Caakmedee

Дэлхийн анхаарал сарних хойгуур

  • Онцлох мэдээ / Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2025/07/07

Дэлхийн анхаарал сарних хойгуур

 

Украины дайн шийдвэрлэх мөчдөө ирээд байна. ОХУ-ын дайралт эрчимжиж, олон улсын анхаарал өөр зүгт сарнихын хэрээр Украины оршин тогтнол, Европын аюулгүй байдал тэнцвэргүйтэж эхлэв. Барууны орнууд улс төрийн болон материаллаг дэмжлэгээ дорвитой нэмэгдүүлэхгүй бол Украины арми өнөөдрийнхөөрөө фронтын шугамыг торгоосоор байвал асар их сөрөг үр дагавар дагуулах нь ойлгомжтой юм.

ОХУ-ын хувьд Сумы мужийн ойролцоох довтолгоо нь зогсонги байдалд орсон зэрэг тактикын зарим бүтэлгүйтэлтэй тулгарсан ч гэлээ Донбасст ахиц дэвшил гаргасаар байна. Одоогоор гаргасан амжилтуудыг нь стратегийн түвшинд хараахан авч үзэхгүй. Гэсэн ч Оросын ахиц дэвшил түгшүүртэй бодит байдлыг онцолж байна. Украины арми байнгын хамгаалалтын горимд нөөцийн хомсдолтой тулалдаж байна.

Хамгийн муу нь Украины эсрэг Оросын кампанит ажил зөвхөн фронтын шугамаар хязгаарлагдахаа больсон билээ. Тодруулбал, энгийн иргэд олноор оршин суудаг Киев, Харьков, Сумы, Днепр хотууд сүүлийн долоо хоногуудад удаа дараалан их хэмжээний нисгэгчгүй нисэх онгоц, пуужингийн бай болов. Энгийн иргэдийн аминд хүрч, олны сэтгэл санааг дордуулах нь зорилготой стратеги.

Энэ хооронд дэлхий нийтийн анхаарал өөр зүгт шилжлээ. Израиль, Ираны сөргөлдөөн хурцадмал байдалд хүрч, АНУ хөндлөнгөөс оролцож эхэллээ. Ойрхи Дорнодын тогтворгүй байдал бүхэлдээ барууны удирдагчид болон хэвлэлийнхний анхаарлыг татаж байна.

Энэ бол Кремлийн хувьд сайн мэдээ. Дэлхийн анхаарал сарнисан үеэр ОХУ довтолгоогоо зардал багатайгаар нэмэгдүүлж байна.

Иймд барууныхан яг одоо арга хэмжээ авах ёстой. Цэргийн тусламжийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, хатуу хориг арга хэмжээ авах зэрэг нь зайлшгүй шаардлагатайгаар зогсохгүй яаралтай хийх зүйл болоод байна.

Дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд гал зогсоох хэлэлцээрийн хүчин чармайлтууд бүгд бүтэлгүйтсэн гэхэд болно.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн сарын 20-нд "Одоо бидэнд стратегийн давуу тал бий. Бид үүнийг яагаад алдах ёстой гэж? Бид үүнийг алдахгүй. Цаашаа улам ахина. Бид урагшилж байна, цаашид ч урагшлах болно" гэж Оросын байр суурийг тодорхой илэрхийлсэн юм.

Мөн өдөр Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо "Би орос, украинчуудыг нэг ард түмэн гэж үздэг. Энэ утгаараа Украин тэр чигээрээ биднийх" гэж хэжээ. Энэ бол зүгээр нэг үг биш, энэ бол номлол, сургааль. Оросын өнөөгийн дайн зөвхөн газар нутгийн тухай биш юм. Украиныг тусгаар тогтносон улс биш болгох нь Путины алсын хараа.

ОХУ өдгөө Запорожьед томоохон хэмжээний довтолгоо хийж болзошгүй байгааг нотлох баримтууд харуулж байна. Энэ нь Украины аль хэдийнэ шавхагдсан нөөцийг улам барах нь ойлгомжтой. Хүн хүч, зэр зэвсгийн хомсдолд орсон Украин сөрөг довтолгоо хийж, эмзэг байрлалаа хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Асуудлыг улам хурцатгаж байгаа зүйл бол АНУ-ын дэмжлэг. Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш АНУ-ын дэмжлэг уналтад ороод буй. Шинэ засаг захиргааны хугацаанд нэг ч тусламжийн багц батлагдаагүй.

Эсрэгээрээ нэн шаардлагатай хамгаалалтын системийг Израиль руу чиглүүлэв.

Цэргийн тусламжийг зогсоох нь Москвагийн эсрэг дипломат хөшүүрэг бий болгож, Вашингтонд зуучлагчийн үүргээ гүйцэтгэх боломж олгоно гэдэгт Трамп итгэлтэй байгаа бололтой. Гэвч Оросын мэдэгдэл, үйлдлээс харахад тэд энхийн хэлэлцээрийг сонирхохгүй байна. Тэд зөвхөн бүрэн ялалтыг л зорьж байна. Өнөөдөр гал зогсоолоо гэхэд энэ нь Орост дахин бүлэглэх, зэвсэглэх, бэлтгэх хугацаа олгоно.

Европ ч ялгаагүй АНУ-тай адил хойргошиж орхижээ. Европын холбооны удирдагчид хатуу, шийдэмгий үгс хэлэх ч гэлээ тэдний бодит дэмжлэг хоцорч байна. 17-ийн 17 хориг арга хэмжээний багцыг баталсан ч энэ нь ОХУ-ын дайтах чадварт дорвитой нөлөөлсөнгүй, бууруулсангүй. Муу дээрээ муухай гэгчээр холбооны гишүүн Унгар, Словак улсууд Оросын газрын тос, байгалийн хийг онилж буй хоригийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Үүний үр дүнд холбооны 18 дахь хориг арга хэмжээний багц гацсан байдалтай байна.

Европын орнууд Украиныг дэмжинэ гэж амлах хэдий ч тэдний зарцуулсан мөнгөн дүн нэгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тэдний Оросын эрчим хүчинд зарцуулсан мөнгө Украины дайны чадавхийг дэмжихэд зориулсан мөнгийг гүйцэхгүй байгааг хэд хэдэн судалгаагаар нотолжээ.

Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнд нухацтай анхаарал хандуулахгүй бол болохгүй нь үнэн. Гэсэн ч геополитикийн энэхүү эргэлт Украинд ихээхэн хохирол учруулж байна.

АНУ-ын сенатч Линдси Грэмийн өргөн барьсан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн төсөл гацсан байдалтай. Шинэ хориг арга хэмжээ авах тухай санааг Трамп эсэргүүцэж, энэ нь зуучлалын хүчин чармайлтад саад болно гэжээ. Гэхдээ Линдси Грэм саяхны нэгэн ярилцлагадаа "Трамп одоо хуулийн төслийг урагшлуулахад бэлэн байгаа. Шинэ хуулийн төслийн дагуу Оростой бизнес эрхэлдэг улс орнуудад 500 хүртэлх хувийн татвар ногдуулна. Хэрэв эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл Кремльд эдийн засгийн бодит хохирол учруулах нь дамжиггүй" гэжээ. Хуулийн төсөл үнэхээр батлагдлаа гэхэд хэрэгжилт үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй.

Украинд заналхийлж буй бас нэгэн аюул бол Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хөгжил. Нэгэн цагт Ираны импортоос хамааралтай байсан шахед нисгэгчгүй онгоцны дотоодын үйлдвэрлэл 2024 онд өдөрт 21 ширхэг байсан бол өдгөө 70 болж, 400 хувийн өсөлт үзүүлжээ.

Гэвч Украинд ийм тансаглал байхгүй. Украин үргэлжлүүлэн тэмцэх ёстой. Энэ бол өөдрөг үзэл биш, зайлшгүй шаардлага.

Өнөөдөр Украинд туслах нь Европын орнуудын хувьд өөрдсийн аюулгүй байдлын төлөөх хөрөнгө оруулалт. Дэмжлэгийг хойш тавьбал илүү их төлөөс төлөх магадлалтай. Өнөөдөр хойш суух нь зөвхөн Украинаас урвасанд тооцогдохгүй, эвслийн болсон эрх чөлөө, бүрэн эрхт байдал, хууль дээдлэх ёсноос урвасан хэрэг болно.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу