Caakmedee

"...Дээд шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл Үндсэн хууль зөрчиж болно"

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/07/20

 

Уг нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль сэлтийг харахаар "...Дээд шүүх нь ...хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, ...давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэсэн үүрэг нь байгаад байна. Мөн "...Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гээд бүр тодорхой заачихсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хохирсон хохироосон, гомдсон гомдоосон хэн бүхэн хэрэг маргаанаа Дээд шүүхээр эцэслэн шийдүүлэх эрхтэй.

Ер нь бол аливаа хэрэг маргааны оролцогчдын эцсийн найдвар нь Дээд шүүх л байж ирсэн. Ингэж байж Үндсэн хуулийн 16.14-т "...Монгол Улсын иргэн ...эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" гэж заасан нь хэрэгжинэ. Эрхээ эдэлж чадна.

 

Нөгөө талаар анхан, дунд шатны шүүхийн шийдвэр Дээд шүүхийн хяналтад байх ёстой. Гэтэл Дээд шүүх Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ энэ үүргээс "татгалзсан" байгаа юм. Яаж гэхээр, 2021 оны эхээр Шүүхийн тухай хууль шинээр батлагдсанаас хойш Дээд шүүхийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа олон нийтэд тун ойлгомжгүй болоод байгаа юм. Гомдол, маргаан бүрийг хүлээж авахаа больсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй заргалдах гэхээр Дээд шүүх хэмээх хана мөргөөд зогсдог. 2021 оны хавраас хойш ингэж "шударга шүүхээр шүүлгэх" эрхээрээ хохирогсдын жагсаалт улам нэмэгдсээр байна. 

Тэгсэн мөртлөө Дээд шүүхийн шүүгч нар гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал хэмээх хүчингүй "ажиллагаа"-гаар татаж аваад шийддэг. Нэр бүхий улстөрчид ингэж үйлчилсэн. Ийм зарчмаар хэргээ цайруулахаар дараагийн улстөрчид нь дараалалд зогсоод эхэлжээ.

 

Ийм "дабл стандарт" хэрэгжүүлдэг болчихсон.

Тэгвэл нэр бүхий хуульчид, иргэд "...Дээд шүүх Үндсэн хууль зөрчөөд байна" гэсэн гомдол, мэдээллийг Цэцэд гаргажээ. Цэц үүнийг 2023 оны тавдугаар сарын 3-нд дунд суудлаараа хэлэлцсэн байна.

Иргэн Н.Ариунболд, П.Ундрах-Эрдэнэ нар мэдээлэлдээ "...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг, 16.14 дэх заалт, 19.1 дэх хэсэг, 48.1 дэх хэсэг, 49.1 дэх хэсэг, 50.1.2 дахь заалт, мөн зүйлийн хоёр дахь хэсэг, 70.1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн" гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн хяналтын шатны үндсэн зорилго нь шүүхийн анхан шат, давж заалдах шатанд хууль зөрчигдөхөөс, алдаа гарах, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд оршдог. Энэ нь шүүхийн шийдвэр тухайн маргаантай асуудалд эцсийн болдогтой холбоотой. Гэтэл Шүүхийн тухай хууль эрүү, иргэн, захиргааны процессын хуульд заасанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, "...Хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" үндэслэлээр л хэргийн оролцогчид шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах эрхтэй байгаа нь учир дутагдалтай. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар мэдээлэл гаргажээ.

 

Энэ талаар Дээд шүүхээс Цэцэд гаргасан тайлбартаа "...Дээд шүүх нь хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүгээрээ анхан болон давж заалдах шатны шүүхээс ялгагддаг. Тэдгээр хоёр чиг үүргийг тухайлан дурдвал, шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангуулах болон эрх зүйг хөгжүүлэх явдал юм. Энэхүү үзэл баримтлал, зарчмыг Дээд шүүхийн бүрэн эрхэд хангаж өгчээ.

...Шүүхийн тухай хуулийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтууд нь Үндсэн хуулиар бэхжүүлэн хамгаалсан иргэний эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарласан (дордуулсан), хориглосон гэж үзэх үндэслэл байхгүй болно.

 

...Шүүгч хуульд захирагдах хэдий ч хууль тогтоогчийн баталсан бүх хууль эрх зүйн хийдэлгүй, ойлгомжтой буюу тодорхой байдаггүй тул түүнийг тодорхой хэрэг, маргаанд хэрхэн зөв ойлгон хэрэглэх, хийдэлтэй орон зайг хэрхэн нөхөх зэрэг асуудлыг Дээд шүүх тайлбараараа төлөвшүүлэх нь эргээд тухайн шүүгчийн хараат бус байдалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна "эрх зүй тодорхой, тогтвортой байх" зарчмыг хангаж, шударга ёс, хууль ёс амьдралд саадгүй хэрэгжих нэг баталгаа болдог гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн болно.

..."Зөрүүг арилгах", "зөрүүтэй хэрэглэсэн" гэдгийг ойлгохдоо шүүхүүдийн материаллаг болон процессын хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг ойлгоно" гэсэн байна.

 

Харин Цэц "...Шүүхийн тухай хуулийн 25.7.5.а дэд заалтад "...Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах", 25.7.5.б дэд заалтад "...Хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  123.2.1 дэх заалтад "...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", 123.2.3 дахь заалтад "...Шүүх хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", 1.3 дахь заалтад "...Шүүх хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн", мөн хуулийн 40.5.2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  172.2.1 дэх заалтад "...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", 172.2.3 дахь заалтад "...Шүүх хуулийг  Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн 16.14-т  "...Монгол Улсын иргэн  шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" гэсэнд нийцээгүй байна. Ингэж Үндсэн хууль зөрчсөн байх тул 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй" гэсэн шийдвэрийг гаргасан байна.

 

Цэцийн энэ шийдвэрийг 2023 оны зургадугаар сарын 8-нд УИХ хүлээж авчээ.

Эндээс харвал Дээд шүүх Шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш хоёр жил хагасын хугацаанд Үндсэн хууль зөрчсөөр иржээ. Хамгийн хачин нь Цэц үүнийг шийдвэрлэн тогтоохдоо "...2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй" гэсэн байна. Энэ нь шууд утгаараа "...Дээд шүүх тэр хүртэл Үндсэн хуулийг зөрчиж болно" гэсэн үг юм.

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу