Caakmedee

Банкууд хуулийн хүрээнд хөрөнгөө нэмэгдүүлсэн эсэхэд ОУВС шалгалт хийнэ

  • Онцлох мэдээ / Эдийн засаг
  • 2019/06/24


Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч хойшилсон шалтгаан нь Арилжааны банкуудтай холбоотой болохыг Сангийн сайд  энэ сарын эхээр мэдэгдэж байсан билээ. Тухайлбал, тус сангийн зүгээс  арилжааны банкуудын санхүүгийн ил тод байдлыг сайжруулж банкууд өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлсэнд шалгалт хийх шаардлага тавьсан гэх мэдээлэл бий. Гэхдээ Засгийн газарт ийм шахалт шаардлага тавьж олгох ёстой санхүүжилтээ хойшлуулах нь анхны тохиролцоогоо зөрчсөн үйлдэл биш гэж үү. 
Энэ дагуу Банкууд хуулийн хүрээнд хөрөнгөө нэмэгдүүлсэн эсэхэд шалгалт хийхээр олон улсын аудитын байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байгааг Сангийн сайд хэлж байсан билээ. Эндээс хөндлөнгийн  санхүүгийн байгууллагыг сонгож шалгалт хийлгэнэ, тэр нь хэн ч байж магадгүй гэдэг нь анзаарагдаж байгаа юм. 
Арилжааны банкуудын активын чанарыг үнэлгээг 2018 оны  хоёрдугаар сард танилцуулж байсан бөгөөд өнгөрөгч оны 12 дугаар сард багтаан  өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлэх ёстойг анхааруулж байсан билээ.  
Ер нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад 2017 оны намраас ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд шалгалт хийж, активаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн байдаг. Эндээс активаа нэмэгдүүлж чадаагүй үндэслэлээр Капитал банк дампуурлаа зарласан бол нэмээд долоон банкинд “Активын чанарын үнэлгээ 2” шалгалтыг хийх шаардлагыг ОУВС-гаас тавих болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв.  Өөрөөр хэлбэл арилжааны банкууд эх үүсвэрээ хаанаас ямар замаар бүрдүүлэв гэдгийг тодруулж тодорхойлох юм байна.
Ингэхдээ  хуульд өөрчлөлт оруулах замаар  банкуудад хоёр дахь удаагаа шалгалт явуулахыг ОУВС болон Монголын Засгийн газар тохиролцсон гэх мэдээлэл байгаа юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр ОУВС дараагийн мөнгөө өгөхийн тулд Монголын арилжааны хэдэн банкийг эрх үүсвэрээ яаж нэмэгдүүлснийг мөрдөж шалгахаар гадны хөлсний санхүүгийн байгууллагыг хөлслөх гэж байгаа гэдэг нь тодорхой байна. Харин үүнийг нь Засгийн газар нууцалж, "олон улсын аудит" гэсэн эерүү үгээр илэрхийлж,  банкуудын мөрдлөгийг хаацайлж байгаа юм биш үү.    
Тэгээд ч ОУВС анх гэрээ  тохиролцоо байгуулахдаа Монголын арилжааны банкуудад шалгалт "мөрдлөг" явуулах асуудал огт тусгагдаагүй байсан гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн онцолж байгаа юм. 
Анх 2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилтийг  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгохоор 2017 онд хоёр тал тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт “гацсан”, ОУВС-гийн зүгээс Монголын банкуудыг  шалгасныхаа дараа санхүүжилтээ үргэлжүүлж олгоно гэсэн шахалт үзүүлэх болжээ.
Энэ асуудлаар Сангийн сайдын өгсөн “Монголын арилжааны банкуудад капиталаа нэмэгдүүлэх шаардлагыг ОУВС-гаас өгсөн. Үүний хүрээнд 2018 оны төгсгөл дээр арилжааны банкуудын активын чанарын үнэлгээ хийгдэж, тодорхой тооны банкуудад капиталаа нэмэгдүүлэх үүргийг өгсөн.  Одоо харин ОУВС-гаас капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх тайлбарыг Сангийн яасны зүгээс өгч буй.
Дашрамд дурдахад ОУВС-гийн гурван жилийн хугацаатай  өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд  донор орнуудаас болон сангаас нийтдээ 5.5 тэрбумын санхүүжилт авахаар тохиролцоод байгаа билээ.
М.Нэргүй
Zaluu.comскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу