Caakmedee

Энэ улсад бөх шиг хэрэггүй юм алга, баялаг бүтээхгүй, ажил хийхгүй, татвар төлөхгүй...

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2020/01/30
Энэ цагаан сараар бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдэл хийлээ. Ашгүй дээ, нэг ч гэсэн бухимдлаасаа салах нь. Эмч, багш, нийтийн тээврийнхэн ажил хаясан бол ойлгож болно. Учир нь тэд хүнд (нийгэмд) хэрэгтэй юм хийж байна. Харин дүрэмгүй, ёс зүйгүй, үзэгчээ огт хүндэлдэггүй, бүр ядахад үнэн, уран хурц барилдаангүй ийм зовлогонуудын ноцолдооныг үзсэн ч яалаа, байсан ч яалаа.Ер нь жил бүр наадмын бөх үзэх бүрт урам хугарч, нэг тийм доромжлуулсан юм шиг санагдах болсоор удаж байна. Битүү найраа, хэдэн хөлстэй бөх мөнгөтэй л ноцолдоод байна. Манай ядаж байгаа эдийн засагт хамгийн хэрэггүй, огт тус нэмэргүй улс бол энэ их олон, гүзээтэй монгол бөх мөн. Лам нарын дараа орох нийгмийн хамгийн бэртэгчин, хамгийн увайгүй сувьдаг анги давхарга бол энэ бөхчингүүд шүү. Яагаад гэж үү? Баялаг огт бүтээхгүй, ажил хийхгүй, татвар төлөхгүй.
Бөх нэртэй том цүнх үүрч монгол дээл өмссөн бүхэн нэг, нэг мөнгөтэй компаниар бэлэн тэжээлгээд хэвтэж байна. Төрийн байгууллагад данстай нь хурандаа цолтой шүү. Архи ууна. Замын цагдаа зодно. Рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх зогсч байна. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Яацарсан ч улс юм дээ. Ядаж барилдах ажлаа сайн хийхгүй юм. Тахимаа өгөхгүй. "Би оочоогүй, унаагүй” гээд түмэн амьтны нүдэн дээр орилж бархираад хэвтчихнэ. Зүлэг ногоон дэвжээн дээрээ зодолдож нүдэлдээд нэгнээ алах шулахаа шахна.
Арай л хутга барьж дайрахгүй юм даа. Завьждах, нугаслах зэрэг мэх тренд боллоо. За, сүүлийн хэдэн жил бол бөх гэхээр л бөөлжис цутгатал хэрүүл хийлээ. Цаг цөвүүн болоход чивтэй чавганц үзнэ гэсэн бошго байдаг юм гэсэн. Үнэн байх. Тэр чивтэй чавганц гээч нь монгол бөхөд шүглэсэн бололтой. Талцаж байгаад хэрүүлийн бузар болвол болохоор хэрэлдлээ дээ. Юун хийморь, лундаа мундаа, баяр наадмын манлай, үнэн хүчит, харьшгүй цаашаа зүгээр... Одоо тэгээд барилдахаа больж байгаа юм байна. Ашгүй, ашгүй. Угаасаа жудаг ярьсан энэ жудаггүй хүмүүсээс монголын нийгэм залхаж байна.
Ямар бөх, хэнд хандив тусламж өргөв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонсов уу. Мэдэхгүй юм. Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулжээ л гэнэ. Улсын ямар сайн бөх аль эмнэлгийн ханан дээр өөрийн хөрөнгөөр ганц лааз будаг нялав аа. Байхгүй. Өвөрмонголоос нэг аварга нь хэдэн зуун саяын шагнал авлаа л гэсэн. Хэнд, ямар хандив, тусламж, дэмжлэг үзүүлэв.
Монгол бөхийн томчууд нь дэлхийн бусад улс орны тамирчид, соёл урлагийн зүтгэлтнүүд шиг нийгмийн хариуцлагаа яаж ухамсарлаж байгаа юм. Зүгээр л авах, идэхийн бөөн хар шунал. Одоо энэ Үндэсний бөхийн холбооны хэрүүл нь ч гэсэн алсуураа явж явж тэр Бөхийн өргөөг авах гэсэн жалга довны шунал л юм билээ. Өнөөдөр монгол бөх гээч нь ёс суртахуун, бөхийн хөгжил, утга агуулгын хувьд уналтынхаа хамгийн доод цэгт хүрээд байна.
Хамгийн аюултай нь тэд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлах, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй болох нь илт байна. Тиймээс яг энэ үед нь улс тэднээс салах хэрэгтэй. Яаж гэж үү? Бид тэднийг, нийгмийн эдгээр шимэгчдийг тэжээхээ болино гэсэн үг. Тиймээс, надад нэг санал байна. Одоо энэ хэрүүл хийгээд байгаа хоёр холбоог шүүхийн шийдвэрээр татан буулгая. Бөхийн өргөөг төр хурааж авах хэрэгтэй. Тэгээд бас нэг бөх нь байрыг нь авчихсан монгол циркчдээ орох оронтой болгоё. Өнөөдөр монголын нэрийг дэлхийд тахалж байгаа энэ салбар төвлөрсөн байр болон төрийн дэмжлэггүйгээс болоод устаж мэдэхээр боллоо. Цөөн, сэтгэлтэй хэдхэн хүний нуруун дээр л монголын цирк одоохондоо оршин тогтнож байна. Монгол бөхийн өргөө бол яг тайзны хувьд хуучин циркээс хамаагүй том, бэлтгэл сургуулилт, тоглолт хийхэд хамгийн тохиромжтой цогцолбор.
Угаасаа энэ өргөө монголын ард түмний хандив тусламжаар боссон байшин. Тиймээс төр нь мэдээд улсад хэрэгтэй, ашигтай салбараа өөд нь татаж яагаад болохгүй гэж? Энэ удаад эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашья. Эзэн гэдэгт төр болон хандив өргөсөн ард иргэдийг хэлж байна. Мөн баяр наадмын хуульдаа өөрчлөлт оруулаад бөхийн цолыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар биш шинээр эмхлэгдсэн төрийн бус байгууллага нь шийдвэрээ гаргаад олгоод явахад л болно. Яахав Ерөнхийлөгч медалийг нь зүүгээд өгдөг л юм байгаа биз.
Тэгэхгүй бол түрүү бөхийн шээс болгон дээр Монгол төрийн тэргүүний зарлиг хүчин төгөлдөр байх эсэх нь шийдэгддэг болчих гээд байна аа. Бусад спортын болон бөхийн төрлүүдээс үндэсний бөхийг ийнхүү хуульчлан онцгойлон авч үзэх ямар шаардлага, шалтгаан байгаа юм бэ. Юм ховор, үзэж харах юмгүй хуучны цагт бол бөх хамгийн сайн сайхан зүйл байжээ. Хүү төрвөл бөх болоорой ч гэдэг байж. Харин одоо ямар ч эцэг эх хүүдээ хэл сайн сураарай, мэдлэгтэй болоорой л гэж хүснэ.
Ингэхэд ер нь монгол бөх яг спорт мөн үү? Гадагшаа энэ төрлөөрөө тэмцээн уралдаанд явахгүй. Тогтмол барилдахгүй. Бүх спорт чансаатай. Тийм хатуу зэрэглэл монгол бөхөд байхгүй. Байсан ч тэр нь хэлбэрийн төдий. Бүтэн жил нэг ч тэмцээнд орохгүй, бэлтгэл хийхгүй яваад байж болно. Монгол бөх ганцхан удаа хэзээ ч юм гаргасан амжилтаараа насан турш эрэмбэлэгдэнэ. Жингийн болон насны ангилал байхгүй.
Тэгэхээр спорт гэхээсээ илүү зугаа цэнгэл юм биш үү дээ. Бод л доо, дэлхийн чансааг 48, 57-кг д тэргүүлж байсан гавьяат М.Уранцэцэг, Д.Сумьяа нар нэг жил огт барилдахгүйгээр айраг тараг, цолны найр хэсээд явахад дараагийн амжилт байтугай татами дээр дахиж гарах уу үгүй юү гэдгээ шийдэх болно. Гэтэл монгол бөхөд болохоор бусад спортод мөрддөг хатуу дүрэм журам бүгд эсрэгээрээ байна шүү. Жилд барилдах нормыг нь дүрмээр тогтоогоод өгөхөөр "Наадахыг чинь настай хүн биелүүлэхэд хэцүү” гээд шилээ шөргөөх аварга байх. Сайхан, сайхан. Тэгэхээр найраа, хэрүүлийн бузар, допингийн маргаан нь дийлдэхгүй байгаа энэ монгол бөх гээчийг эмхэлж цэгцлэх цаг нь болжээ.

Б.Эрдэнэсолонго
Эх сурвалж: mongolcom.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу