Caakmedee

Хяналт, хариуцлага үгүй бол мянган Оюутолгой байгаад нэмэргүй

  • Онцлох мэдээ
  • 2019/02/22
Монгол Улс дараагийн Катар болох уу? Financial times цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад “Одоохондоо үгүй” гэж хариулж байна. Тэрбээр “Монголыг “Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрбээр нийтлэлийнхээ эхэнд “Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2009?” хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрүүд нь баян тансгаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг татаж чадсан “онгодтой жил” нь юм. Манай улсын хувьд ч гэсэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулсан. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гадны хүний нүдээр харахад ямар байгааг Дэвид Пилингийн энэхүү нийтлэлээс олж харахыг хичээсэн юм. 
Түүний нийтлэлээс иш татья. “Монгол бол ашигт малтмалаар баялаг, эдийн засаг нь 2011 онд 17 хувиар өсөж байсан орон. Улаанбаатарт ирсэн уурхайчин, банкир, хуульчид бүгд л энэ орныг “дараагийн Эльдорадо /Өмнөд Америкийн алтаар баялаг нутаг. Европчууд энэ газрын талаар “Алт газар дээр зүгээр л хэвтэж байсан” гэж ярилцдаг байсан гэдэг/” хэмээн итгэхийг хүсэж байна. Энэ өгүүлбэрт монголчуудын урьж залаад байгаа хөрөнгө оруулагчдын дотор ямар бодол эргэлдэж байгааг илүү дутуу зүйлгүй онож тодорхойлжээ. Монголын банк санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан Ж.Фанниган нэгэнтээ “Катар улс 1995 онд найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсаж байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиглахад л Монголын 3 сая иргэн бүгд саятан болно” хэмээн ярьсныг ч дурдсан байна. Дэвид Пилинг түүнийг “супер өөдрөг үзэлтэн” гэж тодорхойлсон байсан бөгөөд ардчилал, шударга ёс, сайн засаглалгүйгээр энэ бүхэн хий хоосон мөрөөдөл болохыг сануулжээ. Эдийн засгийн алуурчид нь ихэвчлэн улс орны эдийн засгийн өсөлтийн талаар өөдрөг таамаглал гарган, их хэмжээний өр зээл тавиулдаг гэсэн санаа энд цухалзаж байна.
Нийтлэл рүү эргээд орьё. “Монгол Катар шиг болохоор зүтгэж байгаа ч Нигери шиг болох боломж бас байгааг анхаарах хэрэгтэй. Хүн ам сийрэг суурьшсан, Францаас гурав дахин том газар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор 3000 гаруйхан ам.доллар байгаа нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг сая долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай. Эдгээр нь
1. Хяналт
2. Шударга ёс
3. Эдийн засгийн хяналт
4. Геополитикийн оновчтой бодлого юм
Эдгээрээс хамгийн чухал нь хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зохиогч алдаа гаргажээ. Монгол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй юм/ ардчиллын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны Парламент, Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Гэвч 2008 оны сонгуулийн үед хүчирхийлэл гарчээ. Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улстай харьцуулахад гадаадад боловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Европын улсууд руу боловсрол эзэмшихээр одож байгааг нь харвал яг л Япон улс “Хөшгөө нээснийхээ дараа” баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно.
Тэд “баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн орнууд  Чили, Норвеги, Канадын хөгжлийн загварыг нухацтай судалж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна. Сард 800 ам.долларын цалинтай Парламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж байна. Энэ бүхэн Парламентын гишүүний өмнө нээгддэг эрх мэдэл, боломжийг атгахыг хүссэнийх юм. “Transparency International” олон улсын байгууллагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс авлигын хэргээр шоронд хоригдсон нь үүний жишээ” гэжээ. Бичигч авлигын тухай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шударга ёс үгүй байгааг хэлсэн байна. Тэрээр Монголын улс төрчдөд “Эхлээд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Дотооддоо хэрхэн хуваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёстой” гэсэн зөвлөгөөг өгчээ.
Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж нэгэнтээ “Монгол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо харин маш боловсролтой, үзэсгэлэнтэй болсон. Хөрөнгө оруулагчид манай баялгийг олборлох гээд дугаарлаж байна. Газар доор баялаг байсан цагт тэд хэзээд ч Монгол хөрөнгө оруулахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрээр ишлээд, гурван сая монголчуудын 500 000 нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурджээ. Түүний хэлснээр бол, монголчууд эхлээд баялгаа хэрхэн хуваарилахаас цаашдын үр өгөөж нь шалтгаалах аж.
Дарга нар “Оюутолгой хөдөллөө”, “Бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр ярьдаг. Улс орныхоо хөгжлийг хоёрхон уурхайд даатгаад хэдэн жил хэрэлдсэн шиг санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уурхай нь ашиглалтад оруулснаараа бахархах нь мэдээж л дээ. Гэхдээ хяналт, хариуцлага үгүй бол 1000 Оюутолгой байгаад нэмэргүй гэдгийг гадны нийтлэлч олж харан бидэнд сануулжээ. 
“Супер өөдрөг үзэлтэн”-ий хэлснээр бол Катар найман тэрбум ам.доллараар эдийн засгаа тэтгэж чадсан. Харин Монгол яах нь одоогоор мэдэгдээгүй байна. Эрх баригчид бонд, өр зээлийн зарцуулалтыг хамгийн үр ашигтай байх хувилбараар шийдсэн гэж баталдаг. Гэхдээ эндээ хэн, яаж ярих нь чухал биш, “Чингис бонд” болон бусад өр төлбөрийг асуудалгүйгээр цаг хугацаанд нь шилжүүлэх явдал л хэний зөв байсныг нотолно. Дэвид Пилингийн хэлсэн, хөгжилд хүргэх дөрвөн хүчин зүйл болох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байгаа эсэхийг ч харуулах юм.
Х.Батсайхан
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу