Caakmedee

Дэлхийн улсууд авлигын эсрэг блокчейн ашиглаад эхэллээ, гэтэл бид хууль ч үгүй сууж байна

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2019/08/20

Нэрт эдийн засагч Эрнандо де Сото аль есөн жилийн өмнө “Улаанбаатарын гэр хороололд иргэдийн өмчийн бүртгэлийг сайжруулбал их боломж байна даа. Газар хашааг бүртгэлжүүлж өмчлөх эрхийг нь баталгаажуулаад өгчихвөл долоон тэрбум ам.долларын үхмэл хөрөнгө амилна
. Энэ хэмжээний мөнгө эдийн засаг, санхүүгийн эргэлтэд ороход асуудал алга” гэж хэлчихээд буцсаныг тод санаж байна. Харамсалтай нь мань эрийг явснаас хойш өнөөг хүртэлх Засгийн газрууд гэр хорооллын иргэдийн өмчлөлийг бүртгэх тал дээр ямар ч ахицтай, гэгээтэй ажил хийсэнгүй. Эрнандо де Сотогийн толгой сэгсэрч хэлсэн долоон тэрбум ам.доллар өнөөг хүртэл амь ороогүй байна. Хэрвээ иргэд газраа өмчлөөд авчихвал банкинд барьцаанд тавиад зээл авна. Зээл авсан иргэд эдийн засгийг жинхэнэ тэтгэж эхэлнэ. Хувийн бизнес эрхэлнэ, адаглаад байрны урьдчилгаа хийж ипотект хамрагдана. Үр дүнд нь барилгын салбар сэргээд ирнэ. Барилгын салбар сэргээд ирвэл ажлын байр нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдвэл орлоготой айлын тоо өснө, орлоготой айлууд нэмэгдэх хэрээр хэрэглээ өснө, хэрэглээ өсөх тусам эдийн засаг тэлнэ. Эдийн засгийн тэлэлт ийм энгийн уялдаа, гаргалгаатай. Гэр хорооллын иргэд газраа өмчлөхөд л түрүүн хэлсэн гинжин холбоогоор эдийн засаг сэвхийгээд ирэх зураг харагдаж байна.
Гэр хорооллоо үнэ оруул гэж зөвлөөд буцсан Эрнандо де Сото өнөөдөр Америкийн хувийн том хөрөнгө оруулагчидтай хамтраад нэг төсөл эхлүүлжээ. Тэр төслийн өгөөжөөр захын хорооллын ядуу иргэд блокчейн ашиглаж хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд эхэлчихэж. Блокчейнийг энэ мэтээр эдийн засгаа сэргээхэд ашиглаж буй өчнөөн жишээ дуулдаж байна. Товчхондоо хүн төрөлхтөн блокчейнийг ядуурлын эсрэг тэмцэх хүчирхэг зэвсэг болгох нь тов тодорхой болжээ. Жишээ дурдахаас өмнө блокчейн гэж юу вэ гэсэн асуултад энгийн хариу өгье. Хүмүүсийн ихэнх нь блокчейнийг биткойн гэж төсөөлөөд яваа. Яг үнэндээ хамаагүй өргөн ойлголт л доо. Хар ухаанаар зүйрлэвэл блокчейнийг интернэт гэж сэтгэвэл биткойн ердөө л и-мэйл. Яахоо, жи-мэйл гээд и-мэйлийн төрөл бол өчнөөн янз. Өдгөө хүн төрөлхтөн интернэтээр дамжин фэйсбүүк, твиттер, элдэв и-мэйлээр мэдээлэл дамжуулж байна. Блокчейн ч ялгаагүй. Блокчейнийг ашиглаад төрийн, эмнэлгийн үйлчилгээ, хөрөнгийн бүртгэл, тэр бүү хэл зээл авах боломжтой.
Наад захын жишээ гэхэд л Швед улс жижиг хэмжээний үл хөдлөх хөрөнгийн худалдаа, шилжүүлгийг блокчейн ашиглан хийж байна. Банк ашиглаж төлбөр гүйлгээ хийх нь өндөр зарлагатай гэсэн сул талтай. Энэ шалтгаан цахим валют руу шуурахад хүргэж байгааг нэг тоогоор нотолъё. Хөгжил муутай улсууд орлогын хувьд гадаадад ажилладаг цагаач иргэдийнхээ гуйвуулгаас хамааралтай гэсэн нийтлэг зураг ажиглагддаг. 2016 онд дэлхий даяар нийтдээ 430 тэрбум ам.долларын гадаад гуйвуулга хийгдсэн статистик бий. Манай улсын эдийн засагтай харьцуулбал 43-аар үржүүлэхтэй тэнцэхээр том тоо. Энэ том мөнгөний 7.5 хувийг банкууд авдаг гээд төсөөл дөө. Ийм үнэтэй, өртөг зардлын дундын оролцогчдыг хасч, шууд гуйвуулга хийх боломжийг олгодгоороо блокчейн онцгойрч байна. Блокчейнийг ийм гүйлгээнд ашиглаад эхэлбэл ядуу цагаач ажиллагсдад маш том боломж нээгдэнэ гэж дэлхийн улс орнуудын учир мэдэх улс хараад эхэлчихлээ. Блокчейн ядууралтай тэмцэх хүчтэй зэвсэг гээд байгаагийн нэг том шалтгаан нь энэ.
Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчлөх гээд байгаа блокчейн гэдэг технологи яг юугаараа тийм онцгой билээ гэсэн асуулт ургаж таарна. Товчхондоо блокчейнийг хэн бүхэнд нээлттэй ил байх журналын бичилт, бүртгэл хөтлөлт гээд ойлгочихож болно. Бүр энгийнчилбэл хоёр талын хийсэн аливаа хэлцлийг баталгаажуулсан асар том цахим нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг. Хувь хүмүүсийн хооронд хийсэн бүх хэлцэл, мөнгөн ба мөнгөн бус арилжааны бүх мэдээллийг цахимжуулж хадгалах боломжтой хүчирхэг эд. Яг НӨАТ-ийн бүртгэл шиг.
Гэхдээ цаасан дээрх журнал бичилттэй харьцуулбал маш том нэг ялгаа бий. Блокчейнд суурилсан цахим санг хэн ч өөрчилж барахгүй, ямар ч тоог нь дураараа засч чадахгүй гэсэн давуу талтай. Учир нь мэдээллийг хадгалж буй блок бүр нь өөрийн гэсэн нууцлалын системтэй. Ямар нэг байдлаар хакердаж өөрчилье гэвэл мэдээллийн блок бүрийг хакердах шаардлага гарна.
Яг энэ давуу талыг нь олж харсан улсууд блокчейнийг авлигын эсрэг тэмцэлдээ бас ашиглаад эхэлчихэж. Яг нарийндаа ядуурал, авлига хоёр нэг зүйлийн хоёр тал. Авлига их улсад ядуурал өндөр байдаг. Шалтгаан нь ч их энгийн. Хятадын төр засаг жил бүр 300 тэрбум юань буюу бараг 46 тэрбум ам.долларыг Гуйжоу мужийн ядууралтай тэмцэхэд төсөвлөдөг ч багагүй хэсэг нь авлигаар алга болчихдог гэнэ. Манайд мөн л ялгаагүй. Ядууралтай тэмцэхэд зориулж төсөвлөдөг мөнгөний багагүй хувь нь авлигачдын халаасанд ордог. Наад захын ойрын жишээ нь ЖДҮ байна. Хятадын хамгийн том банкнуудын нэг болох ICBC өнгөрсөн жил Гүйжоу мужид анх удаа ядуурлын эсрэг блокчейн талбар үүсгээд амжилттай туршиж эхэлжээ. Ингэснээр ядуусыг аятай амьдрахад хаягласан мөнгө эзэддээ очиж эхэлсэн гэж урд хөршийн хэвлэлүүд онцолж байна. ICBC “Баячуудаас авсан татвар төрөөр дамжиж ядууст хүрэхдээ ихэнх нь авлигачдын халаасанд ордог бол блокчейнийг ашигласнаар энэ мөнгө шууд эзэндээ очно” гэсэн философиор блокчейн флатформаа хөгжүүлж байгаа юм билээ.
Ердөө жилийн дараа ядуурлаас сална гэсэн том амбицтай яваа Хятадын бас нэг жишээг сонирхуулъя. Хятадын ядуурлын эсрэг сан “Алибаба” группийн охин компани болох “Шоргоолжин санхүүжилт” сантай хамтарч 2020 он гэхэд 10 сая нэн ядуу иргэдийн эрүүл мэндийн даатгалыг өмнөөс нь санхүүжүүлэх сайн дурын санаачилга гарган төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ийм төсөл хэрэгжүүлэх болсон нь цаанаа нарийн учиртай. Хятадын төрийн эрүүл мэндийн сангаас хийсэн сонирхолтой судалгаа энэ төслийн эхлэл шалтгаан болсон юм билээ. Өндөр өртөгтэй эмчилгээ шаардсан хүнд өвчин тусах нь ядуусыг улам эмзэг байдалд оруулдаг, өвчин-ядуурал-өвчин-ядуурал гэсэн чөтгөрийн тойрог үүсгэдгийг өнөө судалгаагаараа баталчихаж. Яг энэ шалтгаанаар урд хөрш гурван жилийн өмнө нийгмийн сайн үйлсийн талаар тусгай хууль баталж байж. Энэ хууль батлагдсанаар чинээлэг иргэд ядуу иргэдэд шууд хандив өгөх боломж нээгджээ. Төрийн халамж үйлчилгээ, төрийн албан хаагчдын элдэв хахууль гэх мэт ядууст очих мөнгийг дундаас нь завшдаг байдлыг халах том хууль гэж урд хөршийн эрх баригчид үзэж байгаа юм билээ. Сая дурдсан ядууст чиглэсэн сангийн санхүүжилт мэдээж блокчейн дээр суурилна. Хэн хэнд хэдэн юань, ямар зорилгоор зарцуулсныг блокчейн ашиглаж бүртгэнэ гэсэн үг. Тэр бүртгэлийг нь хэн ч хакердах аргагүй, ямар ч эрх мэдэлтэн дундаас нь мөнгө завших боломжгүй. Ганц Хятад ч биш Перу, Америк, Швед зэрэг улс ийм давуу талтай блокчейнийг ашиглаж ядуурлаас гарахаар урагшилж, ядуурлын том шалтгаан болсон өвчлөл, хээл хахуультай тэмцэж байна.
Блокчейн ашиглаж ядууралтай тэмцэх санаачилгуудын тухайд Bill and Melinda Gates Foundation, World Bank, Alibaba болонI ndustrial and Commercial Bank of China (ICBC) зэрэг нэр хүндтэй байгууллагууд асар их судалгаа хийж, шинэ төслүүдийг дэмжих чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгааг энэ дашрамд онцолъё.
Дэлхий даяар авлига, хээл хахууль, ядуурал, ядуурлын том шалтгаан болсон өвчлөлтэй блокчейн ашиглаж тэмцэж эхэлсэн энэ үед бид юу хийж байна вэ. Хөндөж тавихаас аргагүй том асуулт. Блокчейн ашиглаж боломжийн дажгүй аж төрөх эхлэл бол тавигдчихсан. Саяхны жишээ хэлье, олон залуус “Ид шидийн орон” төсөлд Мобиком, Скайтел-ийн candy, epoint-ийг ашиглаж хандив өгч байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ мэтчилэнгээр биткойн, блокчейн гэх мэт орчин үеийн технологиуд ашиглаж ядуурлын эсрэг олон ажил хийж болно. Наанадаж л гэр хороолод амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн даатгалд зориулж ашигладаггүй candy оноогоо хандивлах олон хүн бий. Гол нь энэ хандив ил тод, эзэндээ шууд хүрэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гар утасгүй, фэйсбүүк хэрэглэдэггүй хүн ховор болсон ийм үед өмчийн бүртгэл, газар хувьчлал, банк санхүүгийн үйлчилгээ гээд ер ямар ч чиглэлээр том төсөл эхлүүлэх боломж бий.
Эцэст нь давтан онцлоход дэлхийн том сангууд, өндөр хөгжилтэй улсууд биткойнд суурилсан аварга төслүүдэд хөрөнгө оруулж дэмжээд эхэлчихсэн. Блокчейнд суурилсан шинэ төрлийн бизнесүүд цэцэглэж буй энэ үед бидэнд ч боломж бий. Дор хаяж л Эрнандо де Сотогийн зөвлөсөн шиг гэр хорооллын иргэдийнхээ газар өмчлөлийг блокчейн ашиглаад хийчих бололцоотой. Ингэнэ гэвэл мөнгөө атгасан том хөрөнгө оруулагчид эгнэж байгаа. Тэдний мөнгийг татах нэг л арга бий. Тэр нь хууль эрх зүйн орчин бүрдүүлэх. Наад зах нь л бид биткойныг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөөд ч суугаа юм шиг, зөвшөөрөхгүй ч яваа юм шиг тодорхойгүй орчинд амьдарч байна.
Ер нь шинэ бизнзес эхлэхэд хуулийн орчноороо хоцроод байдаг гэм нийтлэг л дээ, Монголд. Захын жишээ хэлэхэд газрын ховор элементийн төслүүд яг ийм шалтгаанаар явж өгдөггүй. Газрын ховор элементийн нийт нөөцийн 70 хувь нь урд хөршид бий, урд хөршийн хамгийн том орд манай хилийн цаахна оршдог. Энэ өнцгөөс харвал Азийн Монголд газрын ховор элементийн дажгүй нөөцтэй орд нэг биш нэжгээд байх магадлал өндөр. Хаалга тогшоод ороод ирчихсэн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эринд гол хэрэглээ болох газрын ховор элементийн хайгуулд мөнгөө оруулах хөрөнгө оруулагч олон бий. Тэд хууль эрх зүйн тодорхойгүй орчноос болоод энэ салбарт зориглож ордоггүй. Газрын ховор элементийн хайгуул, олборлолт эхэлье гэхээр хатуу ашигт малтмалын хуулиар уу, ураныг зохицуулсан хуулиар уу гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш байгаа юм. Давтаад хэлэхэд дэлхий даяараа авлига, ядуурлын эсрэг ашиглаж буй блокчейнийг эдийн засгийн хөрсөн дээр буулгая гэвэл хэрэгжих боломжтой том төслүүд өчнөөн байна. Хөрөнгө оруулалт ч дэлхийгээр нэг байна. Гэвч эдгээр том төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин өнөөхөндөө алга. УИХ-д Цахим бодлогын түр хороо гэж ажилладаг. Н.Учрал гишүүний ахалдаг энэ хороо өдийд ийм утгатай яриа хөөрөө, хэлэлцүүлэг, судалгаа өрнүүлээд суувал илүү ажил хэрэгч, ухаалаг харагдах гээд байдаг.
Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу