Caakmedee

"Сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компани Монголд салбараа нээж, төлөөллөө ажиллуулна"

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2020/01/15
УИХ-ын сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж баталлаа. Нэлээд чамбай хууль болсон. Өмнө нь гарсан маргаан, алдаа дутагдлыг зассан гэж бодож байна. Тухайлбал, 80 гаруй зөрчлийг шийдвэрлэхээр хуульчилсан. Сонгуулийн үйл ажиллагаанд долоон байгууллагаас хяналт тавина. УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө санал авах өдрийг товлон зарлаж, тойрог, мандатын хуваарилалтыг гаргана. Хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Санал авах өдрийг тогтоочихвол сонгууль зохион байгуулах нарийн графикийг СЕХ-ноос гаргах юм. Тойрог мандат хуваарилалтыг УИХ өөрөө гаргана. Энэ удаагийн хуулиар олон мандаттай тойргоос 76 гишүүн сонгохоор болсон. Нэг мандаттай тойргуудыг хоёр ба түүнээс дээш мандаттай болгохоор хуульчилсан” гэв.
Мэдээллийн дараа холбогдох байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нам, эвслүүдэд өгөхөөр хуульчилсан. Иргэдийн хувийн мэдээллийг тараах эрсдэлтэй юм биш үү. Хэрвээ мэдээллийг тараавал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнө нь нам, эвслүүдэд нэг удаа өгдөг байсан. Энэ жил сонгогчийн овог нэр, регистрийн дугаар, албан ёсны хаягийг цахимаар нэг удаа олгохоор хуульд тусгасан. Нэрсийн жагсаалтыг хувилж тараавал Зөрчлийн хуулиар шийтгэнэ.  

-Санал хураалтын машины программд халдах эрсдэлтэй гэдэг. Хэрхэн хяналт тавьдаг вэ?

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг 2012 баталсан. Нэгэнт УИХ хууль гаргачихсан учраас автоматжуулсан системээ хэрэглэнэ. Өмнө нь саналыг гараар тоолдог байхад санал авах өдрөөс хойш долоо хоногийн дараа дүн гардаг байсан. Харин одоо санал хураалт дуусаад хэдхэн секундын дараа мэдээлэл нь ирдэг болсон. Төрийн байгууллагуудын байнгын хяналтад байдаг.  Сонгуулиас өмнө ТЕГ, ХХЗХ, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг гарч, программчлал болоод хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, гэрчилгээжүүлдэг. Энэ жил тойргийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ. Өмнөх сонгуулийн үед 76 тойрогт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрөөгүй. Нэг ч гомдол ирээгүй.

-Тойрог байгуулах, мандатын хуваарилах асуудлаар СЕХ УИХ-д санал хүргүүлдэг. Тойрог, мандатыг хэрхэн хуваарилахаар санал хүргүүлсэн бэ?

-СЕХ УИХ-д саналаа хүргүүлсэн. Ингэхдээ өмнөх бүх сонгуульд тойрог, мандатыг хэрхэн хуваарилж байсан мэдээллийг хамт хүргүүлсэн. Хуулиараа тойрог байгуулж, мандат хуваарилахад СЕХ оролцох үүрэггүй. УИХ өөрөө шийдвэрлэх хуультай.

-УИХ-ын гишүүд сар шинийн баяраар иргэдэд гарын бэлэг хүргүүлдэг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа н.Чинбат: Сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн аливаа этгээд нийтийг хамарсан уралдаан тэмцээн,  баяр наадам, хүлээн авалт зохион байгуулах, мөнгө, эд бараа тараах, гадаадад аялуулах зэргийг хуулиар хориглосон.  Харин одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдийн хувьд тайлан тавих ажил нээлттэй. Харин сурталчилгаа явуулахыг хориглоно. Зөрчлийн тухай хуулиар хорин сая төгрөг, хуулийн этгээдийг хоёр зуун сая төгрөгөөр торгох зохицуулалттай.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: УИХ-ын гишүүд бэлэг тарааж болохгүй. Зөвхөн тайлан тавьж болно. Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.  

-Цахим орчинтой холбоотой зохицуулалтыг хэрхэн хийж байгаа вэ?

-ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Лувсан-Очир: УИХ-ын сонгуулийн тухай хуульд цахим орчин ашиглаж, сурталчилгаа дамжуулах зохицуулалт нэмсэн. Цахим орчинд гурван хэлбэрээр сурталчилгаа хийж болно. Нэгдүгээрт, нам, эвсэл өөрийн веб хуудсаар сурталчилгаа явуулж болно. Хоёрдугаарт, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсаар сурталчилгаа хийж болно. Өөрөөр хэлбэл,  нэр дэвшигч өөрийн хувийн хаягаар сурталчилгаа явуулах боломжтой. Гуравдугаарт, мэдээ, мэдээллийн цахим хуудсыг ашиглаж болно. Ингэхдээ нам, эвслийн болон нэр дэвшигчийн веб хуудас, өөрийн албан ёсны цахим хуудсаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар торгоно. Гурав дахь мэдээллийн цахим хуудаст сэтгэгдэл бичих боломжгүйгээр тохиргоо хийх юм.

Хяналтын тухайд Цагдаагийн төв байгууллага, СЕХ, ХХЗХ хамтарсан журам боловсруулна. Хуурамч хаяг, мэдээллийг хянахын тулд хуулийн зохицуулалт бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл,  хуурамч хаяг, мэдээлэлтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад шалгуулж, үндэслэлтэй гэж үзвэл ХХЗХ-ноос технологийн арга хэмжээ авна. Хуурамч, хаяг мэдээллийг устгана гэсэн үг. 
ХХЗХ “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллаж байгаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Фэйсбүүк” компаниас Монгол Улсад түр хугацаагаар оффис нээж, төлөөллөө ажиллуулна. Энэ талаар уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө сурталчилгааг хаасан байх ёстой. Цахим орчинд ч сонгуулийн сурталчилгааг зогсооно. Сурталчилгааг хаагаагүй бол технологийн хүчээр хаах зохицуулалттай.

Ийнхүү сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээллээ. 
Түүнчлэн Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуультай холбоотой таван чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Хуулиар нам, эвсэл нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоох ёстой. Мөн нам, эвсэл бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт гаргана. Нам эвслийн хандивын тайланг баталгаажуулдаг аж. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор нам, эвслүүд тайлангаа аудитын байгууллагад хүргүүлэх юм байна.

Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу