Caakmedee

Тав тухгүй орчин, тааламжгүй харилцаа жуулчдыг "үргээж" байна

  • Нийгэм
  • 2020/01/29
Өнгөрсөн жилийн зуны адаг сарын сүүлчээр найз нөхөдтэйгөө амарч, аялахаар баруун аймгийг зорьсон юм. Хотоос гараад 200 орчим км явж байтал ширүүн бороо орж, харанхуй ч боллоо. Бид замаас холгүйхэн байрлах жуулчны баазад хоноглохоор ярилцаж, эзэнгүй гэр байгаа эсэхийг асуухаар эхний гэрт ортол хоёр Япон жуулчин гадуур өмд, хүрэм, оймстойгоо хөнжилдөө шургасан байхтай таарав. Гэр ч гэж толгой хоргодох оромж төдийгөөс цаашгүй бөгөөд нимгэн туурга, дээврийн цаанаас гэрэл нэвт харагдаж байлаа. Жуулчны бааз гэсэн сүржин нэртэй ч ийм даржин үйлчилгээтэй газрыг ажиллуулж байгаа гэх хүмүүсийн өмнөөс ичих шиг болж билээ. Нөгөө гэр нь нэг хоноход монгол хүнд 40 мянган төгрөгийн хөлстэй гэнэ. Маргааш өглөө нь бүр хачин үйлчилгээ үздэг юм байна. Нүүр гараа угаах угаалтуур хайгаад олсонгүй. Гэтэл ундааны савны ёроолыг тасдаад доош нь харуулан ус хийж, шонд хадсан байсан юм.

Өнгөрсөн онд манай улсад 580 мянга орчим жуулчин ирсэн нь аялал жуулчлалын салбарт урьд өмнө байгаагүй дээд амжилт болжээ. Ойрын жилүүдэд энэ тоог нэг саяд хүргэх зорилт тавиад байгаа, тус салбарынхан. Гэтэл иймэрхүү үйлчилгээтэй, аялагч жуулчдын ая тухыг хангаж эс чадах байр сууцтай жуулчны баазын тоо олширвол юун нэг сая байтугай хагаст нь ч хүргэж чадахгүй биз ээ.

Хэдэн жилийн өмнө Монголбанкнаас аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, компаниар дамжуулан санамсаргүй түүврийн аргаар 710 орчим жуулчнаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна. Судалгаагаар нэг жуулчин Монголд байх хугацаандаа 800-2100 ам.доллар зарцуулж байгааг тогтоожээ. Үүнд мэдээж байр сав, хоол унд, тээврийн болон бусад зардал багтаж байгаа. Ийнхүү хурааж хуримтлуулсан мөнгөөрөө аялж зугаалж явахдаа дусаал гоожсон гэрт зутарч өнжихийг хэн бодох билээ. Тийм ч болохоор дээрх судалгаанд хамрагдсан жуулчдын 15 хувь нь Монголд дахин ирэхгүйгээ итгэл төгс мэдэгдсэн байжээ. Мөн тэдгээр жуулчдаас сайжруулах зайлшгүй шаардлагатай ямар асуудалтай тулгарсан талаарх асуултад дэд бүтэц, хөтөч, буудал болон нийтийн ариун цэврийн газар, мөн халуун усны хувьд анхаарахыг хүссэн байна.

БОАЖЯ-ныхан манай улсын аялал жуулчлалын салбар 1.5 сая жуулчин хүлээж авах хүчин чадал, багтаамжтай гэж танилцуулдаг. Энэ талаар тус яамнаас тодруулахад, өнгөрсөн оны судалгаагаар 560 гаруй том, бага зочид буудал байсны 290 нь нийслэлд байршдаг байна. Харин Улаанбаатар орчимд жуулчны 41 бааз байдаг бол орон нутагт 400 орчим жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дийлэнх нь улирлын чанартай, 6-9 дүгээр сард ажилладаг байх юм. БОАЖЯ-ны Аялал, жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ төрлийн бизнес эрхлэгчдийн дотоод, гадаадын жуулчдад зориулсан байр, байшин савыг жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, гэр буудал гэж ангилаад тодорхой стандарт шаардлага тавьдаг ч зарим тохиолдолд эдгээрт хүрэлцэж ажиллаж чаддаггүй байна.

Тиймээс дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр ашиглалтын гэрчилгээ авсан компани, аж ахуйн нэгж дэн болон гэр буудал ажиллуулж, зуны хэдэн сард багагүй ашиг орлого олдог тухай албаны эх сурвалж хэлж байсан юм. “Гадаадын жуулчид Өмнөговь, Хөвсгөл ер хаашаа ч явах байсан эхлээд нийслэлд буудаллана шүү дээ. Дараа нь нэг тийшээ явах замдаа жуулчны бааз, буудалд хонож өнжиж таарна. Тэнд ямар байдалтай үйл ажиллагаа явуулж, стандарт шаардлагыг хэрхэн хангаж байгааг тухайн орон нутгийн холбогдох албаныхан хянаж байх ёстой” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин санал бодлоо хуваалцсан юм.

БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар өнгөрсөн онд 530 гаруй дэн буудал, 470 орчим гэр буудал үйл ажиллагаагаа эрхэлж, гадаад, дотоодын аялагч жуулчдад үйлчилгээ үзүүлсэн байна. Аялал жуулчлалын “Mongolia Guide” төвийн захирал Ч.Буянбадрах “Ерөнхий тоймоор нь харвал манайд аялал жуулчлал хөгжиж байна. Гэхдээ маш замбараагүй, бас чанаргүй талдаа” гээд хэд хэдэн шалтгааныг тоочсон юм.

Тухайлбал, Монголчууд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Англи хэлний түвшнээр 80 дотор багтдаггүй мөртлөө гадаад хэлний зах зухтай гэх хүн бүр шахам аяллын компани байгуулснаар үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн баталгаа алдагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн эв нэгдэл, хамтарч ажиллах чадвар муу, аливаа зүйлийг төгс төгөлдөр хийх чадамж, тууштай байдал дутагдсанаас нэг нь нөгөөгөө “татаж” унагах нь их байдаг аж. Нөгөө талаар цэгцтэй бодлого үгүйлэгдэж байгаагаас томоохон нуур, түүхэн дурсгалт юм уу байгалийн үзэсгэлэнт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олноор олгодог нь тухайн салбарын хөгжилд саад болж байна гэж хатагтай Ч.Буянбадрах байр сууриа илэрхийлсэн юм. Түүнээс аялал жуучлалын салбарт дутагдаж буй бодлогын талаар тодрууллаа.

-Манай улсад гадаадынханд үзүүлж харуулах зүйл, онгон дагшин, үзэсгэлэнт байгаль гээд хүний нүдийг баясгаж, сэтгэлийг татах юм олон. Гэтэл аялал жуулчлал төдий л хурдацтай хөгжихгүй байгааг та хэрхэн харж байна вэ?

-Манайхан аль ч салбарт судалгаа, шинжилгээ хийдэг боловч гарц, шийдлийг нь орхигдуулдаг. Аялал жуулчлалын салбар гэхэд хаана хүрэх, яаж хөгжихөө тодорхойлж чадаагүй л байна. Нэг жишээ хэлэхэд, БНХАУ 2011 оноос хойш аялал жуулчлал хөгжүүлэх хэд хэдэн бүс, ядуурал ихтэй газар нутагт Тандалт судалгааны төвүүд байгуулж, маш нарийн судалгаа хийсэн байдаг. Түүнийгээ шинжилж, гарц гаргалгааг нь тодорхойлоод саналаа боловсруулж, Засгийн газартаа өргөн барьснаар цаг алдалгүй бодлого шийдвэрээ гаргасан байна. Үүний үр дүнд бидний сайн мэдэх Жан Зья Жи буюу Тэнгэрийн хаалга хэмэзх газарт сүүлийн 3-4 жилийн дотор аялал жуулчлал маш эрчимтэй хөгжсөн. Бээжингээс 1000 км зайтай ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дабэ гэдэг тосгоны иргэдийг ядуурлаас гаргахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдэж, айл болгонд хийх ажлыг нь хуваарилж өгчээ. Нэг нь сийрсэн малгай хийж байхад, нөгөө нь ногоон цай тариалдаг ч юм уу.

Гурав дахь нь жуулчдыг хонуулахаар орон байраа тохижуулах жишээтэй. Ингэснээр хүн бүр орлоготой, бас ажил үйл нь давхардахгүй учраас нэгнийхээ бизнесийг хаахгүй болж, жуулчны маш гоё гудамж байгуулсан байна. Одоо тэр тосгонд жилийн дөрвөн улиралд жуулчид тасрахгүй очиж, иргэдийнх нь амьдрал ч эрс дээшилсэн. Манайд ийм л зохион байгуулалт, бодлого дутагдаад байна. Тиймээс юуны өмнө судалгаа шинжилгээний байгууллагатай болох хэрэгтэй гэлээ.

БОАЖЯ-наас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа жуулчны бааз, буудлыг дэмжихийн тулд цэвэрлэх байгууламж барих, бохир, дулаан, ариун цэврийн асуудлыг шийдэх “Ногоон зээл”-ийг олгож эхэлжээ. Өнгөрсөн онд 11 аж ахуйн нэгж, компанид 200 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгосон бөгөөд энэ жил “Ногоон зээл”-ийг үргэлжлүүлнэ гэж БОАЖЯ-ны эх сурвалж мэдээлсэн юм.

Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу