Охин минь таталтын эсрэг эмийн хүчинд өдий зэрэгт байна. Тэр маань Депакин нэртэй эмийг 300 милограммаар уудаг. Гэтэл энэ эм нь даатгалаар олгогдохгүй байна. Түүнд маань өөр эм таардаггүй учир таталт өгсөн үед нь эмнэлэг рүү тэвэрч гүйгээд долоо хонолоо. Авч хадгалах гэхээр их хэмжээгээр олгодоггүй квоттой. Азифарм эмийн санд худалдаалж байна лээ. Гэвч эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлж авч чадахгүй байна хэмээн хоолой зангируулан ярих ээж, аавууд олон байна.
Энэ мэт Эпилепси буюу уналт таталтын өвчинд хамгийн түгээмэл хэрэглэдэг Депакин эмийн олдоц муу байгаа нь олон хүний толгойны өвчин болжээ. Тэдний зарим нь хэлэхдээ таталтын эм ямар чухал гэдгийг наад захын хүн мэдэж байх учиртай. Тархины саажилттай багачуудыг бусад хөгжлөөр дэмждэггүй юм гэхэд ядаж эмийг нь битгий тасалдахад хүргээч. Ер нь байнга энэ эмийг хайдаг болсон. Ганц хоёр ширхэг эм авах гэж хотын нэг захаас нөгөө зах хүртэл хайх тохиолдол ч байна.
Манай охин таван настай Депакин эмийг уухгүй тасалдах л юм бол аюултай байдалд ордог. Эмч бидэнд тасалдуулахгүй уухыг зөвлөдөг. Депакины олдоц ховордож өөр эм сонгохоос аргагүйд хүрч байсан үе бий. Таарахгүй эмнээс болж энэ олон жил хичээж зүтгэж сурсан зүйл нь үгүй болох вий гэхээс эмээж байна гэсэн юм. Ийн уналт таталтын эсрэг эм бэлдмэлийн хөнгөлөлт өвчтөнүүдэд хүртээмжтэй чирэгдэлгүй байж чадаж байгаа эсэхийг сурважилсан юм.
Уналт таталтын эсрэг эм хэрхэн борлуулагдаж байгаа талаар судалж "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоох эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын үүдийг татлаа. Шил даран дугаарласан үйлчлүүлэгчдээс хоёр хүн Депакин гэх эмийг сураглаж яваа харагдлаа. Тус эм нь 100 ширхэг нь 106000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд бидний орсон эмийн санд 10 ширхэг байсныг аль хэдийн хүн авсан гэлээ. Ингээд дугаарлаж зогссон хоёр хүн дахин өөр эмийн санг зорих аж. Энэ мэт эмийн эрэл хайгуулд гарсан хүмүүс цөөнгүй. Дараагийн эмийн сангаар ортол Депакин цөөн хэдэн ширхэг үлдсэн гэв. Харин эрүүл мэндийн даатгалаар олгохгүй байгаа гэдгийг эмийн санч онцлов. Тус эм нь Азифарм эмийн санд их байдаг гэдгийг үйлчлүүлэгчийн нэг хэлэв. Ингээд Азифарм эмийн сангаар ороход Депакин гэх эм байгаа гэхдээ системийн шинэчлэлтээс үүдэн түр хугацаанд хөнгөлөлтөөр олгох боломжгүй гэсэн юм.
Энэ эмийг Эрүүл мэндийн даатгалаар хүүхэд 100 хувь, том хүн 70 хүртэлх хувиар хөнгөлүүлж авдаг гэнэ. Таталтын эсрэг эм хайж буй үйчлүүлэгчид өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш даатгалын хөнгөлөлт эдлэж чадахгүй байна. Холбогдох байгууллагад гомдол гаргасан ч ямар ч арга хэмжээ аваагүй байна гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр 33 худалдааны эмийн нэршлийн нэмэгдүүлсэн байна. Үүнд уналт таталтын эсрэг Нейрокон, Кепрептоп CP, Лириби хэмээх эм нэмэгдсэн байгаа юм. Гэвч мөн адил эдгээр эмүүдийн олдоц ховордсон байх жишээтэй.
Б.Баярболд: Таталтын эсрэг эмийн хөнгөлөлтийг зогсоож тасалдуулсан асуудал байхгүй
ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос уг асуудлыг тодруулахад” Уналт, таталтын эсрэг эмийн хөнгөлөлт хэвийн үйлчилж байгаа. Ямар нэгэн байдлаар зогсоосон, тасалдуулсан асуудал байхгүй. Харин бид саяхан Норватис хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй эмийн нэршлийг нэмсэн. Үүгээр таталтын эсрэг 1-2 эмийг хавсарч авахаар зохицуулалт хийсэн хэмээн ярив.
Депакин буюу олон улсын нэршлээр вальпройны хүчил нь албан ёсны бүртгэлтэй байдаг аж. Тус эмийн үйлдвэрлэгч болох Франц Улсын “Sanofi” компани нь Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газартай байсан ч 2019 оны гуравдугаар сард төлөөлөгчийн газраа татан буулгасан байдаг. Үүнээс хойш зах зээл дээр тасалдал үүсэх нөхцөл байдалтай тулгарах үе байгааг жор баригчид хэлж буй. Гэсэн хэдий ч вальпройны хүчил буюу өөр үйлдвэрлэгчийн нэр, шошготой ижил төрлийн эмүүд худалдаалагдаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр жагсаалтад уналт, таталтын эсрэг таван нэрийн эмийг багтаасан байдаг. Үүний нэг болох Депакин нь олдоц тун муу байгаа нь энэ. Үүнийг авахын тулд зайлшүй тамгатай эмчийн гарын үсэгтэй жороор үйчилдэг гэдгийг эмийн санчид хэлж байгаа юм.
Олдоц муу байвал үүнийг дагаад хууль бус эмийн худалдаа цэцэглэх цаашлаад гадуур сэтгэцэд нөлөөт болон уналт таталтын эсрэг эмийг замбараагүй ашиглаж мансуурах зэрэг үзэгдэл цөөнгүй байдаг байна. Нэг жишээг дурдахад, өнгөрөгч 2022 оны арван хоёрдугаар сард Тебпантин 300 милограммтай капсултай эмийг өсвар насны хүүхдүүд худалдан авч натритай хольж шифризээр өөртөө тарьж улмаар мансуурах зэрэг үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус эм нь сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад байдаггүй гэнэ. Гэтэл Тебпантин нь цусыг өтгөрүүлж зүрхийг маш түргэн хугацаанд зогсоох нөлөө бүхий эм юм.
Үүгээр зогсохгүй Депакин эмийн олдоц муу байгаад дөрөөлөн олон нийтийн сүлжээгээр тус эмийг хяналт зохицуулалтгүй худалдаалж буй нь маш том эрсдлийг дагуулж мэдэхээр. Учир нь сошиалаар хүмүүс Депактин зарах хүн байна уу гэх зарыг нэлээдгүй байршуулжээ.Харин сэтгэгдэл хэсэгт зарж байна холбогдоорой хэмээх хариулт цөөнгүй харагдана. Монгол Улсад уналт таталтын эсрэг 51 нэр төрлийн эм бүртгэлтэй байдаг. Дотооддоо уналт таталтын эсрэг гурван нэр төрлийн эм үйлдвэрлэдэг байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин