Caakmedee

Хөгжил хурайлсан сайхан нутаг

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/11/21

 Дэ Хун жөү Манг Ши хотын Сань Тайшань Дэ Ан үндэстний суурины Чү Дүнггуа эртний тосгоын жуулчны бааз

 

Дэ Аны үндэстэн

   Жилийн турш өнгийн цэцэг дэлгэрч, жимс жимсгэнийн үнэр ханхалдаг Юньнань мужийн Дэ Хун жөүд “Олон улсын сэтгүүлчдийн Дэ Хун дахь сурвалжилга"-ын үйл ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 05-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Юньнань муж нь Хятад улсын 23 мужийн нэг бөгөөд баруун өмнөд бүс нутагт байрлана. Баруун захаараа Мьянмар, өмнөд захаараа Лаос, Вьетнамтай хиллэдэг. Нийт 394.1 мянган квадрат километр талбайтай.

Газрын хишиг газартаа

 Номин ногоон ойгоор хучигдсан уул нурууд нь тэнгэртэйгээ залгалдан, уушги зүрхийг ариутгах соргог сайхан өвсний үнэртэй энэ нутгийн өнгө шимтэй хөрс нь өргөн олон түмэндээ үр өгөөжөө хүртээх нь үнэн билээ. Хятад улсын хэмжээнд Дэ Ан үндэстэн аж төрж байгаа Юньнань мужийн Дэ Хун жөү Манг Ши хотын Сань Тайшань суурины Дэ Ан үндэстний суурин нь сүүлийн жилүүдэд төр засгийн дэмжлэг болон үндэстний өв соёлыг залгамжлан хамгаалах дэмжлэгээр 50 сая юанийн хөрөнгө оруулалтаар Сань Тайшань Дэ Ан үндэстний суурины Чү Дүнггуа хэмээх эртний тосгоныг шинэчлэн байгуулж, зам тээвэр, бохир ус, гудамжны гэрэл, аялал жуулчлалд дэмжлэг үзүүлэх барилга байгууламж зэрэг суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг хийж байгаа бөгөөд Биет бус соёлын дээд сургууль, Дэ Аны үлгэр жишээ коридор, Исгэлэн цайны туршилтын семинар, Дуу бүжгийн туршилтын талбай зэргийг бүтээн байгуулж, Чү Дүнггуа тосгоныг Хятад улсын Дэ Ан үндэстний соёлын судалгаа, соёлын солилцоо, соёлын аялал жуулчлалын тод тэмдэг болгон бүтээн байгуулж байна.

      Энэ нутгаас хайрласан жимс жимсгэнэ, цайны буянаар ажил үйлсээ дэлгэрүүлж, ашиг шимийг нь азтай хүртэн, аз жаргалтай амьдралаа цогцлоож яваа нэгэн бол Жао Латүй юм. Мужийн зэрэглэлийн хөдөлмөрийн жишээчээр үнэлэгдсэн тэрээр гэр бүлийн жуулчны бааз ажиллуулж, ойр хавын иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ исгэлэн цайны их мастер, биет бус соёлын өвийн залгамжлагчийн хувьд шавь бэлтгэн сургалт явуулж, тосгоны иргэдийг уриалан цайны аж үйлдвэрийг хөгжүүлж, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээ олон түмэнд таниулж байна.

Жао Латүй гэр бүлийн жуулчны бааз танилцууллаа

Сань Тайшань шянгын  тариаланчдад үйлчлэх төвийн ЖиньГүй исгэлэн цай хийх аргыг танилцууллаа

   Тэрээр “2009 онд гэр бүлийн жуулчны баазаа нээх үед шороон замтай байсан. Гэр бүлийн жуулчны бааз, цайны жилийн орлого 20-30 мянган юань байсан. Жуулчид жилээс жилд нэмэгдэж, гэр бүлийн жуулчны баазын цэвэр орлого жилд 300 мянган юаньд хүрээд байна. Үүнээс гадна уул усныхаа ачаар экологийн үржүүлгийн ферм байгуулж байгаа. 2018 онд “Шан Шанжү” хэмээх жуулчны компани байгуулж ажиллуулсан. Цаашид гэр бүлийн жуулчны баазыг өргөтгөн исгэлэн цайны үйлдвэр байгуулан, цайны чанарыг улам бүр сайжруулж, олон хүнд таниулах хүсэлтэй байна” хэмээн сэтгэл дүүрэн ярьж байлаа.

 Түүх, соёлын баялаг нөөцтэй тус нутаг нь “Намын бүтээн байгуулалт + Компани + Соёл аялал жуулчлал” хөгжлийн санаачилгын дагуу соёл аялал жуулчлал ба орон нутгийн онцгой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, самрын талбай 46 мянган мү (1 га = 15 мү)-д хүрч нэг хүнд дунджаар 5.8 мү талбай ногдож байгаа юм.

 Юньнань мужийн Дэ Хун жөү Ман Ши хотын Сань Тайшань Дэ Ан үндэстний суурины Намын хорооны нарийн бичгийн дарга Инь Шиньюүнг Дэ Ан үлгэр жишээ коридорыг танилцуулж байгаа нь

Сурвалжлагч самар хагалж үзлээ

Хятадын Дэ Аны үндэстний музей

  Сань Тайшань Дэ Ан үндэстний суурины Намын хорооны нарийн бичгийн дарга Инь Шиньюүнг “Сүүлийн жилүүдэд самрын үнэ тогтвортой байгаа. Тосгоны иргэдийн орлого жилээс жилд нэмэгдэж, дундаж орлого жилд 50 мянган юаньд хүрч байна. Самрын аж үйлдвэрлэлийг голлохоос гадна чихрийн нишингэ, хан боргоцойн аж үйлдвэрлэл зэргийг хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэн зарим өрхийн жилийн орлого 10 манган юаньд хүрч байна” гэж ярилаа.

 Дай үндэстний эртний суурин

   Очсон газар бүр нь харц булаадаг ганган байгаль нь хөдөө тосгоны соёл аялал жуулчлалын нэгэн сайхан өнгө төрх болох нь дамжиггүй. Дэ Хун жөү нь үндэстний баялаг түүх соёлд суурилан 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Дай үндэстний түүх соёл, идээ ундаа, зан заншлыг харуулсан өвөрмөц онцлог бүхий жуулчны баазыг байгуулж, 2020 оны 08 дугаар сараас ашиглалтад оруулснаас хойш гадаад дотооын 2 сая жуулчин хүлээн авчээ. Орон нутгийн онцлогийг харуулсан аж үйлдвэрлэлээ хөгжүүлэн аж амьдралаа өөдөө татаж яваа энэ нутагт аз жаргалын дуу цуурайтаж, тансаг амьдрал цэцэглэнэ.

 

Итгэл сэтгэлээр өрнөх үйл хэрэг

   Уулс хөхрөн цэцэг дэлгэрсэн уран байгальдаа шинэ зуунтай алхаа нэгтгэн, олон төрлийн машин тоног төхөөрөмжийг ажиллуулан, аж ахуйн үр ашгийг дэлгэрүүлж буй Рүй Ли аж үйлдвэрийн парк болон Лүнчуань шяний Жанфэн аж үйлдвэрийн паркт байрлах компаниудтай 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд танилцсан билээ.

Мяньгуна малгайн үйлдвэр

                   Мяньгуна малгайн үйлдвэрлэлийн дарга ЧэньШилэ малгай үйлдвэрлэх ажлыг танилцууллаа

Мяньгуна малгайн үйлдвэр

   2006 онд байгуулагдсан Рүй Ли аж үйлдвэрийн парк нь Юньнань мужийн мужийн зэрэглэлийн 30 аж үйлдвэрийн паркийн нэг бөгөөд тус мужийн арван тэрбумын бүтээн байгуулалттай 50 паркийн нэг болно. Тус парк нь Хятад улсаас өмнөд Ази, зүүн өмнөд Азид хандсан импорт, экспорт, боловсруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Мяньгуна малгайн үйлдвэрлэлийн компани, Рүй Ли хотын Шанбао электрон тоног үйлдвэрлэх ХХК нь Рүй Ли хотын аж үйлдвэрийн паркийн импорт, экспортын боловсруулалт, үйлдвэрлэлийн баазад байрладаг. Үйлдвэрийн тасагт Хятад, Мьянмарын  хэдэн зуун ажилтан малгай авах завгүй ажиллана. Мяньгуна малгайн үйлдвэрлэлийн компани 8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулж, спорт малгай, хувцас зэргийг голчлон үйлдвэрлэж, Европын улс оронд экспортолж байгаа юм.

Шанбао электрон тоног үйлдвэрлэх ХХК-ийн Ли Жаошя сурвалжилга өглөө

Шанбао электрон тоног үйлдвэрлэх компанийн ажилтнууд ажлын байрандаа

Шанбао электрон тоног үйлдвэрлэх компанид ажиллаж байгаа Мьянмар улсын ажилтан сурвалжилга өглөө

   Шанбао электрон тоног үйлдвэрлэх ХХК нь 60 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 03 дугаар сард албан ёсоор ашиглалтад орсноос хойш 2020 онд үйлдвэрлэлийн нийт өртөг 25 сая юань, татварын төлбөр 3.07 сая юаньд хүрсэн бол 2021 онд нийт өртөг 45 сая юань, татварын төлбөр 4.2 сая юаньд тус тус хүрчээ.

   Коронавирусний дэгдэлтийн нөхцөл байдалд тус компаниуд тахлаас чанд сэргийлж, өдөр тутмын ариутгалаас эхлэн ажилтнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн аюулгүй байдлыг хамгаалж, итгэл зоригийг нь эрчилж, хамтын хүчин чармайлтаар цар тахлын хугацаанд компаниа хэвийн ажиллуулж, гадаад дотоодын хэрэгцээг ханган, үр ашигтай ажиллаж иржээ. Шанбао электрон тоног үйлдвэрлэх компанийн ажилтан Ли Жаошя “Цар тахлын хугацаанд бид ажилчдын хоол хүнсээс бие сэтгэцийн эрүүл мэндийг боломжийн нөхцлөөр хангаж, цар тахлаас сэргийлэн даван туулах эрч хүчийг чангатгаж, Хятад, Мьянмарын ажилтнууд маань сэтгэл нэгтэй ажилласаар ирсэн” гэж итгэл дүүрэн ярьж байлаа.

   Мьянмар улсын ажилтан Гэ Дитэ “Би энд ажилласандаа маш их баяртай байна. Ажлын нөхцөл боломж, цалин мөнгөний талд их таатай байна” гэж ярилаа.

    Итгэл сэтгэлийн хүчинд ирээдүйн үйлс босдог. Хөхийн сүндэрлэсэн уул нуруудынхаа энгэрт шинэ үетэй дөрөө нийлүүлэн хөгжлийн жолоо татаж яваа аж ахуйн нэгжүүд нь энэ нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь гарцаагүй билээ.

 

Зохиогч: Хан Хуншя, Т.Буянхишиг
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж: Солонго
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу