Caakmedee

Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, С.Эрдэнийн АН "жигүүр" болох уу?!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/04/10

Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, С.Эрдэнийн АН "жигүүр" болох уу?!

 

Монголын улс төрийн хоёр том намын нэг АН эвлэж нэгдэх гэж их л юм болж байна. Хоёр сарын өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд дөрөв, таваараа тодроод байсан АН-ын даргын маргаанд цэг тавьсан. Гэвч ингээд дээрдсэнгүй. Гэрчилгээ, тамганы хэрүүлээр үргэлжлэв.
Гэрчилгээ хаана байна, тамга тэнд байх зарчимтай. Тиймээс АН-ын шинэ дарга намынхаа гэрчилгээний эрэлд мордсон. Дээд шүүхээр дахин олгуулах гээд бараагүй. Нөгөөдүүл нь "...Хуульд заасан үндэслэлгүй  тул дахин олгохгүй" гэсэн.
Тодруулбал, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд хуралдаж, уг хүсэлтийг хэлэлцээд, "...Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр дахин олгох боломжгүй" гэж шийдвэрлэжээ. Гэтэл 2023 оны гуравдугаар сарын 28-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хуралдаж “...УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний “...Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар бүхий дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэгч Ц.Тувааны шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.
Үүнд С.Эрдэнийн талаас "...Ийнхүү гурван жил үргэлжилсэн  АН-ын тамганы маргаан өндөрлөж Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан 1117237845 хяналтын дугаар бүхий тамга хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хууль ёсны АН-ын тамга С.Эрдэнэ даргад хадгалагдаж байгаа болохыг баталсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна" гэсэн "тайлбар"-ыг түгээсэн.
Тэгвэл АН байгуулагдсаны 33 жилийн ой, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд эх сурвалжууд "...Дээд шүүх АН-ын гэрчилгээ дээр намын дарга Лу.Гантөмөрийг бүртгэж албажуулсан бичилт хийлээ" гэсэн гэрчилгээний зурагтай мэдээлэл түгээв. Харин Дээд шүүх "...АН-ын  дарга Лу.Гантөмөрөөс Дээд шүүхэд 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд намынхаа хаягийг өөрчлүүлэх өргөдөл ирүүллээ" гэж мэдээлжээ. Ийн сүүлийн хоёр сарын хугацаанд АН-тай холбоотой дөрөв, таван асуудал шүүхээр оржээ. Гэлээ гээд АН нэг талдаа гарсангүй. Хэдийгээр Лу.Гантөмөрийг баталгаажуулсан харагдаж байгаа ч тодорхой хугацааны дараа шүүхийн энэ олон шийдвэрүүд хоорондоо зөрчилтэй нь тогтоогдох магадлал өндөр байгаа юм.
Нөгөөтэйгүүр АН дотроо үл ойлголцолтой хэвээр байгаа нь нам байгуулагдсан өдрөө тус тусдаа тэмдэглэн өнгөрүүлснээс харагдав. Намын гишүүдийн дийлэнх нь Лу.Гантөмөрийн АН-д байгаа ч С.Эрдэнийн АН-д энэ намын түүхтэй салшгүй холбоотой олон улстөрч байна. Тэгэхээр АН дахь улс төр цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа юм.
Улс төрийн хүрээнд яригдаж буй мэдээллээр, "...Лу.Гантөмөр гэрчилгээтэй болохын тулд "Баянгол" зочид буудал хавиар нэлээд явсан" гэж байна. Ингэж Х.Баттулгад байсан гэрчилгээ дээр өөрийгөө бичүүлж чадсан бололтой. Хариуд нь АН-ын генсекээр Ч.Өнөрбаярыг биш Х.Баттулгын санал болгосон О.Алтангэрэлийг тавих аж. Ингэхээр тус намын томоохон олон улстөрч Лу.Гантөмөрөөс "жийгдсэн" болж таарч байгаа юм. Энэ мэтээр Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, харин С.Эрдэнэ дээр тэндээс эрх ашгаа хангаж чадаагүй хүмүүс төвлөрч, ядаж "жигүүр"-ийн хэмжээнд ажиллах зураг харагдаж байна. Үнэндээ С.Эрдэнэд том улс төр хийчих томоохон "шахааны барьц" бий. Тэр нь түүнд байгаа тамга, гэрчилгээ, тэр байтугай өөрийг нь АН-ын дарга хэмээж явуулсан сонгуулиудын хүчинтэй эсэхийг яриад эхлэх "мэх" юм. Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсний маргааш С.Эрдэнийнхэн энэ талаар дуугарснаа чимээгүй болсон билээ.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу