Caakmedee

Улсаа тоносон улстөрчдөд хариуцлага тооцох цаг дөхөж байна уу?

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2023/02/08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон нийтэд мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ байгаа. Тэнд төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Таван толгойд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд нь 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” гэж мэдэгдсэн нь нүүрсний хулгайг албан ёсоор зарласан хэрэг болсон.
Үүнээс зургаан сарын дараа буюу аравдугаар сард Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тун удалгүй хууль хүчний байгууллагын өргөн хүрээтэй баривчилгаа, нэгжлэг өрнөж эхэлсэн билээ. Нүүрсний хэргээр хамгийн түрүүнд баривчлагдсан албан тушаалтнууд бол “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нар юм. Х.Нурлатын хувьд “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
Үүний дараа орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХХК-ийн хамаарал бүхий 10 гаруй оффист нэгжлэг хийж, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж, “Монпорт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Г.Мөнхдөл, улс хоорондын ачаа тээврийн “Зунмен” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ци Шаохуа нарыг баривчилсан. Б.Ганхуяг нарын найман хүнийг “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нараас нэг хоногийн зайтай саатуулж байв.
Үүнээс хэдхэн хоногийн зайтай АТГ хэвлэлийн хурал зарлаж, нүүрсний хэрэгт холбоотой 17 хүний нэрийг зарласан. Үүний дотор УИХ-ын долоон гишүүн багтсан байлаа. Баривчилгаа цаашаа ч өрнөсөн. Одоогийн байдлаар 20 хүнийг яг энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Түүгээр зогсохгүй Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх сураг дуулдаад нэлээд удаж байна. Нүүрсний хэрэгт холбоотой төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын гишүүд нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд прокурорын байгууллага УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавилаа.
Нүүрсний хэргийг тойрсон үйл явц товчхондоо ийм. Одоо хамгийн чухал нэг асуудал хариулт нэхээд удаж байна. Монгол Улсын төсвөөс, ард түмнийхээ эдлэх боломжоос 40 их наядаар тоносон хүмүүст хариуцлага хүлээлгэх дөхөж байна уу. Төсвийн орлогын том үүц “Эрдэнэс Таван толгой” компанийг олон жил удирдсан Б.Ганхуяг гэхэд хөрс хуулалт, олборлолтын компаниас хахуульд авсан мөнгөөрөө 4.6 га газар худалдан авч, спорт цогцолбор, орон сууцны барилга эхлүүлж, орлогоо хууль бусаар нуун дарагдуулсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн гэж байгаа. Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нүүрс тээврийн хэргээр гэрээсээ 7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбум төгрөгтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэгтэйгээ газар дээрээ хуулийнханд баригдсан. Цаашлаад УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд худ ураг, хамаарлын сүлжээгээрээ нүүрсэнд яаж хутгалдсан баримтууд хөвөрсөөр байна. Монгол Улсыг хөгжүүлэхэд гар бие оролцоно гэж олон нийтээс санал аваад УИХ-д гарсан, төрийн албанд чин шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн нөхөд улсаа тонож байгааг монголчууд харлаа.
Ил болсон захын жишээ ийм байхад хариуцлага хүлээсэн нэг ч хүн одоо хүртэл гараагүй байгаа нь анхаарал татна. Эхнээсээ буруутай этгээдүүд мартагдаж эхэллээ. Ард түмний итгэл ч алдагдаж гүйцлээ. Тэд төр засагтаа итгэх итгэлгүй болцгоож байна. Төр засагтаа итгэх итгэлгүй болно гэдэг асар хортой зүйл. Энэ бол тусгаар тогтнолдоо эргэлзэж эхэлнэ гэсэн үг. “Манайхан төр барих ч дээ” гэсэн голонгуй яриа дуулдаад байдаг болсон нь ийм аюултай. Дэлхийд нөлөөтэй хоёр том гүрний дунд оршиж буй жижиг улсын хувьд ард түмний улс эх орноо гэх үнэт зүйл алдагдвал маш аюултай. Тусгаар улсынхаа төр засгийнхны увайгүй, худалч, тонуулчин үйлдэл ард түмнийг туйлдуулж байна. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх 40 их наяд төгрөгийг хулгайлсан нөхдөдөө эрх баригч нам нь хариуцлага тооцох ёстой гэсэн итгэл арай тасарчихаагүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Авлигатай тэмцэхийн тулд намтайгаа тэмцэнэ гэсэн. Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь МАН-ын гишүүд байгаа. Хуулийн толгой байгууллага нь “Энэ хүн нүүрсний хэрэгт холбоотой байна” гэж зарлаад хоёр сарын хугацаа өнгөрч байхад эрх баригч намын дарга ёс зүйгүй, хууль бус ноцтой хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоо алгуурлаад байгаа юм биш биз. Шийдвэртэй ганц алхам үлдчихээд байна. Тэрэн дээр түдгэлзээд байгаа юм биш үү гэж хардаж байна. Ийм л учраас олон нийт итгэл алдарч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө олон улсын авлигын индекс зарлагдахад Монгол Улс өмнөх жилээс 16 байраар ухарч, дэлхийд авлига өсч буй 10 орны нэгээр нэрлэгдээд байна. Авлига, хээл хахууль ямар хэмжээнд тулсныг гадны хөндлөнгийн судлаачид гаргаад ирлээ. Онц их хэмжээний хохиролтой, авлигын хэрэгт төрийн түшээдээсээ эхлээд төрийн албаараа хутгалдчихаад байхад авлигын индекс ингэж гарах нь ч аргагүй юм. Авлигатай, хууль бус зүйлтэй чөмгөө дундартал тэмцэнэ гэдэг Ерөнхийлөгчөөсөө, “Авлигатай тэмцэхийн тулд намтайгаа тэмцэнэ” гэж амласан Ерөнхий сайд нүүрсний хэрэгт татагдсан улстөрчдөдөө, намын гишүүддээ зоригтойхон хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Улсын төсөвт онц их хохирол учруулсан нүүрсний хэрэгт хуулийн байгууллага онцгой анхаарал хандуулмаар байна. Хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаа бол орон нутгийн цагдаа, прокуроруудаа татаж оролцуулаад шалгаач, Ерөнхий прокурор оо. Хэрэгтнийг баримт нотолгоотой нь барьж байгаагаа зарладаг. Ял шийтгэл хүлээлгэх болохоор сураггүй болчихдог хэргүүд Монголоор нэг байгаа. Ийм учраас хууль шүүхийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдарсаар байгаа судалгаа сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Үүний араас нүүрсний хулгайн хэрэг ч орж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Улсынхаа эсрэг, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг эрх баригч нам нь ч, хуулийн байгууллага нь ч үүнийг анх гаргаж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч цаг алдалгүй анхааралдаа авах хэрэгтэй байна.
Б.Энхзаяа
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу