Зарим гадаад оронд Чингис хааныг өөрсдийнхөө угсааны хүн болгох гэж оролдоод байна гэсэн яриа нэлээд хэдэн жилийн өмнөөс чих дэлсэх болсон юм. Тодруулаад хэлбэл Казахстан, Киргизэд ийм сэдвээр тусгай ном товхимол ч хэвлэгдэн гарсан аж. Казахстанызарим нэг залуу хүн түүндээ дулдуйдан олон нийтийн сүлжээгээр орос, казах, монгол хэлээр мөнөөх санаагаа уйгагүй сурталчлах болов.
Тухайлбал нэгэн инженер залуу Чингис гэдэг нэрийг “казахаар Шынгыс гээд “шын” гэдэг нь оргилын оргил гэсэн үг, энэ нь эртний түрэг хэлээр туяа гэсэн утгатай, орчин цагийн казах хэлээр туяаг өияс, азербайжанаар гияс гэдэг тул Шынгыс гэдэг нь “туяа цацруулсан хаан болж таарч байна” гэжээ.
Тэгвэл аль XIX зуунаас олон гадаад улсын хэл шинжээч эрдэмтэд монгол, түрэг, тунгус-манж хэлийг алтай хэмээх язгуурт хамааруулсан бөгөөд энэ гурван хэл нэг өвөг хэлтэй байгаад түүхийн урт удаан хугацаанд аажмаар салбарлаж тус тусдаа бие даасан хэл болж төлөвшсөнийг тогтоосон буй. Эл гурван хэлний авианзүй /phonetics/, үгийн бүтэц, хэлбэр/morphоlogy/,өгүүлбэрзүйн /syntax/ хувьд ч адил төстэй нийтлэг шинжийг энд эс тоочинзөвхөн үгийн сангийн/lexicology/ үүднээс авч үзэхэд тоо томшгүй дундын үгтэйг эш үндэс болгон Чингис хэмээх нэрийн “чин” нь монгол хэлний толь бичигт тайлбарласнаар эртний төдийгүй орчин цагийн монгол хэлээр ч “туйлын, дээдийн дээд” гэсэн утгатай, “гис” нь казахаар өияс болмонгол хэлний“гийгүүлэх, гялалзах” /худам монгол бичгээр “гилалзаху”/ гэсэн үйл үгийн язгуур “ги- “ амьд дүрээрээ явж байна гэж бардаагаар хэлж болно. Өдгөө бид “тэнгэр гийв, үүр гийв” гэх зэргээр ярьдаг нь “туяарав, гэрэлтэв” л гэсэн санаа шүү дээ. Монгол хэлний “хийсэ-“ гэдэг үгийн “хийс” хэмээсэн нөхцөлт үйл үгээр баримжаалж, бас эдүгээгийн монгол хэлний аман аялгуунд ч, тухайлбал төв халхын барган овогт настайчууд (одоогийн Өвөрхангай аймгийн Зүүн Баянулаан сумын харьяат) лав 1960-аад онд “гийв” гэхийг “гийсэв” гэж хэлдэг байсныг хэлний шинжлэлтэн аль хэдийнэ ном бүтээлдээ тэмдэглэснийг үндэслэн “ги-“ язгууртай “гийс“ гэдэг нөхцөлт үйл үг дундад эртний монгол хэлэнд лав өргөн хэрэглэгдэж байжээ гэж үзэж болно.
Энд өгүүлэгдэн буй “хийс” нь “хийс! , хийсэх болтугай!” гэсэн утга санаа илэрхийлж байгаа нь тодорхой. Үүнтэй адилаар “гялалзах” гэдэгүгийн “гялс”, “ухасхийх” гэдэг үгийн “ухас” зэрэг “с”-ээр төгссөн үйл хөдлөлийн эрчийг заасан маш олон үг монгол хэлэнд байдгийг хэлний боловсролтой хүн бол андахгүй. Чингэхээр Чингис нэрийн “гис” нь “гийг! , гийсэх болтугай!” гэсэн санаа мөн нь илэрхий.
“Чин” гэдэг үгийн тухайд бол одоогийн монгол хэлэнд түгээмэл хэрэглэгддэг “чин зориг, чин үнэн, чин санаа, чин бат” гэсэн хэллэг уул үгийн язгуур утгаэрт үеэс хувиралгүй явж ирснийг гэрчилж байна.XIII зуунд гурван голын монголчуудын уйгаруудаас авч хэрэглэсэн худам монгол бичгээр дээрх “чин” хэмээх үгийг čing гэж бичсээр ирсэн нь малчин, гуталчин, анчингэх зэрэг мэргэжлийн холбогдолтойолон үгийн “чин”-г čin гэж бичдэгээс угаас ялгаатай бөгөөд одоо ч Чингис нэрийг хуучин уламжлалаа дагаж их инхлэгтэй бичсээр билээ. Түүгээр ч зогсохгүй Чингис нэрийн эртний дуудлага авианзүйн үүднээс одоогийн монгол хэлний олон аман аялгууны дуудлагатай яв цав дүйж байдаг юм. Үүнд Чингис гэдэг нь далай тэнгистэй зүйрлэсэн нэрч биш, ямар нэгэн “нууц увидастай” үг ч биш, язгуурын монголчуудын өөрсдийнхөө хэлэнд түшиглэж их хаандаа соёрхсон “дээдийн дээдээр гийсэх болтугай” гэсэн утга бүхий цол гэж үзэж байна. Үүгээр казах найз нартаа сануулахад аль дивангарын үеийн монгол, түрэг хэл нэг гарвалтай нь барим тавим мэдэгднэм бус уу. Харамсалтай нь эртний энэ төрөл хэлнүүдийн бичигт тэмдэглэгдэн үлдсэн дурсгалын зүйлс арвин биш, түрэг хэлнийх VIII-XI зуунаар, монгол хэлнийх XIII-XIV зуунаар, тунгус-манж хэлнийх XVII зуунаар хязгаарлагддаг, эдгээр нь цаг хугацааны хувьд өвөр хоорондоо нэн их зайтай тул харгалдуулан үзэхэд төдий л үр дүн гардаггүй гэдэг. Ядахдаа орчин цагийн монгол, түрэг хэлний харьцуулсан толь бичиг одоо хүртэл үгүйлэгддэгээс Казахстаны зарим хүн түүхт хүмүүсийн уг гарвалын тухайд ч төөрөлдсөөр яваа бололтой.
Чингисийн бага насны Тэмүжин хэмээх нэрийг “төмөрчин”, “төмрийн дархан” гэсэн үг гэж тайлбарлах нь тэр хүний туулсан амьдралын замналаас харахад үнэмшил муутай гэж судлаачдын үзэх нь аргагүй. Тэгвэл Чингисийн бие барснаас хорь гаруйхан жилийн дараа Хархорумд ирсэн Францын их вангийн төлөөлөгч Гийом де Рубрук монголчуудаас уг нэрийн учрыг лавлаад “төмрийн [жингэнэсэн, хангинасан] дуун” гэж ойлгосныг одоо бид анзаарахгүй өнгөрч боломгүй.
Эдүгээгийн монгол хэлний “төмөр”, түрэг хэлтнүүдийн “тимур, тэмүр”-ийг манайх, танайх гэж булаацалдаад тусыг эс олох биз. Ямартай ч бид бүхний дундын үг.Хятадаар уул үгийг “те” гэдэг тул нүүдэлчдээс лав зээлдсэн үг гэж эрдэмтдийн үздэгийгэнэ далимд дурдаж болох юм. Угтаа Тэмүжин нэрийг Есүхэй баатар Татарын Тэмүжинг гартаа оруулсны дараа төсөрхөн төрсөн хөвүүндээ өгснийг “Монголын нууц товчоон”-оос бид мэддэг. Ямар учраас Есүхэй атаат дайсныхаа нэрийг хүүдээ оноож өгсөн бэ? гэх зэргээр маргалдаж болох ч ерөөс талын нүүдэлчид уг зан үйлийн тухайд одоогийн бид нар шиг сэтгэхүйтэй /mentality/ байгаагүй нь ойлгомжтой. Татарууд ямар ч угсаа гарвалтай байсан байж болно. Тэднийг монгол угсаатанд хамааруулдаг судлаачид бас бий.
Бид энд Тэмүжин гэдэг нэрийн тухай ярьж буй болохоор “жин” дагаврыг нь “чин” болгох гэсэн оролдлого мөн л үнэмшилгүй гэдгийг дурдууштай байна. XIII зуунд монгол хэлээр бичсэн “Нууц товчоон”-д Монголжин, Торголжин, Баргужин гэх зэрэг нэр бас тааралдаж байна шүү дээ. Энэ нэрүүдийн “жин”-гхүний эрхэлсэн хөдөлмөрийнх нь хувиар аль нэг мэргэжлийг заасан дагавар гэж үзэхийн аргагүй.
Өүлэн хэмээх нэрийг ч бас өмчлөх гээд байхын хэрэггүй мэт. Одоогийн монгол хэлний үжин, өөжин, охин гэх зэрэг нэр үг “өүлэн”-тэй нэг үндэс язгууртай байж ч магадгүй. Охин гэдэг үгийг худам монгол бичгээр “өхин” гэж бүр дундад зууны үед бичдэг байж шүү дээ. Манай худам бичиг монгол хэлний маш олон үгийн эртний дуудлагыг уламжилж авч ирсэн нь судлаачдын ажилд дөхөмтэй байдаг юм. Казахстаны залуучууд Чингисийн хөвүүд болон шадар жанжнуудынх нь нэрийг ч бас казах нэр гэжээ. Гагцхүү энэ бүхнийгээ нотолсонгүй. ХХ зуунд “Монголын нууц товчоон” хэмээх түүхэн зохиолыг нухацтай судалж франц хэлээр орчуулсан, хятад, монгол, түрэг хэлтэй их эрдэмтэн Пеллио “Зүчи гэдэг нэрийг монголчуудын түгээмэл нэр, Чингисийн хүүгийн тухайд хачин нэр гэж үзэх үндэсгүй” гэж зохиол бүтээлдээ цохон тэмдэглэж байсан юм. Түүнчлэн Цагаадай, Өгөөдэй, Тулуй цөм монгол нэр гэдэгт эргэлзсэн судлаач байгаагүй юм шүү. Өгөөдэй нэрийг худам монгол үсгийн бичлэгээсүзэхэд “өг-хө” /өгөх/, өг-гиемөр” /өгөөмөр/ гэсэн үгтэй язгуур нэгтэй. Цагаадай нэрийг энд тайлбарлах гэх нь илүүц биз. Энэ хоёр нэрийн “дай, дэй” нь өхөөрдөх, дээдлэн хайрлахын утга агуулсан дагавар юм. Монголд хүүхдэдээ Өвөөдэй, Явуудай, Билгүүдэй, Хайсандай гэх зэргээр ”дай, дэй”-тэй нэр өгдөг уламжлал тасраагүй.
Тулуйн хүү Мөнх, Хүлүг, Зүчийн хүү Бат, Батын гурав дахь хөвүүн Бэрхэ /Хэцүү/ гэх зэрэг нэрийг монгол нэр биш гэж мэлзэхийн аргагүй. Одоо ч Монголд ийм нэрүүдтэй хүн олон. Хүлүг хэмээх нэр XIII зууны Монголд хүчирхэг, эр зоригтой гэсэн утга санаа илэрхийлж байжээ. Зэв /сумын зэв/, Сүбээдэйгэх зэрэг нэрийг казахууд өөрийн болгохгэвэл эрхбиш нотлох л ёстой доо. Казах залуучууд санаа бодлоо зөвтгөх үүднээсмонгол хэлнээс ийм тиймнэр хайгаад олоогүй гэж байх юм. Чингэвээс түүхийн шалтгаанаар, тухайлбал XVзуунаас монгол үндэстэн даяараа Буддагийн шашинд орсон үеэс хүүхдэдээ голдуу санскрит, төвөд нэр өгч хуучин уламжлалт нэр баахан мартагдсаныг жинхэнэ судлаач хүн бол мэдэх л учиртай. Гэхдээ дундад зууны үеийн түүх, хууль цааз, засаг захиргааны баримт бичгүүд хийгээд бусад эх сурвалжид тулгуурласан монгол хүний нэрийн бүрэн судалгаа одоо хүртэл гараагүй нь бидний буруу.
Тухайн үеийн өөр бусад түүхт хүмүүсийг бас нэрээр нь баримжаалж угсаа язгуурыг нь тодорхойлох гэвэл өрөөсгөл төдийгүй судалгааны хувьд ноцтой алдаанд хүргэх гэм бий. Жишээлбэл Амбагай гэдэг нэрийг казах залуучууд казах нэр гэх нь тун ч эргэлзээтэй. Уг нэр XVII зуунд Манж гүрэнд хэрэглэгдэж байсан юм шүү дээ.
Мөн зуунд Есүхэй гэдэг нэрийг түрэг угсаатнууд мөн хэрэглэж байсан байж болно. Тэгвэл уул нэрийг “Монголын нууц товчоон” -оос харахад монгол хэлний “ес” гэсэн тооны үгийн бичлэгтэй таарах бөгөөд “хэй” нь монголоор мөн л эрхэмнэн хүндэтгэхийн санаа илэрхийлсэн дагавар. Мандухай гэх зэрэг түүхт хүмүүсийн нэрээр ч үүнийг гэрчлэхэд түвэггүй. Ерөөс монгол гарвалтай нэрүүд ихэвчлэн бэлгэдлийн шинжтэйг монголчуудын олон зууны уламжлал, баримталж ирсэн зан үйлээр нь ч тайлбарлаж болно. Эрдэмтдийн тогтоосноор түрэг угсаатны хэлэнд ч монгол гарвалтай үгс одоо ч байсаар гэдгийг умартах учиргүй. XIII зууны түрэг угсааны Найман аймгийн нэр яах аргагүй монгол үг /Найм гэсэн тооны үг/. Тэр ч байтугай Найманы Таян ван бээр Хүчүлүг /Хүч/ хэмээх монгол нэртэй хөвүүнтэй байсан. Үүний адилаар одоогийн монгол хэлэнд ч дээр үеийн түрэг гарвалтай үгс буйг үгүйсгэхгүй. Гагцхүү энэ бүхнийг дурдсан хоёр хэлний дундын үгсээс ялгаж салгууштай юм.
“Нууц товчоон” зохиолын өгүүлэмжээс харахад XIII зуунд гэхэд монгол, түрэг хэлний аль аль ньхэдийнэ бие даан төлөвшсөн байсан ч энэ хоёр угсаатан ойр зэрэгцэн оршиж, харилцахдаа хэл, соёлоороо бие биедээ нөлөөлсөөр байсны учир шалтгаанаар өвөр хоорондоо хэлмэрчгүйгээр ойлголцож чаддаг байжээ гэлтэй. Академич Чулууны Далай агсан 1970-аад онд ийм санаа гаргаж хэлж байсан юм. Үүнийг эртний роман хэлнээс салбарласан хэлтэй франц, италичууд одоо ч аль алиныхаа яриаг там тум ойлгоод байдагтай зүйрлэж болох юм.
XIII зууны эхэн үеэс өдгөө бараг есөн зуугаад жил өнгөрөхөд монгол, түрэг хэлний үгийн санд төдийгүй аман аялгуунд ч хувьсал /evolution/ гарсан, эртний түрэг хэл гэхэд казах, киргиз, узбек, туркмен, азербайжан гэх зэргээр хэд хэдэн хэл болж задарсан хэдий ч алтай язгуур нь эрхбиш хадгалагдсаар буйг орчин цагийн монгол, казах хэлний байдлаас үзэхэд ч илэрхий.
Энэ бүх шалтгаанаар түүхийг төдийгүй, түүхийн нэрт зүтгэлтнүүдийг зөвхөн нэрэнд нь дулдуйдаж өмчлөх гэх нь томоор хэлбэл шинжлэх ухаанд харш, багаар яривал жирийн олны толгойг эргүүлэх балагтай. Ер нь түрэг, монгол, тунгус-манж хэлний аль алиныг уг үндэс язгуураас нь салгах гэх юм уу өвөр хоорондынх нь учир холбогдлыг огоорох нь явуургүй.
Ингэхэд Казахстаны залуучууд “Шашдирын чуулган” зохиолыг Рашидаддин өөрөө бичээгүй гэх зэргээр дүрэмдэж байх юм. Найман зуугаад жилийн өмнө үхсэн хүнтэй одоо заргалдах гээд байгаа хэрэг үү? Тун ч ойлгомжгүй. Чухамдаа энэ цуврал номыг Рашидаддины удирдлагаар, одоогийн бидний ойлголтоор бол эрдэмтэд нэг баг болж бүтээсэн түүхтэй бөгөөд Рашидаддин өөрийн гараар бичсэн үү, бичээгүй юу гэдэг нь хамаатай биш, уул зохиолд түүхэн үйл явдлыг аль хэр үнэн бодитойгоор тусгаж вэ гэдгийг мөшгөн судлах нь эдүгээгийн бидний гол ажил баймаар. “Шашдирын чуулган”-ы Монголтой холбогдох ботийг “Алтан дэвтэр” зэрэг нэлээд монгол эх сурвалжид түшиглэн туурвисан бололтой гэх эрдэмтдийн санал дүгнэлтийг хайхрахгүй байж яаж болох вэ дээ. Үүнд казах залуучууд “Монголын нууц товчоо” номын тухайдганц ч үг ганхийхгүй байгаа нь хачирхалтай.
Чингис хааныг наснаас нөгчөөд арван гуравхан жил өнгөрсний дараа Хэрлэн голын хөвөөнд бичиж дуусгасан энэ туульсын зохиолд Чингис хааны уг язгуур, бага насны амьдрал болон үйл хэргийг нууж хаалгүйгээр чухам үнэнээр тусгасанд уул номын үнэ цэн, гайхамшиг оршино гэж дэлхийн томоохонмонгол, түрэг судлаачид аль XIX зуунаас нэгэн дуугаар нотолсоор ирсэн юм шүү. Вольтерын бичсэнээр Европт лав XVIII зуун хүртэлх үеийн түүхчид эзэн хаад болон их вангуудаа далдын ид шидтэй мэтээр үзүүлдэг байсантай жишиж үзвэлодоогоос бараг есөн зуугаад жилийн өмнө монголчуудын бичсэн энэ туурвилыг эртний дэлхий дахины түүх бичлэгт гарсан ховор үзэгдэл гэж тооцох нь зүйн хэрэг. Уул номын 196 дахь зүйлд Чингис бээр түрэг угсаатай Найман аймгийн Таян ванг буулгаж аваад Таяны эх Гүрбэсү хатанд тавлах маягаар хандсан үгээрээ ч өөрийгөө жинхэнэ монгол хүн гэдгээ гэрчилсэн юм шүү дээ гэж ам бардам өгүүлбэл арай жижиг юмаар хөөцөлдсөн болохгүй байлгүй!
Бидний өвөг дээдэс “жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй” өчүүхэн амьтад байгаагүй. Чингис хаан уг язгуураараа монгол угсааны хүн мөн боловч “дэлхий дахины хүн”, ертөнцийн түүхэндэргэлт гаргасан хүн, түүний бүтээсэн их үйл хэрэг Төв Азийн нүүдэлч түмнийг нэгэн гарын дор нэгтгэснээрээ ч монгол хэмээх тусгай нэгэн үндэстэн бүрэлдэн тогтохзамыг нээжулмаар монголчуудын түүхэнд гүйцэтгэх үүргийг зааж чиглүүлснийг хэн бугай ч засварлаж дийлэхгүй, эх Монголтойгоо нягт уялдах Чингисийн үнэн түүхийг ямар ч ухаантан бүдгэрүүлж дөнгөхгүй.
Түүхч Т.ТӨМӨРХҮЛЭГ, Х.БЭХБАТ