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд Амгалан дулааны цахилгаан станцын III зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26 ,36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн дулаан болон халуун усны хэрэглээ хязгаарлагдаад байсан. Уг гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж хэвийн горимд шилжүүлсэн гэж мэдээлсэн ч иргэд одоо болтол дулаан хангаалтгүй байгааг олон нийтийн цахим сүлжээгээр хэлж байна. Тус цахилгаан станц нь нийт 348 мВт-ын хүчин чадалтай хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм. Үүнээс үзэхэд нийслэлчүүдийн дулааны ачааллыг үнэхээр даахгүй байгаагийн илрэл үү гэмээр.

Эрчим хүчний сайд асан  Н.Тавинбэх “Олон сарын өмнө эрчим хүчний засварын ажил хэрэглэгддэг тоног төхөөрөмж 100 хувийн импортоор авдаг. Дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлтөд эрчим хүчний салбар хамгийн их нэрвэгдэж байна. Мөн хил гаалийн гацалтын улмаас зун хийх ёстой засварын ажилд шаардлагатай сэлбэг,  материалууд орж ирээгүй. Үүнээс харахад урьдчилж шинэчлэлт хийж чадаагүй учраас ирэх өвөл нийслэлчүүд хөлдөх эрсдэлтэй нүүр тулж магадгүй гэдэг нь үнэний ортой болж мэдэхээр. Ес эхлээгүй байхад орон сууцны контор нь дулаанаа хязгаарлаж, сургууль цэцэрлэгийн дулааныг хүртэл хэмнэх горимоор ажиллаж байгаа нь үүний дохио юм уу.

Уг нь 2022-2023 оны халаалтын улирлын өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан хэмээн мэдэгдээд байсан. Гэтэл бодит байдал дээр дутуу гэмээр харагдаж байгааг нуух юун. Энэ байдал удаан үргэлжилбэл Дулааны сүлжээ компани нийт хэрэглэгчдийнхээ үнэнтэй нийцэхээс өөр сонголт үгүй болно биз.

Б.ОЮУНЖАРГАЛ

ЭХ СУРВАЛЖ ӨДРИЙН СОНИН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу