Caakmedee

interfax: "Роснефть" газрын тосны бүтээгдэхүүнийг Монголын талд нөхөж нийлүүлнэ

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/06/23

interfax: "Роснефть" газрын тосны бүтээгдэхүүнийг Монголын талд нөхөж нийлүүлнэ
ОХУ-ын "Роснефть" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар лхагва гарагт уулзаж, хоёр орны эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцжээ.

 

Монгол Улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний байгууламжуудын хүчин чадлыг шинэчлэх асуудлыг мөн хөндөн ярилцсан гэж тус компани мэдээлэв. 

 

"Нийлүүлэлтийн үнийн асуудал яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байлаа. Талууд газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо зах зээлийн уян хатан ханшийг харгалзах талаар өмнө нь байгуулсан тохиролцоог тууштай хэрэгжүүлнэ гэдгээ дахин нотоллоо" гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна. 

 

Найдвартай, тасралтгүй  нийлүүлэлтийн асуудал уулзалтын нэг чухал сэдэв байсан байна. Түүнчлэн, өмнө нь тохиолдсон болон ирээдүйд тохиох эрсдэл, давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд авах арга хэмжээний талаар тохиролцжээ.

 

"Монгол Улсын төмөр замын хэт ачаалалтай холбоотойгоор энэ оны зургаадугаар сард хүргэгдээгүй газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөж нийлүүлэх асуудал бий. Гэрээний дагуу ирэх саруудад уг бүтээгдэхүүнийг нөхөж нийлүүлнэ" гэж “Роснефть” онцлон тэмдэглэсэн байна.

 

Үүнээс гадна, тус компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удахгүй хийгдэх төлөвлөгөөт засвартай холбогдуулан ирэх саруудад Монгол Улс руу хийх экспортыг нэмэгдүүлнэ гэж мэдээнд дурджээ.

 

"Роснефть" компани нь 2005 оноос  эхлэн Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус улсад нийт 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу