Caakmedee

Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэнэ

  • Нийгэм
  • 2020/03/09
Монгол Улсын эдийн засагт уламжлалт мал аж ахуйн салбар томоохон хувь нэмэр оруулсан хэвээр байна. Тийм ч учраас Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байх тухай чухалчлан заасан цөөхөн орны нэг нь манай улс юм. Гэвч малын хулгай улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн дотор багагүй хувийг эзэлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлсээр байна. Зөвхөн өнгөрсөн онд малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа юм. 
Энэ нь тухайн гэмт хэрэгт ногдуулж буй ялын бодлого сул байгаатай холбоотой гэж үзээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр УИХ-ын даргад өргөн барьсан байдаг.
Эрүүгийн хуулийн 17.12- т “Наймаас олон бод, 24-өөс дээш тооны бог мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулна” гэж заагаад наймаас цөөн бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан бол нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан нь малын хулгайчдад ял завших боломж олгож, хийдэл зөрчил ихтэй, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт байсныг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд хэлж байлаа. Тиймээс бусдын малыг хулгайлсан, хууль бусаар мөнгө олохыг санаархсан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх бус эрүүгийн хариуцлага ногдуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг төсөлд тусгасан байсан юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл танилцуулахдаа 2019 оны аравдугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1637 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 81 хувиар өссөнийг онцлон дурдаж байлаа. 
Мөн Архангай аймгийн харьяат, Монгол Улсын Гавьяат малчин О.Дорж “Малын хулгай гэгч гэмт хэрэг дэлхийд байхгүй, ганцхан Монголд гардаг. Тиймээс энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон зуун малчны хүсэлт байсан юм. Учир нь, зөвхөн Дорнод аймагт өнгөрсөн онд 215 бог, 144 бод мал хулгайлагдсанаас иргэдэд 160 сая гаруй төгрөгийн хохирол учирсныг аймгийн Прокурорын газраас мэдээлсэн байна. Харин улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэний дээр орон нутагт гарсан нийт гэмт үйлдлийн 15.5 хувийг энэ төрлийн хэрэг эзэлж байгаа юм. Эдгээр нөхцөл байдал шаардлагын үүднээс мал хулгайлах гэмт хэрэгтэй хатуу тэмцэх түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь малчин түмний зүй ёсны талархлыг хүлээсэн.
Өмнө нь Эрүүгийн хуулийг 2015, 2017 онд шинэчлэхдээ малын хулгайн гэмт хэрэгт ногдох ялыг өөрчилж, бусдын эд хөрөнгө (мал)-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ч бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж хуульчилсан нь 24 бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан этгээдэд хамаарахгүй заалт болсон байдаг. Тиймээс хулгайч этгээд ихээхэн орлого олсны эцэст бага ялтай, зарим тохиолдолд ялгүй ч өнгөрөх боломжийг олгож байжээ. Нэг үгээр хэлбэл, малын тоог хуульд зааж өгсөн нь эдийн засгийн хохирлыг тооцож үзээгүй сул талтайгаас гадна хулгайч нарын “толгойг илсэн” заалт байсан юм. Зөвхөн 2018 онд малын хулгайн гэмт хэргийн улмаас нийгэмд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь үүний тодорхой баримт гэж үзэж болно. Тиймээс энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Үүнд малын хулгайчид ногдуулах хөнгөн буюу нийтийн тустай ажил албадан хийлгэх ялыг хассан байна. Мөн 24 бог мал гэж байсныг найм, бодын тоог хоёр болгож өөрчилсөн төдийгүй ийм тооны мал хулгайлсан этгээдийн зорчих эрхийг зургаан сараар хязгаарлаж, гэрийн хорионд байлгахаас гадна таван жил хүртэл ял эдлүүлэхээр заажээ. Дээрхээс олон тооны мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцож, 2-8 жил хүртэл хугацаагаар хорихоор болсон байна. 
Хамгийн гол нь малчин өрхийн өнчин ишгийг ч нууцаар авсан (хулгайлсан) бол заавал хорих ялаар шийтгэхээр болсон нь хуулийн чухал заалт болсон юм. Үүнээс гадна зохион байгуулалттай болон давтан үйлдсэн тохиолдолд 5-12 жилийн ял ногдуулах төдийгүй гэмт үйлдэлд ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авахаар хуульчилжээ.  
Хуулийн өөр нэг шинэ өөрчлөлт нь хулгайд алдсан малаа малчин хүн өөрөө үнэлэх болсон явдал юм. Өмнөх хуулиар хулгайд алдагдсан малыг мэргэшсэн аж ахуйн нэгж буюу үнэлгээний компанийн ажилтан үнэлж өгдөг байжээ. Энэ нь олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өсгөж үржүүлсэн мал сүргээ малчин хүн жинхэнэ утгаараа эзэн нь байж, өөрийн ажил зүтгэлийг үнэлж цэгнэх боломжийг олгосон чухал заалт болсон гэж малчид үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн малын хулгайтай тэмцэх, түүнд ногдох ялыг ийнхүү чангатгасан нь нэг талаас шийдвэр гаргагчид энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын зөөлөн бодлогоос татгалзаж байгааг харуулж байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Нөгөө талаас Монгол Улсын үндэсний баялаг болсон мал сүргийг гэмт халдлагаас сэргийлэх малчдын нөр их цаг наргүй хөдөлмөрийг үнэлж, хамгаалж байгаа явдал юм. Цаад утгаараа улсынхаа эдийн засгийг өсгөж хөгжүүлэх нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэхийн төлөө хийсэн чухал алхам гэж үнэлж ойлгох ёстой.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу