Caakmedee

Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үргэлжлэл

  • Нийгэм
  • 2019/01/23
Таныхаар ер нь Монголд иргэншил байна уу?
Иргэншил байхгүй. Бид ер нь иргэн болж чадаагүй. Иргэн болоход өндөр чадвар хэрэгтэй. Хүн ер нь аливаа нэг төвшинд очихын тулд заавал одоогийн байгаа төвшнөөсөө давах ёстой. Тэгэхээр хөгжиж байж иргэн болно уу гэхээс биш зүгээр иргэн болно гэж байдаггүй. Иргэний үнэмлэх бол зүгээр сонгуульд оролцоход хэрэгтэй бичиг баримт. Өөрөөр хэлбэл зүгээр бүртгэлийн бичиг баримт. Яахав социализмийн үед монголчууд жоохон иргэншиж байсан. Бичиг үсэг, ёс суртахуунтай болж, айдаг, эмээдэг, ичдэг болж, жоохон иргэнших гээд хичээж байлаа. Гэхдээ төв газруудаараа. Тэгээд ардчилалын үед замбраагаа алдсан. Баахан хүмүүс ажилгүй болсон. Хүмүүсийг ажилгүй болгоно гэдэг чинь хамгийн том гэмт хэрэг. Ажилгүй болно гэдэг чинь орлогогүй болно гэсэн үг. Орлогогүй болно гэдэг чинь нэр хүндгүй болно гэсэн үг. Нэр хүндгүй болно гэдэг чинь хүмүүсээс ичдэг болно гэсэн үг. Гудамжинд гарч чадахгүй болно гэсэн үг.
Тэгээд ардчилалын үед гол төлөв эрчүүд нь ажилгүй болчихсон. Ингээд энэ авгайчууд нь сүрхий юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Хүн хөдөлмөрлөхгүй байна гэдэг чинь аймаар хэцүү. Хөдөлмөрлөж байж тэрүүгээрээ таашаал авч өнгө зүстэй байдаг байхгүй юу. Гэртээ суугаад л байвал царай алдаад л байна. Амралтын өдөр амарч амарчихаад ажлын өдөр ажилдаа өглөө яваад ирэхэд өнгө орчихсон ороод ирдэг ш дээ. Тийм учраас хөдөлмөрлөх аягүй чухал байхгүй юу. Бид нар хөдөлмөрөөс их зугатаадаг л даа. Энэ их буруу. Хүмүүс аль болох их ажил хийх биш, бага юм хийхийг илүүд үздэг. Ер нь нэг зугатаасан маягтай. Тэр нь бас аргагүй ч юм шиг байгаа юм. Ажил хөдөлмөр хийх гэхээр дарга нь гэж нэг балай юм байдаг. Өөрөөс нь тэнэг. Тэрнийхээ юмыг хийгээд байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгээд нөгөө тэнэг нь цаана нь манараад байдаг. Тийм болохоор нөгөө хүн чинь ажил хийх дургүй болчихож байгаа байхгүй юу. Ямар ч урамгүй болчихдог. Ер нь энэ хүмүүсийн ажил хийх дургүй байгаагийн нэг шалтгаан нь даргаас бас их хамаарч байгаа. Тэр утгаараа аливаа нийгэмд удирдагч хүн сүрхий байгаад ирвэл ард түмэн нь дагаад босоод ирдэг. Тэгэхгүй бол бүгдээрээ урамгүй байна ш дээ. Одоо ер нь нэг тийм л хачин болчихлоо.
Таныхаар Монгол улсын эдийн засаг яавал хөгжих вэ?
Ажлын байр, хөдөлмөр. Эдийн засаг бол ерөөсөө л хөдөлмөр гэсэн үг.  Эдийн засаг тэнцүү хөдөлмөр ш дээ. Тэрнээс биш эдийн засаг тэнцүү мөнгө биш байхгүй юу. Хөдөлмөрөөр л баялаг үнэт зүйл бүтээгдэнэ. Тэрнээс биш газар доор байгаа нүүрс, алт чинь баялаг биш шүү дээ. Баялаг болох боломжтой. Бид нар бол газрын доор байгаа алтыг сонсчихоод Монгол орон баян л гээд байгаа. Үгүй ш дээ. Монгол орон ядуу. Газар доор байгаа юм биднийг баяжуулах үгүй нь тодорхойгүй ш дээ. Найдваргүй. Тэрнийг чинь ухаж гаргаж ирнэ гэж бөөн ажил. Нефтьтэй байсан бол өөр хэрэг. Шууд залгаад л крант урсчихана.  Манай энэ уул уурхай чинь боловсруулхад маш үнэтэй.
Бид нар анхнаасаа Оюутолгойг барьцаанд тавьсан л даа. Нэг л их хоосон хүлээлт, хоосон амлалтанд хууртагдаад байна уу даа гэж надад санагддаг. Оюутолгой гэж нэг бурхан байнаа, ид шидтэй. Бид нарыг хэзээ нэгэн цагт диваажинд аваачих юм шиг юм яриад байдаг. Гэтэл тэр нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу бүү мэд. Уул нь бид нар Оюутолгойг өөрсдөө л ашиглах байсан юм. Зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан бол Орос, Хятад хоёрыг л оруулах байсан. Тэр барууны орнууд чинь зүгээр хүрч ирээд ухаж гаргаж ирээд аваад л явчихдаг улс. Тэр англи хэлийг нь ойлгодог хүн ч манайд байхгүй.
Ерөөсөө монголчууд анхнаасаа тэр гэрээ контрактийг нь ч ойлгоогүй гэж байгаа ш дээ. Яг цагаа тулахаар энэ монголчууд чинь англи хэл мэддэггүй юм байна. Яахав тэнд ажиллаж байгаа хэсэг хүмүүс арай гайгүй цалин авч амьдралаа дээшлүүлж байгаа байх. Тэглээ гээд монгол хүн өөрийнхөө нутагт харийн хүний боол болж байгаа нь туйлын харамсалтай. Яахав хэдэн монгол хүн тэнд ажиллаад жоохон мөнгөтэй боллоо гэхэд нэг жийп машин авна, за нэг хаус авна, за нэг ангийн буутай болох байх нэг тиймэрхүү л юм болох байх. Аягүй л бол тэр худалдаж авсан жийптэйгээ явж байгаад өнгөрчихнө дөө.
Монголчууд яавал энэ хоёр намын дарангуйллаас гарах вэ?
Бид улс төрийн намуудын тухай хуулиндаа эрс өөрчлөлт шинэчлэл хийх ёстой. Бас нам, төр хоёрыг салгах хэрэгтэй. Ер нь өнөөгийн энэ монгол улсад улс төрийн нам, сүм хийдүүд, их дээд сургуулын асуудалд яаралтай анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ гурав өнөөдөр монгол оронд маш их гай тарьж байна. Энэ улсын хөгжлийг зогсоочихоод байна. Хэдэн хүүхэд их дээд сургууль төгссөн нэртэй, тэгээд ямар ч мэдлэг боловсрол байхгүй баахан диплом өвөртлөсөн хүмүүс гардаг. Тэгсэн мөртлөө тэр дипломондоо эрддэг ийм л хачин нийгэмтэй болчихлоо. Монголд байгаа одоо энэ 100, 200 их дээд сургуулиуд ямар ч хэрэггүй зүйл. Тэрэнд орвол зүгээр мэргэжилтэн хэрэгтэй байна.
Манайх чинь хуучин мэргэжилтэн бэлтгэдэг баахан ТМС-үүдтэй байсан тэрнийгээ ардчилалын үед устгачихлаа ш дээ. Бас энэ сүм хийдүүдийн асуудлыг анхааралдаа авахгүй бол хүмүүсийн мухар сүсэг арай дэндүү байдалтай болж байна.
Төвд лам нар хүртэл танай лам нар төвд хэл ёстой байхгүй хүмүүс гэж хэлсэн гэж байгаа ш дээ. Уул нь тэр төвд ном чинь “хулгай битгий хий, бие биенийгээ битгий хуур, битгий шуна, битгий нүгэл үйлд” гэсэн утгатай л юм байна лээ шд. Тэрнээс биш тийм сүртэй хорвоо ертөнцийн нар сар гэсэн үг биш юм байна лээ. Тэгээд энэ монголчууд чинь ном уншуулна гээд Гандан руу гүйгээд байгаа байхгүй юу.
Уул нь бичиг үсэгтэй болсон хүмүүс заавал хүнээр ном уншуулах шаардлагаггүй л дээ. Төвдийн энэ ном судруудыг бүгдийг нь кирилл үсэг дээр буулгасан бол өөрснөө монгол хэл дээр номоо уншчих байхгүй юу. Одоо Библи чинь тийм ш дээ. Ард түмэн бичиг үсэггүй байхад тэр европын ард түмэн чинь сүмд очиж ном уншуулдаг байсан байхгүй юу. Гэтэл бичиг үсэгтэй болчингуутаа гэртээ өөрөө номоо уншаад суучихсан. Уул нь бид нар тэгэх ёстой.  Бүгдийг нь монгол хэл дээр буулгаад Гандан явах шаардлагагүй өөрсдөө номоо уншчихана ш дээ. Өөр юм байхгүй ш дээ тэрэнд чинь.
Тэгвэл Монгол улс яавал Азийн бар гэдэг ч юмуу бусад улс орны хөгжлийн жишигт хүрэх вэ? Таны бодлоор?
Ер нь тэр Азийн бар энэ тэр гэдэг чинь хоцрогдсон ойлголт л доо. Яахав азийн цагаан будаа тариалдаг тариачин байсан тэр улс орнуудын эдийн засгийн чадал тэнхээ, хөдөлмөрийн зохион байгуулалтаараа дэлхийн зах зээл дээр гарч ирж байгаа байдал зэргээр нь анх тэгж нэрлэдэг байсан байх. Бид нар хэрвээ тэгж хөгжинө гэвэл хамгийн түрүүнд монгол хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Одоо энэ 10 жилийн сургуулиуд хүүхдүүдийг ерөөсөө хүмүүжүүлж чадахгүй байна. Бас ээж аавууд хүмүүжүүлж чадахгүй байна. Хүүхэд хүмүүжүүлэх онолын том байгууллагуудыг байгуулах ёстой. Гэрийн хүмүүжил бол хүчингүй ш дээ. Тэр хүн чинь нийгэмд гараад яах юм. Гэрээс гараад нийгэм рүү ороод, гудамжинд гараад тэгээд баларна ш дээ. Тэгэхээр тэр танихгүй хүмүүсийн дунд ороод биеэ яаж авч явах вэ гэдэг тэр хүмүүжлийг бид нар заахгүй байна. Ерөнхийдөө хүний доор битгий ороорой гэдэг ч юм уу хачин хачин юм яриад, хүний юмыг булаагаад л зугатаа л гэсэн аймаар юм заагаад сууж байна. Тэр нэг хүмүүжлийг болиулах хэрэгтэй.
Түүнчлэн бүр бие даасан ёс суртахууны том байгууллагууд хэрэгтэй байна. Тэгж байж энэ хүмүүсийг хот хөдөөгүй нийтэд нь ёс суртахуунтай болгох хэрэгтэй байна. Гуравт монгол хүний сэтгэл зүйг маш зөв ойлгож, зун бараг болдоггүй ерөнхийдөө хавар, намар, өвөл гэсэн гурван улирал зонхилсон энэ байдалд тохирсон философи хүмүүжлийг бий болгохгүй бол болохгүй. Хамгийн наад захын жишээ хэлэхэд бид нар чинь дулааныхаа асуудлыг шийдэж чадаагүй ард түмэн байна ш дээ. Даарч байгаа хүмүүстэй чинь одоо юу ярих гээд байгаа юм. Мэдээж хөлдөж үхэхгүйн тулд нүүрс түлж таарна. Тэгээд тэгж дулаацаж байж хөгжил дэвшил, боловсрол гээд нарийн ширийн юмаа ярина ш дээ.
Оросууд бидэнд дулааны цахилгаан станц барьж өгч, өвөл хөөрхий оросуудынхаа ачаар л бид нар дулаахан амьдарч байгаа ш дээ. Тэгсэн мөртлөө л бид нар оросуудыгаа харааж зүхдэг .
Тэгээд бидэнд ганц ч төгрөг хаядаггүй, хаа байсан далайн чанадын тэр улс орнуудыг шүтээд л жигтэйхэн болж байгаа ш д. Энэ залуучууд чинь тэр Америкийн МВА гээд сагсан бөмбөг, Европийн хөл бөмбөгийн тэмцээн үзээд суугаад л байна. Тэр одоо хэнд хэрэгтэй юм. Сагсан бөмбөгийн мэргэжилтэн болох гэж байгаа юм уу хаашаа юм. Хайран цагийн гарз ш д. Тэрэнд орвол өөрийгөө боловсруулах хэрэгтэй.
Зарим их сургуулийн оюутнууд зүгээр байж чадахгүй хичээлээсээ чөлөө аваад тэр Орос руу явж хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэх гээд явж байна. Тийм солиотой. Хичээлээ хийгээд сууж байж чадахгүй. Зурагтаар л харчихна биз. Тэгээд одоо хачин хачин онгироо пацаанууд байгаа ш дээ. Рональдо гэдэг юм уу, хэн ч гэдэг юм. Яагаа ч үгүй гудамжинд бөмбөг өшиглөж байгаад хэдэн гоол оруулсныхаа төлөө хэдэн зуун сая доллартай болчихсон. Тэр одоо юу юм бурхан юм уу, хаан юм уу. Зүгээр нэг халтар пацаан л байгаа ш дээ. Гэнэт баяжчихсан. Тэрнийг одоо тэгээд жигтэйхэн шүтчихсэн. Ингэж болохгүй ш д. Тэр Америк ч байна уу, тэр Европийн орнууд бид нарт ямар ч хамаагүй улсууд байхгүй юу.
Үнэхээр хамаатай улсууд гэвэл Орос, Хятад, Казахстан, Япон гээд энэ дөрвөн орон л байна. Тэр Казахстан нь байхаас ч өөр аргагүй. Тэр Баян-Өлгий чинь тэр чигээрээ казахууд юм чинь.  Японоор бид нар чинь онгоцны буудлаа бариулж байна, бас зарим нэг булчин шөрмөстэй залуучууд нь тэнд очоод хоолоо олоод идчихэж байна, ар гэр лүүгээ хэдэн цаас явуулчихаж байна. Тэгээд хэдэн компаниуд нь Японы жийп машиныг зарж жоохон мөнгө олж байна ш дээ. Гэтэл бид нар баахан өвөг дээдэс, өвөг дээдсийн газар нутаг гэж ярина. Тэгж яривал энэ газар нутгийг чинь Хиагтын гэрээгээр тогтоож өгсөн газар ш дээ. Тэгээгүй бол Хятадын удирдагч Мао Монголыг өөрийнхөө газар нутаг гээд өөртөө нэгтгэх гээд байсан. Тэгээд хөөрхий муу сахалт багш Сталин 1945 онд Маотой ярьж байгаад бидэнд энэ газар нутгийг авч өгсөн байхгүй юу. Нарийн яривал бид нар чинь Монгол ч биш, зүгээр ар Монгол. Гэхдээ дуртай цагтаа Орос, Хятад хоёр бидэнд дарамт үзүүлэх чадалтай.
Бид нар эвгүй байх юм бол биднийг хөөрхөн дарамталж чадна цаадуул чинь. Тийм болохоор бид нар жоохон дуугай л байх хэрэгтэй. Хэмжээгээ мэдэх ёстой. Хөжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй.  Энэ үүднээсээ бид нар өөрсдөө их хичээх хэрэгтэй л дээ. Ер нь хүн төрөлхтөний соёл боловсрол манайд 1950-д оноос л орж ирсэн. Анх Монголд их сургууль байгуулагдхад бүх багш нар нь орос, хятад багш нар л байлаа ш дээ. Зөвхөн 60, 70-аад оны үеэс л монгол багш нар өөрсдөө бие дааж хийчээл зааж эхэлсэн байдаг. Тэгээд сүүлдээ МУИС-ыг гурав хувааж ингэж балаллаа ш дээ.
Ер нь монголчуудад ямар философи хэрэгтэй вэ? Та юу гэж үздэг вэ?
Өнөөгийн нөхцөлд бид нар философоо өөрсдөө бичих ёстой. Гэхдээ мэдээж цоо шинэ юм байхгүй, хүн төрөлхтний философийн түүхээс л авна. Гэхдээ өөрсдийнхөө энэ их хэцүү, өвөл удаан болдог, дулаан хувцас шаарддаг, мах идэх шаардлагатай ийм байдалд тохирсон онцгой философийг бид нар бий болгох ёстой. Өвөлд бид нар асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Тэрнийг уул нь төр хийх ёстой л доо. Төр хийж чадахгүй байна. Гэтэл гадны улс орнуудад тэр ухаантай хүмүүс нь өөрийнхөө улсад тохирсон тийм философийг аль хэдийнэ бий болгож үлдээгээд тэрнийгээ одоо уншаад сууж байна. Харин манайд тийм ном байна уу байхгүй. Тэгэхээр тийм  номтой болох ёстой. Хятадууд бол Күнзээ уншаад явж байгаа. Тэрнийгээ сайжруулаад явж байна.
Тийм болохоор энэ номыг бид заавал бичих ёстой. Үүнийг бичихэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Уул нь би монголын төрөөс хүлээгээд л байдаг юм. Дээр үед аль ч улс оронд хааны дэргэд тийм хүн байсан байхгүй юу. Гэхдээ нэг тийм буруу ойлголт яваад байгаа юм. Монгол хүн өнөөдөр ээж аавын буянгаар, улс орны ачаар сайн сүрхий явж байгаа юм биш шүү. Хүн төрөлхтний мэдлэг боловсролын ачаар сайн явж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Гэтэл бид нар ээж аавдаа баярлаж яв гээд байгаа ш д. Үгүй ш д. Яахав бид нарыг төрүүлж өсгөсөн, гэхдээ хүмүүжүүлж чадаагүй. Тэд нар хүмүүжүүлж чадах ч үгүй. Тэглээ гээд би муулах гэж байгаа юм биш.
Монголчууд юм бол Чингис хаан гэж их ярьдаг. Тэгсэн мөртлөө ийм ядуу дорой амьдралтай. Энэ талаарх таны бодол?
Уул нь бид нар Чингисийг их гоё гаргаж ирж болох байсан юм. Би 2012, 2013 оны үед “Чингисийн этик” гэж ном бичсэн. Би Чингисийн сургаалийг философийн онол шиг ном болгоё гэж бодсон юм. Гэхдээ Чингисийг хүн гэдгээр нь биш, сургаалиар нь. Жишээ нь Будда чинь хүн гэдгээрээ олонд алдартай биш шүү дээ. Будда гэдэг тэр ойлголтоороо, сургаалиараа алдартай. Тэр чинь өөрөө бол авгай хүүхдээ хаяад явсан нэг залуу байдаг. Тэрэн шиг Чингис чинь байлдаж байсан юм уу үгүй юм уу, эсвэл ахаа багадаа нум сумаар харваж алж байсан юм уу тэр нь бид нарт тийм сонин биш. Бас эвгүй л этгээд байж. Гол нь Чингис хаан ийм сургааль хэлж байсан юм гэнэ лээ гээд тэрнийг нь баяжуулаад орчин үеийн ойлголт руу дөхүүлээд Чингсийн ёс суртахуун гэсэн нэг номыг бий болгох гэж байсан.
Тэгээд би номоо дуусгахдаа энэ ном жинхэнэ этик нь биш шүү зүгээр Чингисийн ёс суртахуун хэрэгтэй гэсэн санааг хэлсэн юм. Тэгээд сүүлчийн номыг нь надаар бичүүлж болно шүү гэсэн. Гэхдээ тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг сонсоогүй л дээ. Дүлий биш л байх. Одоо дараагийн энэ нөхөр яах юм байгаа юм, би сайн мэдэхгүй байна. Дуудаад бичүүлэх юм уу яах юм. Уул нь дуудаад бичүүлэх ёстой байхгүй юу. Гэхдээ учир зүггүй хэтрүүлсэн магтаал байж болохгүй. Ер нь бол бид нарын сурган хүмүүжлийн эх зохиол болох ёстой.
Тэгвэл Чингис хааны хувцас өмсчихөөд өөрийгөө их хааны залгамжлагч гээд байгаа П.Давааням гэдэг хүнийг яах вэ
Тэрийг одоо болиулах хэрэгтэй. Уул нь Чингис хааныг төр маш хурдан хамгаалалтад авчих ёстой байсан байхгүй юу. Чингисийн нэртэй архи, бараа таваар хийж болохгүй гэж албан ёсоор хориглоод зөвхөн төрийн үйл хэрэгт зориулсан арга хэмжээ, ном хэвлэл дээр л нэрийг нь дурдаж бичнэ гэж хуульчлах ёстой байсан. Чингис чинь аймаар гоё Буддатай адилхан брэнд байсан байхгүй юу. Гэтэл одоо яаж байна. Үнэн замбраагүй юм болсон. Хаа л бол Чингис бий болсон. Чингис архи, Чингис дээд сургууль, Чингис хот ч гэх шиг үнэхээр инээдэмтэй юмнууд маш их бий болсон. Бүр Хэнтий аймгийнхан хүртэл аймгийнхаа орон нутгийн музейд манай нутгийн алдартай хүмүүс гэсэн нэрсийн жагсаалтад Е.Чингис гээд биччихсэн байна гэсэн. Тэгээд Е гэдэг нь юу гэж байгаа юм гэсэн чинь Есүхэй гэж байгаа юм гэнээ.
Гэтэл тэр үед чинь овог нэрийн ч асуудал байгаагүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл Есүхэйгийн Чингис гэдэг хүн нь Хэнтий аймгийн алдартай хүн юм гэнээ. Үнэхээр ичмээр байгаа байхгүй юу. Бас энэ Үндэсний музей байна. Чи Үндэсний музей орсон уу? Тэр ёстой ичмээр ш дээ. Тэр одоо юу тавьчихсан юм бэ? Доод талын давхарт нь чулуун зэвсгийн үеийн үзмэрүүд байгаа байхгүй юу. Тэрний дээд талд нь шууд Чингис. Нөгөө Гитлерийн цахилгаан дайны Барбароса төлөвлөгөө шиг шугамнууд зурчихсан баахан газрын зурагтай дэлхийг яаж эзэлсэн энэ тэр гээд дандаа Чингисийн байлдан дагуулалтын зурагнууд. Дээд талын давхар гэсэн чинь ардчилалынхан. Ингээд л болоо. Үндэсний музейд ердөө гуравхан л үзмэр байдаг юм байна лээ.
Ардчилалынхан өөрсдийгөө АНУ-ын Конгрессийн танхимд байдаг зурагнууд шиг яг дуурайлгаж зуруулсан байна лээ. Чи очиж нэг үзээрэй. АНУ юм уу, Францын хувьсгалын зургыг шууд хуулбарлаж зурсан байдалтай. Гэтэл тэнд нөгөө социализмийн үеийн бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт энэ тэрийн талаар юу ч байхгүй. Ёстой нэг ичмээр. Бүр үзээд инээд ч хүрэх шиг. Тэгээд тэрнийг нь гадаадынхан автобустай ирээд үзээд байхыг нь яана. Тэд нар чинь тэртээ тэргүү мэдэж байгаа ш дээ. Ээ зайлуул даа. Музейд ороод ирлээ гэсэн чинь юу вэ, бөөн дайны төлөвлөгөө мөлөвлөгөө энэ тэр ч байх шиг. Тэгээд юу ч хийгээгүй ард түмэн юм уу хаашаа юм гэж ярьж байгаа ш дээ тэд нар.
Өөрөөр хэлбэл Үндэсний музейд балар эртний үеэс шууд Чингис тэгээд байж байснаа улс орноо баллаж хаясан нөгөө ардчилалын хэдэн нөхдүүдийн зураг байгаа байхгүй юу. Үгүй ээ тэр ардчилалынхан өөрсдийгөө мөн их сайхан зуруулжээ. Ингээд бодохоор бид нар өнөөдөр өөрсдийгөө хэн бэ гэдгээ ерөөсөө ч мэдэхгүй байна. Тийм болохоор бид эхлээд Монгол гэдэг чинь юу юм гэдгээ сайн таньж мэдэх хэрэгтэй.  Тэрнийгээ хүртэл бид мэдэхгүй байна ш д. Тийм учраас тэрнийгээ эхлээд мэдэж авах юм бол ядаж нэг сүнстэй болж байгаа байхгүй юу. Нэг амин сүнстэй болж байна гэсэн үг.  Тэгээд тэрнийгээ цааш нь амьдруулж байж цаашаагаа хөгжиж дэвшинэ. Ийм л байна.

Ярилцсан Ж.Батдорж
BOLOD.mn
 
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу