Caakmedee

ОЛОН ӨНГӨ: Гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрахын садаа

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/01/05

ОЛОН ӨНГӨ: Гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрахын садаа

 

Иргэн баян бол улс баян гэлцдэг. Энэ жил өрх айлууд гэлтгүй улс орон ч их өр төлөх нь тодорхой болсон. Ард иргэд туйлдаж, багтарсандаа жагсаж тэмцсээр өнгөрөгч оны сүүлийн сарыг үдлээ. Гэвч ирэх хавар нөхцөл байдал улам л хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж буй. Цалингийн, ипотекийн, хэрэглээний зээл дээр нэмээд үүдний дэлгүүртээ өр бичүүлээгүй хүн энэ улсад ховор биз. “Цаг цагтаа цадна, цагаан сараар нэг цадна” гэдэг шиг шинэ оноо угтахдаа бид хамаг мөнгөө шавхаж байдгаа барьж баярын ширээгээ зассан. Монгол хүн амны билэгээрээ өөдөлдөг гэдэгчлэн шинэ ондоо элбэг дэлбэг байхын тулд зассан ширээ нь хүртэл өр зээлээр олсон мөнгөөр бүтсэн нь баяр дагасан нулимс гэлтэй.

 

Харин үүнийг иргэдийн арчаагүй байдлаас үүсдэг асуудал гэж шүүмжлэгчид байдаг. Мэдээж сайхан амьдралын төлөө иргэн өөрөө хичээх, хөдөлмөрлөх нь зүйн хэрэг. Даанч цаагуур нь улс орны толгойд байгаа удирдагчид буруу бодлого хэрэгжүүлсээр байвал бид мянга хичээгээд нэмэргүй. Ажилгүйдэл ихэслээ, ажил хийх хүн олдохгүй байна л гэлцэнэ. Хийсэн ажлыг нь үнэлэхгүй, авсан цалингаараа амьжиргааны хэрэгцээгээ хангаж дийлэхгүй бол ямар ч хүн бухимдана. Амьтанд хүртэл хоол тэжээлийг нь дутуу өгвөл өлсөж харангадан, зан ааш нь эвдрэх биз.

 

Туулын мөсийг долоохоос бусдыг хийж олсон хэдэн цааснаас нь авах татвараа өсгөсөөр байвал тун удалгүй энэ улсад аль ч насны хүн амьдрахыг хүсэхгүй. Хоосорсон тэтгэврийн сангийн мөнгийг төлсөн татвараараа нөхөн, хэдэн настнаа тэтгэх гэж хоногийн хоолоо хугаслан зүтгэж буй хөдөлмөрийн насныхныг өрөвдөх өчүүхэн сэтгэл дээр байгаа хэдэд маань даан ч алга даа. Угтаа бид зүтгэсээр л байгаа. Гэвч олиггүй албатууд биднийг доромжилж, сайхан амьдрах боломжоос хороосоор байвал хөгжил дэвшил хэдэн бээрийн алс руу зугтсаар л байх болно.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу