Caakmedee

Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно

  • Онцлох мэдээ
  • 2023/01/25
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй байсан. Тэгвэл он гарсаар энэ асуудлууд шийдэгдэж зээл олголт хэвийн болно гэж Монголбанкны зүгээс оны өмнө мэдэгдсэн. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь нь эргэн төлөлтөөс орж ирж дараагийн хүний санхүүжилтийг шийддэг. Гэвч цар тахлаас үүдэж ипотекийн зээлийн төлөлтийг таван удаа хойшлуулсан байдаг. Үүнээс үүдэж зээл гаралт багассан. Цар тахлын хууль 2021 онд дуусаж энэ оноос иргэд зээлээ төлж эхэлсэн. Тэгвэл ипотекийн зээл олголт хэвийн болсон эсэх талаар байр сууриудыг хүргэж байна. 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна. Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон.
Тэгвэл ипотекийн корпорацийн хувьд энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна.
Энэ тухай Монголын ипотекийн корпорацийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Батхишиг “Цар тахлын нөлөөгөөр ипотекийн зээлийг таван удаа хойшлуулсан. Энэ оны эхнээс хуваарийн дагуу иргэд зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлтийн дагуу санхүүжих учраас дараагийн сараас ипотекийн зээл олголт хэвийн болно. МИК нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд зээлийн төлөлтийн тайлан, мэдээ нь дараа сарын эхэнд гарч нэгтгэгдэн Монголбанканд хүргэгддэг. Энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийг 2023 оноос бодлогын хүү, инфляцаас хамаараад 80 хувийг Монголбанк, үлдсэн 20 хувийг Арилжааны банк санхүүжүүлэхээр болсон” гэсэн юм. 
Зарим арилжааны банкын хувьд оны өмнө ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байсан. Харин одоо бүх банк ипотекийн зээлийн хүсэлт авч байгаа бөгөөд зээл гаралт нь удаашралтай хэвээрээ байна гэж байсан юм. 
Иргэн Б.Азжаргал “Ипотекийн зээлийн хүсэлт 2022 оны хоёрдугаар сард өгсөн. 10 сар хүлээсний эцэст энэ сарын 15-нд байрандаа орж чадсан. Зээлээ Хаанбанкаар шийдүүлсэн” гэв. Харин иргэн Э.Тунгалагтуяа “Өнгөрсөн оны гуравдугаар сард худалдаа хөгжлийн банканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Одоо болтол хүсэлт маань шийдэгдэж чадаагүй байна” гэсэн юм.  Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.
 
 
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу