Caakmedee

Цагдаа нар “охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/28

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ар хустай багийн хоёрдугаар гудамжинд оршин суух хаягтай М гэх 19 настай охин 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон байдаг.
Дээрх үйл явдлаас хойш хоёр сарын дараа түүний цогцсыг аймгийн төвөөс 20 орчим км-ийн зайд нуусан байсныг цагдаа нар олсон. Эл хэрэгт холбогдуулж Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай Х.Ардабек гэгчийг баривчлаад байгаа талаар аймгийн цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.
Талийгаач айлын том охин бөгөөд нэг ах, эмэгтэй дүүтэй. Хөдөө өссөн тэрбээр Өлгий хотод суурьшаад хоёр сар амьдраад байхад нь дээрх үйл явдал болжээ. Талийгаач аймгийн төвд дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан гэнэ. Охины ар гэрийнхэн талийгаачийг О гэх эмэгтэй нэгдүгээр сарын 18-ны өдөр дуудаж гэрээс нь гаргасан гэх мэдээллийг хэлж байгаа юм.
Талийгаачийн ээж Х.Отгончимэг хэргийн талаар юу ярьсныг хүргэе.
-Эхлээд таны гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Таны охиныг найз нь дуудаад авч явсан гэв үү?
-Нэгдүгээр сарын 18-ны өдөр Одмаа гэх эмэгтэй миний охин руу чат бичиж дуудсан юм билээ. Бичсэн зурвасыг нь сүүлд уншихад бааранд байгаа талаараа хэлсэн байгаа юм. Охин минь хоёр найзтайгаа хамт очсон байна лээ. Тэнд охиныг минь хоёр найзаас нь салгаад машинд суулгаад авч явсан нь бичлэгт хадгалагдаж үлдсэн. Ингээд л охин минь гэртээ ирээгүй. Хамт явсан хоёр найзаас нь асуухад “Таны охин Одмаа эгчтэй хамт явсан” гэж хэлсэн. Одмаагийнх нь гэрт очоод асуухад “Би мэдэхгүй, хараагүй” гэж хэлж байгаа юм. “Чи чат бичиж дуудаад авч явсан байна шүү дээ” гэж тулгаад асуухад “Манайд ирсэн” гэж хэлсэн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл бидэнд хэлээгүй. Ингээд бид цагдаад мэдэгдсэн.
-Таны охин ямар хүний машинд суусан юм бол. Та мэдсэн үү?
-П.Баярсайхан, Баясгалан гэх хүмүүсийн машинд суусан гэж хэлдэг. П.Баярсайхан бол Цэнгэл сумын цагдаа. Баясгалан нь Цэнгэл багийн дарга. Харин миний охиныг гэрээс нь дуудсан Одмаа бол аймгийн төвийн сургуульд үйлчлэгч хийдэг.
-Та яг хэдний өдөр цагдаад мэдэгдсэн юм бэ. Эрэн хайх ажиллагаа хэзээ эхлэв?
-Цагдаа нар шуурхай ажилласан бол охин минь амьд олдох байсан болов уу. Цагдаад мэдэгдэхэд тэд хөдөлж өгөхгүй байсан. Сүүлд намайг дуудаад байцаахдаа “Танай охин Баярсайханы машинаас буусан байна. Өөр машин ирээд авч байгаа нь бичлэгт үлдсэн. Тэр машины дугаар, эзнийг нь бид хайж байна. Одоогоор олж чадахгүй байна” гэж хэлсэн.
-Та бүхэн эрэн хайх ажиллагаанд оролцсон уу. Цагдаагаас та бүхэнд мэдээллийг цаг тухайд нь хэлж байв уу?
-Өнгөрсөн хоёр сар надад хар дарсан зүүд шиг л байлаа. Охиныхоо хэргийн талаар цагдаагаас асуух гээд очихоор намайг ихэнхдээ оруулдаггүй. Хааяа ороход “Ажилд битгий саад бол” гэж загнана. Хэрэг хэн гэж мөрдөгч дээр байгааг надад хэлэхгүй. Тэр хүн дээр байгаа, энэ хүн дээр байгаа гэж чулуу хөөлгөнө. Зарим тохиолдолд “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү” гэж хэлээд хоорондоо хөхрөлдөж даажигнана. Үрээ алдсан эхийн сэтгэл рүү цагдаа нар ингэж л ус цацсан.
Өөр нэг асуудал нь манай хамаатны залууг энэ хэрэгт холбогдуулж цагдаа нар байцаалт авсан. Авахдаа “Чи М-ийг алсан байна. Цогцсыг нь хаана нуусан, хэл чи” гэх мэтээр дарамталж биед нь халдаж эрүүдэн шүүсэн байгаа юм. Энэ хэрэгт огт хамааралгүй хүнд хэрэг тохохыг оролдсон гэж хувьдаа харж байгаа. Аймгийн цагдаа нар биднийг дорд үзэж харьцсан. Өөр өөр цагдаа янз бүрээр хэлнэ. Серикбол гэх цагдаа “Охин чинь хот явчихсан юм биш үү”, “Нөхөрт гарчихсан байна. Өөрөө явж ол” гээд намайг түлхээд гаргаж байсан. Өмгөөлөгчдөө очиж загнуулна, цагдаа нарт янз бүрээр хэлүүлнэ. Ямар аймшигтай нийгэм бэ гэж гайхаж байлаа.
-Таны охины цогцос яг хэзээ олдсон бэ. Энэ талаарх мэдээллийг цагдаа нар та бүхэнд хэлсэн үү?
-Энэ тухай мэдээллийг гуравдугаар сарын 17-ны өдөр фэйсбүүкээс л олж уншсан. Ингээд цагдаа дээр гүйгээд очиход цагдаа нар ийш тийшээ зугтаагаад мэдээлэл өгөх хүн олдохгүй байсан. Хотоос ирсэн Буянжаргал гэх мөрдөгч “Прокурорт хүсэлт гаргаад цогцос харж болно” гэж хэлсэн. Ах нь орж цогцостой танилцсан. Жаахан охиныг минь аймшигтайгаар эрэмдэглэж хөнөөсөн байна лээ. Миний харж байгаагаар энэ хэрэгтэй П.Баярсайхан, Баясгалан, Одмаа нар холбоотой. Охиныг минь машиндаа суулгаж авч явсан Х.Ардабекийг дээрх гурван хүний хамсаатан гэж харж байна. Цагдаа гэж өөрийгөө танилцуулсан этгээд манай гэрт ирж “П.Баярсайхан, Баясгалан, Одмаа нар нь энэ хэрэгт холбогдолгүй” гэх утгатай тогтоолд гарын үсэг зурахыг тулгаж, шаардсан. Миний охины цогцос олдоогүй байхад тэр шүү дээ. Би гарын үсэг зураагүй. Одоо дээрх этгээдүүд ажлаа хэвийн хийгээд явж байна гэв.
Талийгаач охины ар гэрийн зүгээс П.Баярсайхан, Баясгалан, Одмаа нарыг дээрх хэрэгт холбоотой гэж үзэж байгаагаа онцолж байна. Одоогоор аймгийн цагдаагийн газраас энэ хэрэгт холбогдуулж 38 настай Х.Ардабек гэгчийг баривчлаад байгаа талаараа мэдээлж байгаа. Харин дээрх гурван этгээдийг тухайн хэрэгт холбогдуулж шалгасан эсэхийг тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу