Caakmedee

“Тунамал дүртэй богдыгоо туулай жилдээ зална”

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/01

“Тунамал дүртэй богдыгоо туулай жилдээ зална”

 

“Тунамал дүртэй богдыгоо туулай жилдээ зална” гэж хуучны үг бий. Эрт цагт ингэж дуулдаг ч байж. Энэ ёсоор удтал яригдсан Х Богдыг энэ харагчин усан туулай жилд ширээнд нь өргөмжлөх үү. Тэр бүү хэл сая туулай жил гармагц хаврын тэргүүн сарын шинийн гуравны хулгана өдөр өргөмжилж гэнэ ээ гэх яриа чих дэлсэж байна. Тийм бол хэдхэн хоногийн өмнө Х Богд суудалдаа заларсан байх нь.

Туулай жил ба Богдуудын холбоо ганц үүгээр зогсохгүй. Өдгөөгөөс 12 жилийн өмнөх цагаагчин төмөр туулай жилд IX Богдыг залсан нэг түүх бас байдаг. Наймдугаар Богд Жибзундамба хутагтыг 1924 онд таалал барьснаас хойш Бурхны шашны тэргүүнгүй, түүний хойд дүрийг тодруулахыг 1929 онд тас хорьж, улмаар 1990 он хүртэл нийгэм журмын замаар замнаж, ардчиллын эхний 21 жилд богдын талаар төдийлөн бодолгүй үндсэндээ “цэг тавьчихсан” явж ирсэн монголчууд 2011 оны цагаагчин төмөр туулай жилийн өвлийн эхээр IX Богд Жибзундамба хутагт буюу Жамбалнамдолчойжижанцан хэмээгч Төвөдөд 1932 онд төрсөн эрхмийг 79 нас сүүдэртэйд нь Монголын бурхан шашинтны тэргүүнээр өргөмжлөв. Богдгүй 87 жил өнгөрсний дараа мөнөөх тунамал дүртэй богдыгоо туулай жилдээ залсны эхнийх нь энэ.

 

Жамбалнамдолчойжижанцан бээр уг нь 1999 онд Монгол нутагт анх хөл тавьж Монголын дээд мяндагтан лам хуврагууд түүнийг Эрдэнэзууд авч очин далд маягаар IX Богдоор өргөсөн гэдэг ч визийн хугацаа хэтэрсэн шалтгаанаар Энэтхэг рүүгээ буцаж байв. Арван жилийн дараа 2009 онд эргэн ирж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын иргэншил авч, нэг жилийн дараа Монголын бурхан шашинтны тэргүүнээр албан ёсоор өргөмжлөгджээ. Нэг сонин зүйл гэвэл төр, шашин тусгаар байх ёстой атал 2012 он гармагц тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэрхүү шашны ямба ёсыг нь зарлигаараа баталгаажуулсан байдаг. Мөнөөх Ерөнхийлөгч асан Х.Баттулга албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба ламтан Д.Чойжамцыг 29 дэх Хамба Номун хан цол өргөмжлөн 2021 оны зун зарлиг гаргасантай агаар нэг хэрэг болж.

Гэвч нас дээр гарч, эрүүл мэндээр базаахгүй байсан IX Богдын лагшин чилээрхэж, Энэтхэгт ном үзэж байсан олон хутагт хувилгаадын хойд дүр болох монгол  залуу хуврагууд Монголд цугларч ном, гүрэм хийж, мандал өргөж, шавдан бататгах ерөөл айлдсаар сар шинийн ёсыг амьд сэрүүн өнгөрөөсөн юм. Монголчууд хий насаар 80-тайдаа бурхан болох нь хойчдоо гэмтэй хэмээн таалдаггүй учир ямар боловч цагаан сар гаргаж 81 сүүдэртэй нь золгуулаад жанч халуулахыг хичээсэн хэрэг. Лам хуврагууд аврал даатгал одуулсны буянд гэх үү, 2012 оны гуравдугаар сарын 1 буюу хар усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр таалал төгсжээ. Ингэхдээ дараа төрөлдөө Монголдоо төрнө хэмээн гэрээсэлсэн ч гэдэг. Тухайн гэрээслэлд “Миний дараах дүр Монгол Улсад төрнө, түүнийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жибзундамба хутагт улс төрийн хэрэгт оролцохгүй зөвхөн шашин номын үйл эрхэлнэ” гэсэн хэмээдэг.

 

Түүнээс хойш Х Богдыг тодруулах уу гэсэн асуулт байн байн сөхөгдсөөр дахин нэг туулай жилтэй золгомогц сэнтийд нь залсан тухай яриа чимээлэв. Батцагаан хэмээх том хийдийг хэдэн жилийн өмнө цогцлоосон нь түүний бэлтгэл ажил байсан ч байж болох. Өнгөрсөн жилүүдэд ор чимээгүй байсан ч юм биш. Далай лам 2016 онд Монголд морилж, Их тэнгэрт заларч маш явцуу хүрээнд төр, шашны дээд хүрээнийхэнтэй уулзан дараагийн Богдын талаар ярилцаж, үндсэндээ тухайн үед ой гаруйхан настай байсан нэгэн хүүг хойд дүрээр тодруулж, “Одоогоор нас балчир байгаа тул” гэсэн шалтгаанаар суудалд залахыг хойш тавьсан дуулддаг. Тэр үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц олон нийтэд зарлаж байв. Түүнийг “УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ хүү юм гэнэ” гэсэн яриа гараад намжсан. Хэний хүүхэд ч байсан өдгөө тэр хүү найм орчим настай болсон байх учиртай. XIV Далай лам Данзанжамц Монголд санаснаараа дахин дахин ирж чадахгүй улс төрийн шалтгаантай, өмнөд хөрш түүнийг Монголд морилохыг таалдаггүй, түүний дээр мөн л нас дээр гарч байгаа тул 2016 онд тийнхүү ирэхдээ хойд дүрийн талаар мэдэгдсэн нь тэр болов уу.

 

Ер нь Х Богдыг тодруулах нь хэрэгтэй, хэрэггүй гэсэн талцал маргаан нийгэмд байдаг нь нууц биш. “Өнгөрсөн баларсан үеийн хойд дүр тодруулах ёс өнөөдөр хэрэггүй. Богдтой богдгүй Монгол хөгждөгөөрөө хөгжинө. Бас нэг өндөр мяндагтан тэжээлгэж суух учиргүй. Үндсэн хуулиараа монгол хүн шүтэх эрх чөлөө нь нээлттэй, олон шашинтан зэрэгцэн оршдог болсон цагт заавал Бурхны шашныг онцолж түүний тэргүүнийг өргөмжлөх нь илүүц” гэсэн нэг хэсэг бий.

 

Нөгөө талаас улс орнууд гадагш нөлөөгөө тэлэхийн тулд зөөлөн хүчний бодлого явуулахыг эрхэмлэх болсон. Тэр жишгээр Бурхны шашны зөөлөн хүчний бодлогоор дамжуулж Монгол Улсын эерэг талыг гадна талд харуулах, баруунд болон бусад орнуудад бурхны шашин тархаж, нөлөө бүхий хүмүүс бясалгал, мөргөлийг өөртөө дадуулж буйд түшиглэн харилцааны суваг нээхэд Х Богд Жавзундамба хутагтын нэр нөлөөг ашиглаж болно гэж харах тал ч байна. Азийн бурхны шашны төв нь Монгол болж, Х Богд түүнийг тэргүүлж байваас шашны чиглэлийн аялал жуулчлалаас эхлээд бусад зүйлийг нааш татаж болно гэж үзэх хүмүүс ч байдаг. Хэрэв сая шинийн 3-нд Х Богдыг өргөмжилсөн нь үнэн бол “Тунамал дүртэй Богд туулай жилдээ” гарцаагүй залагдаж тун удахгүй шашны аль нэг дүйчин өдрөөр нийтэд энэ тухай зарлах биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу