Caakmedee

Амиар өрөгдөж буй цементэн ширэнгэ

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2023/04/10

Хичээлээ тараад ээж, дүүгийн хамт гарцаар зам гарч явсан 12 настай охины дээрээс барилгын краны өргөгч помп унаж, амиа алдсан харамсалтай хэрэг одоогоос 11 жилийн өмнө гарсан юм. Тус хэргийг мөрдөн шалгах үеэр зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгын кран охины дээрээс унасан болох нь тогтоогдож барилгын салбар дахь бугшсан асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон билээ.
Уг эмгэнэлт явдлын дараа амиа алдсан охины аав барилгын салбар дахь сүлжилдсэн авлига, хээл хахуулийг таслан зогсоож, хяналт шалгалтыг чангаруулахыг төрийн эрх бүхий байгууллагын алба хаагчдаас хүссэн. Мөн Монгол Улсын бүх иргэний амьд явах эрхийг хангахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хичээнгүйлэн гуйсан. Мөн шаардсан юм. Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон холбогдох бусад алба хаагчид харамсалтайгаар амиа алдсан охины аав Б.Батсайхантай биечлэн уулзаж гашуудлыг нь хуваалцаж байв.  
Ийн уулзах үеэрээ Барилгын тухай хуулийг чангатгаж, Есүгэний хууль хэмээн нэрлэх эсвэл үүссэн асуудалтай холбоотой зүйл заалтыг хуульд тусгана гэж байв. Мөн охины амиа алдсан өдөр болох есдүгээр сарын гуравны өдрийг “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр“ болгон дурсан санаж байна гэдгээ ч илэрхийлж байсан юм. Гэвч хэлсэн үг нь “урт настай” хэрэгжсэнгүй. Түүнчлэн хамаг булхай нь бяцхан охины амиар илчлэгдэхтэй зэрэг суудлаа хаацайлсан дарга нар дээр, дооргүй шуугиж, зах замбараагаа алдсан барилгын салбарын асуудлыг нэг мөр эцэслэж, эмх цэгцэнд нь оруулна хэмээн ам гарч, харамсаж, харуусч буйгаа илэрхийлж байсан юм. Тэд ийн нэрэн дээрээ сүржигнэж байсан ч нидэр дээрээ ердөө түр зуур “гал унтраах” зорилгоор л цуурч байсныг нь өнөөдөр бид харж болохоор байна.  
Хэрэв тэд хэлсэндээ хүрсэн бол жил бүхэн олон арван залуус хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас алтан амиа алдахгүй байсан. Гэвч өнөө хэр нь барилгын салбарт үүрлэсэн хээл хахууль бүрэн ховхорч, танил талаараа хяналт шалгалтыг аргалдаг байдал бүр арилаагүйн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсээр л байна. 
 Хөдөлмөр хамгааллын журам зөрчсөний улмаас буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг 2020 онд 59, 2021 онд 72, 2022 онд 79 гарсан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг 2020 онд 40, 2021 онд 40, 2022 онд 58 бүртгэгдсэн байгаа юм. Хэрэв энэ хэвээр байвал цаашид хэчнээн хүн энэ янзаар амь нас, эрүүл мэндээ золихыг тааж хэлэхэд бэрх. 
Амиар өрөгдөж буй цементэн ширэнгэМҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат 
Баригдаж байгаа барилга болгон дээр эрдэнэт хүний амь нас эрсэддэг гэхэд хилсдэхгүй. Үгүй гэхэд эрсдэх өндөр эрсдэлтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг захиалагч болон гүйцэтгэгч компаниуд хувцас, малгайгаар төсөөлдөг нийтлэг хэв шинж нийгэмд тогтоод удлаа. Мөн баригдаж буй томоохон барилгад осол гарсан тохиолдолд улс төр, хууль хүчний байгууллагаар хамгаалуулдаг, цаашлаад хохирогч иргэнд мөнгө өгч нуун дарахыг оролддог байдал нийгэмд хавтгайраад байна. Гэтэл энэ бүх булхайн ард ар гэрээ тэжээх гэж хар ажил хийж байгаа залуус харамсалтайгаар амиа алдаж байна. 
Жилд дунджаар 50-70 хүн нас бардаг
Ардчилсан чөлөөт нийгэм рүү шилжсэнээс хойш барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас нийт нэг мянга гаруй хүн зуурдаар амиа алдсан гэх харамсалтай статистик бий. 2003 оноос хойш жил бүхэн тасралтгүй 50-80 хүн энэ төрлийн шалтгаанаар амь насаа алдсан байна. Магадгүй өнөө жил ч тийм тооны хүн харамсалтайгаар нас барахыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэ хэргийн буруутан хэн бэ? Энэ асуултын хариулт тун энгийн. Ерөөсөө л ашиг, олз хөөсөн компанийн эзэд болон авлига хээл хахууль авч, ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлын чиг үүргээ умартаж байгаа төрийн алба хаагчид юм.
Хэрэв хяналт тавьж буй байгууллага нь ажилдаа хариуцлагатай хандаж, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах үүрэгтэй компаниуд эл үүргээ биелүүлж чадсан бол өнөөдөр мянга орчим залуу бидний дунд, хайртай хүмүүстэйгээ хамт байх байсан.  
Төрийн хяналт яагаад сул байна вэ 
Төрийн хяналт шалгалт сул байгаагаас үүдэн олон тооны иргэд амиа алдаж байгаа талаар өмнө цухас өгүүлсэн. Үүнд олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь төрд ажиллаж буй боловсон хүчин цөөн байгаатай холбоотой аж. Энэ талаар Хотын стандарт хяналтын газрын барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гансүх хэлсэн юм.  
Тэрээр “Монголд баригдаж буй бүх барилгын үйл явцад төр хяналт тавиад шалгах боломжгүй. Учир нь хүн хүч хүрэлцэхгүй. Ганцхан өргөх механизм дээр жишээ авахад Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган өргөх механизм байна. Гэтэл үүнийг шалгадаг хүн Улаанбаатар хотын хэмжээнд хоёрхон л байцаагч байгаа юм. Энэ хоёр байцаагч бүх өргөх механизмд өдөр бүр хяналт хийж чадахгүй. Гэтэл өргөх механизм жилээс жилд нэмэгдэж байна” гэлээ. Барилга угсралтын ажлыг шалгадаг төрийн байцаагч нар цөөн байгаа тул барилга тус бүрийг очиж шалгадаггүй аж. Иймд байцаагч нарын тоог нь нэмж, хяналт, шалгалтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Мөн барилгын салбар дахь авлига, хээл хахуулийн хэрэг эрс нэмэгдэж байгаа тул хуулийг чангатгах нэн шаардлагатай байна. Барилгын салбарт бугшсан эл эдээ бээрийг шахаж чадваас барилга угсралтын үед хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас амиа алдаж буй ажилтны тоог бууруулж чадах юм.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу