Caakmedee

Тэднийг ад шоо үзэж байхаар мэдлэг, туршлагыг нь аваад үлд!

  • Улс төр
  • 2020/01/27
Залуус зодоон цохион, хүчингийн асуудалд холбогдож байгаа нь үүнийг гэрчилнэ

“Хазгар өвгөнд эрдэм бий, хар авдранд ном бий” гэдэг ч энэ үг цагийн салхинд гээгдэж байгааг нийгмийн бүхий л салбараас харж болно. Тэр тусмаа их улс төрөөс гээгдэж байгаа нь дэндүү учир дутагдалтай. “Сонгууль өгч эхэлсэн цагаас тав, зургаан удаа сонгогдлоо, одоо зайл” хэмээн ахмадуудаа ад шоо үзэх хандлага газар авчээ. Шинэчлэл хэмээх зүйлийг ахмадуудаа хөөн зайлууснаар болчихдог зүйл биш. Тэднийг их улс төрөөс “тууснаар” ч Монгол Улс дэлхийн дайдад гарчихгүй. Түүний оронд залуус маань би өөрөө хэн билээ гэдгээ бодох ёстой. Надад төрийн албанд ажилласан дадлага туршлага бий билүү, орон нутгийн анхан болон дунд шатанд ажиллаж үзсэн билүү, эзэмшсэн мэргэжил маань хаана, хэнд хэрэгтэй юм, сайтар эзэмшиж чадсан уу гээд олон зүйлийг тунгаан бодох ёстой.

Тав, зургаан удаа хэмээн адлагдаад байгаа нөхдийн тэргүүн эгнээнд лавтай Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар явж байгаа нь ойлгомжтой. Тэднийг өмгөөлөх хамгаалах шалтгаан ч алга, өөр бусад зорилго ч алга. Сайд, даргын суудал сонсохоор үхэлдэн тэмцдэг, юу ч хийгээгүй гэх зэргээр элдвээр зүхээд эхэлж таарна. Энэ нь ч зөвтгөх аргагүй үнэний хувьтай. Нөгөө талаар тэдэнд нийгмийн аливаа нэг салбарт эргэлт бүхий шинэчлэл хийхэд хаширлаж, зориг зүрх дутдаг тал байдаг байх. Хаширлахаас ч өөр аргагүй. Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага болон Гүйцэтгэх засаглалаас гаргаж байгаа шийдвэр эр зориг, сэтгэлийн хөөрлөөр гарах учиргүй. Төрөөс гарч байгаа бүх шийдвэрийн ар талд эх орон, ард түмний хувь заяа байдагт хамаг учир бий. Энэ утгаараа туршлага бүхий ахмадууд яах аргагүй хэрэгтэй. Жишээ нь, парламент тэр чигээрээ идэрхэн залуусаар бүрддэг бол улс орны хувь заяа хаашаа ч эргэж мэднэ. Залуу насны ихэнх зүйл нь тэр чигтээ алдаа байдгийг нуух юун. 

Ц.Нямдорж гэхэд залуустаа зайгаа тавьж өгөлгүй зургаан удаа Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа бол Ч.Улаан ч мөн олон удаа сайдын албанд томилогдон очиж ид ажиллах эрч хүчтэй насны залуустаа зайгаа тавьж өгөхгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлдэг байх. Сангийн сайдаар гурван удаа томилогдсон хүн дөрөв, тав дахь удаагаа сайд болох гэж зүтгэхийн хэрэг байхгүй л дээ. Харин өсөн дэвжиж яваа гайгүй эдийн засагч залуустаа тамга атгуулчихаад зөвлөж суух ёстой байх. Тэр тусмаа өнөөдөр нэгэн жарны босго аль эрт алхсан хүмүүс сайдын суудалд үхэлдэн тэмцэх нь манай нийгмийн бухимдлыг төрүүлдэг болов уу. Нийгмийн ч юу байх вэ, улс төрд горилогч залуусын бухимдлыг л нийгэм дамжуулаад байгаа хэрэг. Нөгөө талаар ахмадуудыг сонгогчид өөрсдөө тав, зургаан удаа сонгосон байгааг юу гэх вэ. Тэгэхээр эдгээр өвгөд ажлын дадлага туршлага, мэдсэн сурсан бүхнээ залуустаа өгч, тэднийг араасаа дагуулахдаа дагуулж, дэргэд нь зөвлөөд налайж суухдаа суух учиртай юм. Эдгээр ахмадуудад ямар давуу тал байна. Ер нь улс төрд, төрийн өндөр албанд удаан хугацаагаар байх шаардлагатай юу гэдэг асуудал зүй ёсоор тулгарна.  

Төрийн өндөр дээд алба бол залуу насны ажил биш гэдгийг Н.Номтойбаяр тэргүүтэй залуус харуулж байна

Ц.Нямдорж гэхэд аль тэртээ 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокуророор ажлынхаа гарааг эхлүүлж, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч хүртэл дэвшин ажилласаар зах зээлийн нийгэмд золгосон хүн. Хуучнаар ЗХУ-д хуулийн мэргэжил эзэмшиж, салбартаа хоёр нийгэм дамжин анхан шатнаас эхлэн ажилласан хүний нөмөр нөөлөг энэ улс төрийн ороо бусгаа цагт зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү тэр сайдын суудалд зургаан удаа очих шаардлага байгаа эсэхийг ёсчлон хэлэх юм алга. Хэрэгтэйн хувьд бол яах аргагүй хэрэгтэй. 

Тэгвэл Д.Лүндээ­жанцангийн хувьд ч 1980 оноос төгссөн сургууль болох МУИС-д багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, ХЗЭ-ийн хорооны дарга, Улсын Прокурорт хэлтсийн прокуророор ажлынхаа гарааг эхлүүлэн шат дараалан ажиллаж зах зээлийн нийгэмтэй золгожээ. Тэр тусмаа энэ хуульч Хууль тогтоох дээд байгууллагад тун хэрэгтэй. Д.Лүндээжанцангийн хувьд эрэмбээрээ УИХ-ын даргаар, дэд даргаар ажиллаж байснаас сайд, даргын суудал горилж яваагүй. Зөвхөн хууль тогтоох ажлаа л хийж ирсэн нь олны талархалд ч нийцдэг, улс төрд байгаа залуу халаадаа ч таалагддаг. Түүнийг өдгөө улс төрд байгаа цөөхөн мэргэжлийн парламентч гэдэгтэй олон хүн санал нийлнэ.
Ч.Улааны хувьд аль тэртээ 1977 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар олон жил ажиллаж туршлага суусан хүн гэхээр энэ төрд, чөлөөт зах зээлийн эдийн засагт гарцаагүй хэрэгтэй. Б.Болороос эхлээд Сангийн яаманд мэргэжилтэн бүү хэл байгууллагын санхүү ч атгаж үзээгүй нөхөр Сангийн сайдаар ажилласан зэрэгтэй бол харьцуулах юм биш. Ад үзэгдэх болсон шалтгаан нь 1996 оноос хойш өдгөө зургаа дахь удаагаа сайдын суудалд залраад буй. Үүнээс гадна нам дамжин сайдын суудалд заларч байсан төдийгүй сайдын сургаар бүлэглэдэг, жинхэнэ хууль тогтоох ажлаа хийдэггүй гэх нэр зүүсэн хүн. Түүнээс бус тэр улс төрд, тэр тусмаа эдийн засгийн салбарт зайлшгүй байх ёстой гэж үздэг аж.

Нөгөө талаас Ө.Энхтүвшин нь 1980 онд МАН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн цагаас хойш улс төрийн агуулга бүхий албан тушаал хашиж явсан. Тийм дээ ч 2000 онд Монгол Улсын сайдаар ажиллаж эхэлсэн цагаас хойш өдгөө жаран хэдэн настай сайдын алба хашиж байна. Сайдын алба хашихад насны зааг, ахмад залуу хамаагүй ч тэрээр энэ суудлын төлөө аль нэг бүлэглэл дагадаг, албан тушаалын төлөө зүтгэдэг гэх нэр нь түүнийг ад шоо үзэхэд хүргэдэг байх. Ахмадууд маань албан тушаалд зүтгэдэг энэ байдлаа орхиод сурсан мэдсэн бүхнээ залуустаа өвлүүлэх, тэднийг туршлагажуулах цаг нь болсон гэдгийг хаа хаанаа хэлж байгаа хэрэг. Мөн парламентад олон удаа сонгогдож, сайдын суудалд удаа дараа заларч явсан Н.Энхболдын хувьд ч 1979 оноос Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлынхаа гарааг эхлүүлж,  1980 оноос Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гээд цааш явсан хүн. Мөнхүү УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдохдоо өдгөө гурав дахь удаагаа сайдын албыг хашиж, нэг удаа УИХ-ын дэд даргын алба хашсан туршлага бүхий нөхөр. Ад үзэгдэх шалтгаан түүнд бас бий. Учир нь тэрээр олон удаа хамтран нэг тойргоос сонгогдож байсан, нэг нутаг усны М.Энхболдын эсрэг зогсож байж сайдын суудал авсан гэдгийг хаа хаанаа ярьдаг. Тэр ч байтугай нутгийнхан нь түүний увайгүй энэ байдалд ирэх сонгуулиар дүн тавина гэдгээ ч ярьж байсан. Жудаггүй зан гаргасан гэдгийг хаа сайгүй л ярьдаг. Өдгөөгийн парламентад хамгийн урт настай эрхэм таван нөхрийн туршлага, тулхыг нь харгалзан Халдашгүй байдлын дэд хороонд тавуулаа мөр зэрэгцүүлэн гишүүнээр сонгосон билээ. Ажилласан туршлага, сурсан мэдсэн бүхнийг нь харахаар яах аргагүй мэргэшсэн нөхөд. Нөгөө талаас нь харахад эр хүний ноён нуруугүй ханилснаа түлхдэг, албан тушаалын төлөө бүхнээ умартдаг гээд ярих зүйл ч бас бий.

ГУЧИН ХЭДЭН НАС БОЛ ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАНД ДЭНДҮҮ БАЛЧИРДАХ НАС

Улс төр, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаал бол залуу насны ажил яагаад ч биш аж. Яахав, нийгэм талаасаа парламент өөрөө нас насны, салбар салбарын  бүрдэл шаарддаг байж болно. Гэхдээ ардчилал шинэ тутам хөгжиж байгаа манай орны хувьд улстөрчид нь бүү хэл улс төрийн намууд нь төлөвшөөгүй цагт залуусын орон зай улс төрийн өндөр дээд албанд тийм ч хэрэгтэй биш байгааг практик өөрөө харуулдаг.

Хүчин, зодооны асуудалд орж явдаг Н.Номтойбаяр тэргүүтэй нэр бүхий залуус насны хувьд төрийн бага, дунд шатанд ажиллаж байх учиртай. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь цэнгээний газарт удаа дараа зодоон цохион хийж байгаагийн бурууг шууд залуу насанд тохож болохгүй ч залуу насандаа өндөр дээд албанд очсоны алдааг харуулдаг. УИХ-ын гишүүн нь удаа дараа хүчингийн хэрэгт холбогдон ял авч байгаа алдааг залуу насанд нааж болохгүй ч улс төрд хэтэрхий залуу хөл тавьж байгаагийн хар гай. Шууд утгаараа залуу насны хөөрлөөсөө ч салаагүй, ажил албаны ямар ч туршлагагүй, ёс зүйгүй нөхөд өндөр дээд албанд очиж байгаад хамаг учир бий. Ядаж л нэг агентлагт газрын даргаар ажиллаж байгаа бол амьдрал ахуйд нухлагдаж, дарга нарын үүрэг чиглэлд шахагдан, санхүүгийн нөхцөлд дарамтлуулан ажиллаж байх ёстой биз дээ. Хэдэн саяар тоологдох үнэ бүхий саун, цэнгээний газар хэсүүчлэн хэл ам татлах ямар ч боломжгүй юм. Тэгээд ч энэ хугацаанд л өнөөх төлөвшил гээч зүйл нь бий болдог байна.

Монгол Улсын ардчиллын түүхэнд хорин хэдтэй сайд ч байсан.  Хорин хэд бүү хэл гучин хэдэн нас бол дэндүү балчир нас. Төрийн өндөр дээд алба бүү хэл байгууллага толгойлоход ч балчирдана. 1992-1996 онд Ардчилсан нам төрийн эрх барихдаа дөрвөн удаа Засгийн газраа унагааж бас байгуулсан байдаг. Тухайн үеийн залуусаас бүрдэх уг нам нь дөрвөн удаа Засгийн газраа байгуулахдаа аргагүй боловсон хүчний хомсдолд орсон учраас хорин хэдэн настай Ч.Сайханбилэгийг Гэгээрлийн сайдаар оруулж ирсэн түүхтэй. Ямар өрсөлдөгч МАН-аас Д.Лүндээжанцанг, Ц.Нямдоржийг сайдаар урилтай биш тухайн үеийн нөхцөл байдал нь ийн таарсан хэрэг. Тодотгож хэлбэл, улс төрийн өнцгөөс бол үүнээс өөр сонголт байгаагүй гэсэн үг.

Тиймээс төлөвшиж амжаагүй Төрийн өндөр дээд албан тушаалд очсон Ч.Сайханбилэгт өнгөрөгч цаг хугацаа ямар ч төлөвших боломж олгоогүй. Тэр чигт нь улстөржих, бүлэглэх, популизм хийх арга туршлага л суулгасан. Хорин хэдтэй өндөр дээд суудлын амт авсан залууд төлөвших, туршлага суухаасаа илүүтэй улстөрчидтэй хэл амаа ололцох, тэдний улстөржих арга туршлагад суралцах нь илүү сайхан байсан байж таарна. Үүнийхээ үрээр өнөөдөр ял тулгуулчихсан, Монгол Улсдаа ч ирэх эрхгүй явж л байна.

Хүн бүхэн Төрийн анхан дунд тушаалд ажиллаж байж парламентад, Засгийн газарт орж ирэх дүрэм байхгүй, албагүй ч ядахад аймаг сум, нийслэл, дүүргийн Иргэдийн хуралд сонгогдоод үзсэн байх шаардлагатайг өнөөдрийн нийгэм шаардаж байна. МАН-д гэхэд боловсон хүчний нөөц боломж байсаар байтал гучин хэдтэй нөхдийг сайдын суудалд залж байгаа нь алдаатай бодлогын нэг хэлбэр. Хорин хэдтэй хүүхдэд УИХ-д нэр дэвших эрх олгож байгаа нь ч буруу. Энэ бол харалган бодлого гэдгийг саяхан болсон хүчин, зодооны хэргүүд гэрчилнэ. Яда­хад л ажиллаж хурааж хуримтлуулсан хөрөн­гөгүй залуус улс төрд орж ирчихээд бэл ду­тахаар өнөөх л тендер гулгуулахаас эхлээд тат­варын хөрөнгөнд гар дүрэх магадлал өндөрсөж байна.

Өдгөө бүлэглэж талцаад байгаа залуусын хувьд бүгд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо, АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо гээч байгууллагаар дамжин, намын байгуулалтын ямар нэгэн алба хашиж байсан нөхөд л байгаа юм. Тэдний намтрыг сөхөн харвал НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, АН, МАН-ын Нарийн бичгийн дарга, Намын байгуулалтын хэлстийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга гэх мэт төр, ард түмэнд ямар ч хэрэггүй нэг Төрийн бус байгууллагын хэдэн албан тушаалын нэр харагдана. Тэр намдаа л хэрэгтэй байх.

Тэд ч үүгээрээ бахархана гэж юу гэхэв. Үнэн хэрэгтээ залуусын дуу хоолойг ирээдүйн албан тушаалаар барьцаалж, эгнээгээ өргөтгөх гэсэн л нэг Төрийн бус байгууллага шүү дээ. Тэд ах нарынхаа өмнөөс жагсаал цуглаан зохион байгуулна. Нийгэмд болж байгаа зүйлийг болохгүй, бүтэхгүй байна гэж улс төрийн зорилгоор олны тархийг угаана. Намын дэргэдэх залуус мөрөөрөө ажил албаа залгуулж яваа залуусыг намд элсүүлэх нэрээр элдэв албан тушаал амлаж, амьдралыг нь хохирооно, алдар нэр хүнд амлан намдаа дагаар оруулах, ах нараараа дамжуулан цүнх баригч болгох, төрийн одон тэмдгээр хуурах зэрэг нийгэмд хортой ажил хийдэг хүмүүс гэхэд буруудсан хэрэг болохгүй. Тэдэнд төрд мэргэжлийнхээ дагуу ажилласан туршлага байх­гүй,  нийгмийн гүн хэсэгт ажиллаж амьдарсан нэг ч өдөр байхгүй.

Жишээ нь, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг Н.Учрал удирдаж байгаа бол АН-ын залуучуудын байгууллагыг С.Болд-Эрдэнэ хэмээх залуу удирдаж байна. Энэ хоёр эрхэмд хэрхэн яаж улстөржих вэ, хэрхэн яаж өөрийгөө дөвийлгөх вэ гэсэн туйлын зорилго байгаагаас өөр товойлгох зүйл юу л байгаа бол. Ажил амьдралын ямар ч туршлага алга. Хоёр нөхрийн эцгүүд хоёулаа их улс төрд хүч үзээд төдийлөн амжилт олоогүй. Энэ утгаараа аавуудынхаа дутууг гүйцээх гэж яваа мэт цагаан гартнууд. Үүнээс харвал хоёр том улс төрийн хүчний залуучуудын байгууллага хэчнээн залуусын амьдралыг хорлож байгаа бол доо.

С.Ууганбаяр

Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу