Caakmedee

Улс төрийн намууд Цэцийн шийдвэрийг тойрч хэсэгтээ "хэрэлдэх" бололтой

  • Улс төр
  • 2019/05/29

Даваа гарагт Хэнтийн нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан. Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн. 
Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон  УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Мөн нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс бус Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж  байна хэмээн дүгнэв.  
Цэцийн дүгнэлт Хэнтийд нөхөн сонгууль болох эсэхийг бүр ч эргэлзээтэй болгоод байна.  Одоо Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээ 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв  УИХ дээрхи шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл сонгууль болохгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.
Ямартай ч Цэцийн энэ шийдвэр улс төрийн намуудын дунд хэрүүлийн алим болж хувираад байна. Үндсэн хуулийн цэц хуралдсаны маргааш буюу өчигдөр улс төрийн намууд ээлж дараалан мэдээлэл хийж, бие биеэ буруутгав. Уг нь улс төрийн намууд институцийнхээ хувьд сонгуульд нэр дэвшигчээ оролцуулах л үүрэгтэй.  Тэгснээс сонгууль зохион байгуулдаг, сонгууль болох эсэхийг шийддэг байгууллага биш л дээ.  Сонгууль явуулах нь төрийн,  бүр тодруулбал УИХ-ын үүрэг. Гэвч  намууд бие биеэ буруутгаж байна.
Цэцийн дүнэлттэй холбоотойгоор улс төрийн намуудын илэрхийлсэн байр суурийг товчлон хүргэж байна.
МАХН: Цэц жүжиг тоглолоо,  онолын шүүх боллоо
МАХН-ын дарга  Н.Энхбаяр: “МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, Үндсэн хуулийн цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг авсан...Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё... Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө”
АРДЧИЛСАН НАМ: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа
АН-ын дарга С.Эрдэнэ: "Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн нөхцөл үүсчихлээ. Эрх баригч намын хувьд хийж байгаа үйлдэл нь ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна.
Сөрөг хүчний хувьд Үндсэн хуулийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй, харин ч МАН-ын угшилтай хүмүүс Цэцэд олон бий.Улс төрийн хариуцлагагүй шийдвэр гаргачихаад түүнийгээ сөрөг хүчин болон бусад руу нялзаах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач биш аль нэг, олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэдэг байгууллага болсноо ил тод харууллаа"
МАН: Цэцийн дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар: “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гурван үндэслэлээр гарсан байсан. Энэ дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа. Агуулга бус тоо хөөсөн шийдвэр гарсан.
АН-ын дарга өнөөдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө эрх баригч намын захиалгаар Цэц шийдвэр гаргалаа гэж байна. Харин ч энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг АН-ын дарга С.Эрдэнэ барьж Нөхөн сонгуулийн ялагдал АН-ын даргатай хариуцлага тооцох байсан учраас ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хэмжээг АН-аас авсан. Энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл байсан”
МАН-ын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл: Манай нам энэ сонгуульд оролцоход бэлэн байгаа. Харин АН хоёр хуваагдсан. Намын дарга байсан хүн нь намаасаа гараад хөдөлгөөн байгуулсан. АН-ын угшилтай 2-3 нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай байсан учраас энэ сонгуулийг хийхгүй байх тал дээр бүх талаараа ажилласан. Олон иргэн Цэцэд гомдол гаргасан юм байна.Үүнийг МАН-аас захиалсан гэж ярьж байгаагаа АН зогсоох ёстой" хэмээсэн билээ. 
 Г.Хантулга
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу