...Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгион хаялан мяралздаг сан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардаг сан...
гээд аялахад өөрийн эрхгүй цагийг эзэлсэн алдарт дуучин Д.Түмэндэмбэрэлийн эвлэж, аргадсан ч юм шиг цуцашгүй мөртлөө нарийн нямбай нугалаатай сэтгэл ойрхон хоолой тархинд дурсагдана.
Тэртээ 1957 онд АЖ.Түмэндэмбэрэл агсны дуулж, Алтан фондод хадгалагдсан энэхүү гайхалтай дуу өнөөдөр ч “амьд”, эдүгээ дуучин О.Баднаанямбуу гайхалтай хоолойгоороо амилуулан эгшиглүүлж байна.
Ард түмний зүрх сэтгэлд хоногшин, зуун дамжсан дуунуудыг дахин дуулах нэг хэрэг, харин өөрийнхөөрөө амьдруулах нь бас жинхэнэ уран бүтээлчийн чадварыг сорьдог. Тэр ч утгаараа дуучин СТА О.Баднаанямбуу өөрийн хэв маягаар амьдруулснаараа олон нийтийн талархлыг хүлээж буй. Тэрээр АЖ Д.Түмэндэмбэрэлийн шавь, мөнхүү өнгөрсөн зууны үеэс ард түмнээ хүндлэгдэн, алдраа дархалсан МУГЖ Ц.Өлзий-Оршихын отгон шавь.
“Учран золгохын ерөөл”, “Үүлэн цэнхэр хангай”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Би чамд хайртай”, “Чандмань эрдэнэ”, “Гэгээн наранд ойрхон өслөө”, “Энх мэндийн жаргал”, “Хүсэх алсын гялбаа” гээд олон хит дуугаа ард түмэнд дархалсан Ц.Өлзий-Оршихын шавь болохоороо ч О.Баднаанямбуугийн бүтээл нь амьд бөгөөд онцгой байдаг байх.
Түүх сөхөхөд, МУАЖ Г.Түмэндэмбэрэл агсан 1985 онд шавь МУГЖ Ц.Өлзий-Оршихтойгоо "Ээжийн хоёр хүү" хамтарсан тоглолтоо хийн өөрийн дуунуудыг дуулах эрхийг өвлүүлэн өгсөн гэдэг. Харин МУСТА О.Баднаанямбуу 2013 онд багш Ц.Өлзий-Оршихтойгоо танилцан, ард түмний хайртай гавьяат түүний уран бүтээлд нөмөр нөөлөг, зөвлөгөө тусламжаа үзүүлж ирсэн.
Гарчигт дурьдсан “захиа” буюу “Танил хаягтай захидал” уран бүтээлийн бие даасан тоглолтыг өнгөрсөн аравдугаар сарын 23-нд UB palace-ийн их танхимд толилуулахад нь багш нь өөрийнхөө болон багш Ц.Түмэнбэрэлийнхээ дуунуудыг өвлүүлэн амьдруулах ерөөл өргөж, өөрөөр хэлбэл үзэгч түмний өмнө албан ёсоор зөвшөөрөл олгосон. Ийн багш, шавийн барилдлагаа дээдлэн уран бүтээлээ бүтээж буй тэд энэ удаад Өмнөговь аймгийнханд уран бүтээлийн "захиа"-гаа өөрсдийн биеэр хүргэх нь. Тодруулбал, тэд "Танил хаягтай захидал" тоглолтоо энэ дөрөвдүгээр сарын 2-19-нд Өмнөговь аймгийн сумдад толилуулахаар болжээ.
Ийнхүү “Танил хаягтай захидал” Өмнөговь аймгаар нисэх нь. Уран бүтээлчиддээ амжилт хүсье.
О.Цэцүгэ