Caakmedee

Хил давсан Ж.Мөнхбат "шүүрүүлэх"-ээс нааш ирэхгүй гэв үү?!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/03/20

Хэрэв уншигчид санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа парламентын танхимд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг казиночин, нүүрсний хулгайч зэргээр цоллож байлаа. Өнөөдөр харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ.
Гэвч мань эр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавч хийж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хил давж, БНСУ-ыг зорьсон нь араасаа олон таамаг, хардлагыг дагуулж эхэллээ. 
Монгол Улсын Засгийн газраас "Таван Ш" ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа эх орноосоо оргон зугтсан албан тушаалтан, улстөрчдийг буцааж авч ирэх үйл явцыг "Шувуу" ажиллагаа гэж нэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр "Шувуу" ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 92 хүнийг эх оронд нь авчирж, гэм бурууг нь шүүхээр тогтоолгоно. 
Тэгвэл энэ тоо нэгээр нэмэгдэх бололтой. Учир нь, яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа хил давсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг "Шувуу" ажиллагааны хүрээнд шүүрч авч ирэхээс нааш тэр эх орондоо ирэхгүй байх өндөр магадлалтай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Түүнийг АТГ-аас хэд, хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. 
Харин Ж.Мөнхбатын хувьд өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ.
Харамсалтай нь, өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөж, шалгуулахад бэлэн хэмээн мэдэгдээд байсан Ж.Мөнхбат шалгагдаж байх явцдаа Монгол Улсыг орхин гараад байна.

https://news.zindaa.mn/4jf5 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу