Caakmedee

Бахардаад унахад нь “баашиллаа” гээд харгисаар зодсон нь үхэлд хүргэсэн

  • Мэдээ мэдээлэл
  • 2019/01/25
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч  нас барсан хэрэг гарсан. Амиа алдсан цэргийн алба хаагчийн өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Э.Билгүүн “Цагдаагийн ерөнхий газраас урьдчилсан дүгнэлт гаргаж, буруу ташаа мэдээлэл цацсан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагаа явуулах байтал энэ нь золгүй явдал байсан мэт мэдээлэл түгээлээ. Өөрөө гүйж байгаад бахардаж унаад нас барсан гэх асуудал ярьж байна. Гэтэл бахардаад унахад нь дээрээс нь дэвсэж, харгисаар зодсон гэдгийг хамт гүйж байсан алба хаагчид хэлсэн. Тэнхээгүй болтол гүйлгээд хувцасаа өглөж чадахгүй унахад нь орон дээр хэвтүүлсэн. Цагийн дараа эмч ирж үзэхэд хэдий нь нас барсан байсан. Талийгаач золгүй байдлаар амь насаа алдах үндэслэл байхгүй. Учир нь ужиг өвчингүй эрүүл чийрэг нэгэн байсан.
Талийгаачийн нуруу хэсэгт үүссэн улайлт хүүрийн толбо биш, гадны нөлөөтэй ийм толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Баруун гар шалбарсан шарх сорвитой байсан. Цагдаагийн ажилтан талийгаач нас бараад нэгхэн хонож байхад гадны нөлөөгүй нас барсан хэмээн мэдээлсэн. Харин бид үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа” гэлээ.
Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Бахардаж байхад нь баашилж байна гэж нэмж зодож, тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан байсан. Энэ нь хүнийг санаатай алах гэмт хэрэг юм. Иймд талийгаачийг зодсон цэргийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хуулийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Цэргийн эмч нар нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээгүй тул уг үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан. Мөн таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар ЦЕГ-ын дарга болон Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан” гэв.
Tалийгаач А нь айлын бага хүүхэд бөгөөд ээжтэйгээ хоёулаа амьдардаг байжээ. Өмнө нь цэрэгт татагдаж очоод дарамт, шахалтад орж зодуулж байсан тухайгаа Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байжээ. Мөн үүний дараа энэ талаар ахтайгаа утсаар холбогдон хэлж байсан аж.
Талийгаач  Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирээд дөрвөн сар болж байжээ.
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу