Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бол эхний 11 сарын байдлаар 34.8 сая тонн гаргасныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээ харуулж байна.
Эндээс харвал Монгол Улс 2019 онд төлөвлөсөн 42 сая тонн нүүрсээ экспортлох боломжгүй болж байна. Учир нь энэ хэмжээнд очиход 7.2 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай. Харин арваннэгдүгээр сарын турш 2.5 сая тонныг л гаргаад буй. Тиймээс ганцхан сарын дотор ийм хэмжээнд экспорт хийх боломжгүй юм.
Эхний 11 сард экспортолсон нүүрс үнийн дүнгээрээ нийт 2.94 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 326.8 сая ам.доллараар буюу 1.4 сая тонноор тус тус өссөн дүн юм. 2018 оны арваннэгдүгээр сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 98.3 % БНХАУ-руу гаргаад байна.
Бусад түүхий эдийн тухайд:
Оны эхний 11 сард 1.29 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага байна. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.83 тэрбум ам.доллар байсан бол тайлант сард 1.67 тэрбум доллар болж буурчээ.
Төмрийн хүдрийн экспорт 7,579.9 мянган тонн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 836.8 мянган тонноор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 5,997.9 мянган баррель буюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мянган баррелиар их боловч үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлжээ. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 64.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурсан байна.
2019 оны эхний 11 сард 187.2 сая ам.долларын 630.9 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мянган тонноор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар тус тус өссөн дүн. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 23.8 хувь ОХУ-д, 76.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
Цайрын баяжмалын тухайд эхний 11 сард 124.6 мянган тонныг тонн тутамд нь 1,406.1 ам.доллараар экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.
Молибдений баяжмалын экспорт үнийн дүнгээр 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний экспортын хилийн дундаж үнэ 8,282.6 ам.доллараас 8,750.6 ам.долларт хүрч, тонн тутамдаа 468 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 11 сард 5,189.2 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тонноор бага байна. Молибдений баяжмалын 70.1 хувийг БНХАУ-руу гаргажээ.
Ийнхүү төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайр, молибдений баяжмал, жонш, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 83, эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5%-ийг эзэлж байна.
Б.Жаргалмаа
Эх сурвалж: Ikon.mn