Caakmedee

Бие даагчийн эрхийг хязгаарласан 50:26 хувилбарыг гишүүд эсэргүүцэж эхлэв

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2019/12/09


  • Холимог мажоритар хувилбар сонгуулийн саналын хуудасны зардлыг дөрөв дахин нэмнэ
  • Ард түмний нийт саналын хувиар намд УИХ-ын суудал хуваарилна гэдэг заалт лидерийнхээ "далбаан" дор бусад нэр дэвшигчээ "шургуулах" гэсэн зальжин арга

Холимог мажоритар 50:26 хувилбарын “зэс цухуйж” гишүүд “Лидерийнхээ “далбаан” дор санал авах арга сэдсэн” гэж шүүмжилж байна. 
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр гишүүд хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл олон байгааг шүүмжилж, Ажлын хэсгийн ахлагчийг “байцаав”. Тэр дундаа нэг том тойрогт өрсөлдөх нэр дэвшигч хийгээд санал хураалтын дүнд 26 хүнийг хэрхэн тодруулах талаар илүүтэй лавласан. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслөөс нэг том “но” олсон нь бие даагчийн 26 нэр дэвшигчтэй том тойрогт өрсөлдөх эрхийг хязгаарласан заалт байв. Түүнд ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тайлбарлахдаа “Бие даагч нэг том тойрогт нэр дэвших боломжгүй. Тэнд улс төрийн нам болгон 26 хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Бие даагчид жижиг 50 тойрогт байгаа” гэсэн нь гишүүдийн шүүмжлэлд өртөв. Гишүүд бие даагчийн эрхийг хязгаарлах нь Үндсэн хууль, хүний эрхийн холбогдох конвенц зөрчсөн үйлдэл болно хэмээн шүүмжилсэн бөгөөд Л.Энх-Амгалан “Бидний төсөл төгс биш, явцын дунд өөрчлөх боломжтой” гэж гишүүдийн асуултаас бултах гэж үзэв. Гэвч “26 нэр дэвшигчийн авсан нийт саналын хувиар намуудад суудал хуваарилахаар бие даагч хаагуур нь багтаж парламентын гишүүн болох вэ” гэсэн шүүмжлэлд баригдаж “26 нэр дэвшигчтэй нэг тойрогт бие даагч нэр дэвших зохицуулалт хийхэд хэцүү” хэмээн бөөрөнхийлсөн хариулт өгсөн. Мөн Ж.Батзандан гишүүн 50:26 хувилбарын зорилгыг тодорхойлохдоо “МАН-ынхан ард түмнээр бүх сонголтыг хийлгэнэ гэж сайхан яриад цаанаа нэг лидерийн нэрэн дор олон хүнийг парламентад шургуулах гэж байна. Ард түмний өгсөн нийт саналын хувиар намд УИХ-ын суудал хуваарилна гэдэг заалт лидерийнхээ “далбаан” дор бусад нэр дэвшигчээ оруулж ирэх зальжин арга. Мөн улс даяар 26 нэр дэвшигчийг тодруулна гэсэн атлаа нэг нэр дэвшигчийг дугуйл гэдэг нь хүчирхийлэл болохыг эрх баригчдад сануулж Сонгогч 26 хүнийг дугуйлж байж ард түмнээс сонгогдсон 26 болно биз дээ” гэсэн юм. Үүнд ажлын хэсгийнхэн тодорхой хариулт өгсөнгүй. Энэ үеэр СЕХ-ны дарга 50:26 хувилбар сонгуулийн зардлыг  нэмэгдүүлж буйг учирлаж байлаа. Тэрбээр “Өмнөх сонгуулиудаар нэг саналын хуудаст багтдаг байсан бол 50:26 хувилбараар дөрвөн саналын хуудас болно. Тэр хэрээр сонгуулийн зардал нэмэгдэнэ” гэв. Харин олон нэр дэвшигчтэй саналыг хуудсыг хар машин уншиж “дийлэх” эсэхэд “Туршилтаар 26 хүнээс нэгийг нь дугуйлахад хар машинд хүндрэлгүйг тогтоосон, харин 26 нэр дугуйлбал яахыг туршиж үзээгүй” гэсэн юм. Ийн гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжсэн ч, 50:26 хувилбарыг эсэргүүцэж эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх бөгөөд олон гишүүн мажоритар 50:26 тогтолцооны эсрэг санал өгөх магадлал өндөр байна.
П.Батбөх
ЗГМ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу