Caakmedee

Намуудыг эзэнт гүрнүүд, мөнгөтэй хүмүүс л ашигладаг

  • Улс төр
  • 2019/02/19
Хүмүүс үзэл онолоороо, элдэв сонирхлоороо, хөрөнгө чинээний хэмжээгээрээ... ер ямар ч үзүүлэлт, шинжээрээ нэгдэж болно. Тэгж ч иржээ. Гэхдээ улстөрийн нам хэмээгдэх нэгдэл, хамтлагт нэгэн жигшмээр содон шинж, онцлог бий. Нам бүхэн л улс орноо, нийгмээ өөд нь татаж сайн сайхан байдлыг авч ирнэ гэж хуурамчилдаг. Энэ нь гагцхүү сонгогчдын саналыг гохдож авах өгөөш болдог. Дэгээнд хийсэн өгөөшийг үмхсэн загас бүхэн зовж тарчилсаар үхдэг. Яг л ийм дүр зураг өнөөдөр Монгол оронд буй болжээ. Нам бүр загасчин, амлалт бүр өгөөш төдий, сонгогчдыг 4 жилийн хугацаагаар эрэг дээр гаргаж хаядаг, тэд ч амаа ангалзуулан дэмий тонгочсоор үхэж, үрэгдэж, ядуурч, турсаар байна... 
 
НАМУУД ГЭЖ ЮУ ВЭ? Цаад харийн эздийнхээ түлхээсээр, тэдний зааж өгсөн арга, залиар Монголын ард түмнийг хууран мэхэлж, баялгийг нь гадагшаа зувчуулахад ашиглагдаж байдаг хэрэгсэл-луйврын багаж зэвсэг болж намууд ойлгогдох боллоо. Монгол дахь улстөрийн намуудыг үүрэг, функциар нь тодорхойлох, оноосон нэр өгөх гэвэл яг л ингэж үзэхээс өөр арга алга байна. Онолын хувьд бол олон хувилбар бий л дээ. Гэвч тэрэнд хууртаж болдоггүй бололтой. Тэргүүний, сайн хүмүүс нэгдээд улс, эх орноо өөд нь татаж болох юм. Ухаалаг, онцгой оюунлаг хэсэг нь нэгдээд ямар ч алдаа, дутагдалгүйгээр нийгмээ зөв удирдан залж бусдын 20 жилд ч хийж чадахааргүйг 2-хон жилд гүйцэтгэж хэн болохоо харуулж ч бас болно. Ороолон, чөтгөр шиг нь нэгдчихээд орон улсыг маань луйвар, булхай үүрлэсэн, идэх, завшихын дон шүглэсэн там болгож ч мөн болох ажээ. Олигархиуд гээчид нь нэгдчихээд одоо хүртэл тэсэж, тогтож ирсэн Ар Монголыг маань хэдэн шуудай ам.доллараар арилжаад устгах, мөхөх замд нь түлхэн оруулж ч бас болох билээ. Нам нэг бүр дан ганц монгол хүмүүсээс бүрэлдэх, бүтэх атлаа улс үндэстний маань эх, эцэг нь, ивээгч, тэтгэгч нь ч болж болох, мөн хөнөөлт дайсан нь, эрлэгийн элч нь ч байж чадах бололтой. Гэтэл 1992 оны Үндсэн хуулиар зөвхөн тэдэнд л улстөрийн гэгдэх бүх албан тушаалыг мөнхөд гэхээр өмчлүүлэн өгчихжээ. Улсын их хуралд нэр дэвшүүлэх эрхийг намууд л эдэлнэ. Олонхи болсон намын дарга ерөнхий сайд болж Засгийн газрын гишүүдийг намынхаа хүмүүсээс томилуулна. Зөвхөн УИХ-д суудалтай нам л Монгол улсын ерөнхийлөгчид өөрийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Намаа, намынхныгаа тэтгэх, дэмжихийг ил, далд хүсэмжилсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монгол улсын хот, хөдөөгийн үлдэх бүх том дарга нарыг намаасаа томилно, томилуулна. Ингээд л бүх эрх мэдэл нэгэн намын гарт төвлөрнө. Цагдаагийн бороохой, шүүхийн тогтоол, прокурорын баривчлах зөвшөөрөл, оноох ял, мэргэжлийн комиссынхны оноодог торгууль... бүгд л цаанаа эрх баригч “намын урт гарын” оролцоотой болчихно. Ингэхлээр Монголын төр засаг бүхлээрээ, Монгол улс бүтнээрээ намын мэдэлд, намын гарт байгаа болж байна. Ийм учир жирийн нэгэн иргэний хувь заяа эцсийн дүндээ эрх баригч намын хэн болохоос нь 100 хувь хамаардаг ажээ. 
 
Хүн төрөлхтний түүхээс үзэх ахул нам нь аль нэгэн том хүчнээс ард олныг хуурах, дарангуйлах, үндэсний эд баялгийг цөлмөн авах, элдэв янзын онол сургаалд хүчлэн итгүүлэх зэвсэг болсоор иржээ. Хэрэг дээрээ яг, цэвэр, 100 хувь ард түмэнд үйлчилж ирсэн нам нэг ч байсангүй. Бүр хэдэн мянган ширхэг намаас шүү!!..
Английн жишээ гэхэд л улстөрийн намууд нь ч тэр, мөн засгийн газар нь ч тэр анх парламентаасаа төрж гарчээ. Улстөрийн талаар идэвхтэй, тэр цагийн овсгоо самбаа бүхий “сүйхээтнүүдээс” энэ хоёр институц гарвалтай ажээ. Улстөрийг нэгэн зүйл бизнес, нэр төр, мөнгө хийх хялбар арга гэж үзэж байсан тэр эрхмүүдийн гарын бүтээл болох намууд дорхноо л үндэсний том хөрөнгөтөнгүүдийн гар хөл, хааны далд холбоотон, язгууртан цөөнхийн орогнодог газар болж хувирчээ. Английн Парламентын дээд танхимыг ард түмэн сонгодоггүй. Тэнд чинээлэг, язгууртан эрхмүүд бүх насаараа сууж л байдаг. Харин олон нийтийн төлөөлөл гэгдэх доод танхим нь бараг хэзээ ч сонгогдсон хугацаагаа гүйцээж чадалгүй хөөн тараагдсаар байдаг болжээ. Засгийн газрыг нь Хатан хааны засгийн газар гэж өнөөдөр нэрлэж байна. Хэрэг дээрээ яг тийм юм билээ. Намаар дамжуулж юуг ч хийж болохыг таньж, ашиглаж сурсан английн томчууд колони байсан орнууддаа олон намыг өөгшүүлэн дэмжиж байгуулаад дараа нь аль нэгэн зусар, зальхай, үндэсний ашиг, сонирхлыг худалдаж чадах нэгнийг нь өөртөө далдуур элсүүлж түүнийг гар хөлөө болгоод, урьдын адил колончлогч, шинэ колончлогч болон үлдсээр иржээ. Одоо энэ аргыг АНУ, Орос, Хятад, Франц, Япон мэтийн том хүчирхэг орнууд ч өргөн хэрэглэх боллоо. 
Англидаа бол хөрөнгөтөнгүүд төрийг бүрэн зайдагнадаг. Хамгийн том нь Хатан хаан. Хатан хааны нэрийг колони, хараат орнууддаа ч ихэд ашиглаж уламжлалын хүчийг ноёрхлын зэвсэг болгодог хэвээрээ байна. 
 
Дэлхийн хэмжээний том колончлогчдын зохион бүтээсэн “нам” хэмээх энэ гох, дэгээний систем Монголд өнгөрсөн 28 жилд “амжилттай” нэвтэрчээ. Одоо гэхэд л посткоммунист орнууд ч Монголд өөрийн гэсэн түших намтай, АНУ, Герман, Канад, Япон мэтийн орнууд ч мөн өөр өөрийн намуудтай болчихсон буюу болсоор байна. Намуудаар гар, хөл хийж байж л Монголын газар нутаг, баялагт эзэн суух боломжтой гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд бүгдээрээ “Шилмэл загасчид”. Дэгээндээ юу хийж, аль намыг хэрхэн барихаа андахгүй мэднэ. 
Намуудыг эзэнт гүрнүүд, мөнгөтэй хүмүүс л сайн ашигладаг. Тэд өөрсдийн нь хувьд бууны нохой болсон намыг элдвээр дэмжиж парламентад олонхи болгодог. Олонхи болсон нам засгийн газрыг байгуулж, бас өөрийн ерөнхийлөгчтэй болж аваад цаад эздийнхээ хүсэл, дохио, зааврыг “мэдлээ, гүйцэтгэе!” гээд л биелүүлж эхэлдэг ажээ. Намуудын танигдсан нүүр, царай, тогтсон дундаж жишиг, ам ба ажлын зөрөө, ялгаа нь яг хэрэг дээрээ бол ийм юм. Намд, парламентад итгэхэд хэцүү нь амьдралын үнэн ажээ. Цаад учир, утга, үр дагавар нь ийм болох тул зарим оюунлаг ард түмэн жинхэнэ эх оронч ганц хүн олж ерөнхийлөгчөөр сонгоод, түүнээрээ бас засгийн газрыг толгойлуулаад, дээр нь нэмж парламентыг хянагчаар нь томилон ажиллуулж, бас өөрсдөө ч ерөнхийлөгчийн алхам бүрийг ажиглаж, шалгаж байх болжээ. Ерөнхийлөгчийн засаглал бүхий зарим ардчилсан орон амжилт олсоор, бусдад атаархал төрүүлсээр, XX, XXI зуунд ард түмэндээ элбэг хангалуун амьдралыг бэлэглэсээр байгааг бид мэднэ. “Сайныг дагаваас сарны гэрэл, мууг дагаваас могойн хорлол” гэх эцэг өвгөдийн үнэн үгэнд захирагдаж үндсэн хуулиа өөрчлөх юмсан! Даан ч сайн юманд садаа тотгор их, мэдэхгүй байгаагаа мэддэггүй “дайсан эрдэмтэд” ч мөн олон юм даа...
 
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ард олныг аж байдлыг доройтуулсан хэрнээ, мөн далд муу санаа гаргаж хийдэл, дутагдал бүхий хуулиудыг урьдчилан бэлдэж, батлаад мөнхүү хуулиудын дагуу үндэсний баялаг (алт, нүүрс, зэс г.м) болон татвар төлөгчдийн мөнгийг завшиж баяжиж ирсэн эрхмүүд өнөөдөр “Бид хууль ер зөрчөөгүй” хэмээн ам бардам хэлсээр суугааг илчлэх, тооцох, хэрэг ер хуучирдаггүй болохыг тэдэнд арьсан дээр нь мэдрүүлэх шаардлагын тусгал, баталгаа болохуйц зүйл заалтуудыг үндсэн хууль, улстөрийн намын тухай хуульд нэмэн оруулж давтан батлах хэрэгтэй байна. Эс тэгвээс “Хууль зөрчихгүйгээр”, гэхдээ цагаан захтан луйварчдын гаршиж дадсан арга мэхээр Монголыгоо далдуур худалдаад дуусгачихаж чадах олигарх бүлэглэлүүд хар хэргээ айж ичилгүй хийсээр, төр засгийн эрхэнд тухлан суусаар байх төлөв одоо нэгэнт тодорхой болчихжээ. 
 
Үндсэн хууль, улстөрийн намын тухай хуулиар олгогдсон эрх нэг бүрд тодорхой үүрэг, хариуцлага заавал харгалзаж, бодитойгоор хэрэгжиж байх ёстой ба түүнийг хөсөрдүүлсэн бол авах арга хэмжээ, зэмлэл, шийтгэл ч мөн шууд заагдсан, тогтоогдсон байх учиртай. Бусад улсын үндсэн хууль, улстөрийн намын тухай хуульд иймэрхүү зүйл, заалт тусгагдаагүй буюу тун бага тусгагддаг нийтлэг жишиг байдаг байлаа ч гэсэн монголчууд бид улсынхаа Үндсэн хуульд, мөн улстөрийн намын тухай хуульд иймэрхүү нэмэлтүүдийг заавал хийх хэрэгтэй байна. Энэ нь манай онцлог болог л дээ... Улс, эх орон маань улстөр, бизнесийн гарвал, угшилтай луйварчдаар дүүрчихсэн үед өөр яалтай ч билээ...
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу