Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Н.Энхбаярыг баривчилж хорьсны найман жилийн ой тохиолоо. Түүний “оймсыг нь гозолзуулан” тэр жил баривчилсны учрыг нэгэнт хүн бүхэн мэдэх хойно элдвийг нуршаад юүхэв. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, авлига, хахууль их хэмжээгээр авсан хэрэгт нь ял ногдуулж, жил шахам хориод энэ хүнийг суллаж байлаа. Одоогоос таван жилийн өмнө түүний үйлдсэн хэргийг төрөөс уучилсан боловч мань хүн одоо болтол зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл өөрийгөө тийм уучлуулах хэмжээнд нүгэл үйлдээгүй гэж гүрийнэ. Учир нь өөрийгөө хэлмэгдсэн учраас уучлалт биш, цагаатгал хэрэгтэй гэж үздэг, шаарддаг хүн. 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний тэр өдрөөс хойш яг найман жилийн дараа Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр болж байгаа юм байна.
Нэгэн цагт бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, хэмжээгүй эрхт хаан лугаа Монголыг эзэгнэж байх он жилүүдийнх нь намтрыг сонирхох аваас тэр чигээрээ авлига, албан тушаалын хэргийг нийгэмд үрсэлж, цэцэглүүлэн дэлгэрүүлсэн түүхээр баялаг байдаг. Яг 11 жилийн өмнө энэ эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихэд нь би вээр “Би ирлээ” гэсэн бэсрэг нийтлэл бичээд хаан шиг, заан шиг байсан хүний уур уцаарыг барж байснаа санаж байна. Монголын улс төрд жинхэнэ эвдэн сүйтгэгч “терминатор” болсон хүн эргэж ирлээ гэсэн санаагаар бичсэн болохоор арга ч үгүй байж. Одоо ч тэр ялгаагүй, түүний талаарх миний үзэл бодол яг хэвээрээ. Огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тэр эрхэм ч ялгаагүй мөн ижил, огт өөрчлөгдсөнгүй.
Терминатор үхдэггүй, устдаггүй шиг Н.Энхбаяр улс төрөөс хэзээ ч явахгүй хүн аж. Гэхдээ ингэж бичиж буй минь түүнийг үхээсэй гэсэн үг биш юм шүү гэдгээ давын өмнө тодотгосу. Зүгээр л түүнд дургүй олон зуун мянган Монголын нэг. Н.Энхбаяр тэр чигээрээ хав хар төрчихсөн хүн ч бас биш. Сайн тал, сайн чанар олон л байдаг байх. Гэхдээ Монголын нийгмийг авлигажиж, мафижсан бүтэцтэй болгосон гол авторын нэг мөнөөсөө мөн гэдэгт би эргэлздэггүй. Өнөөгийн цүнх баригчид, хошного долоогчид хэмээх бүхэл бүтэн сүргийг, армийг тэр л бий болгосон шүү дээ. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, яг яаж шинэ Намбарын Энхбаяр бий болчихоод улс төрд эргэн ирэх гэж зүтгээд байна вэ? Бүр нэг хүний гайхаш барагдаж байна шүү дээ. Одоо тэгээд нам гүм сууж, ач, зээ нартаа тэр уран зөгнөлт үлгэрээ уншиж байхын оронд мань мэтэд яриад зүтгээд байх нь ямар тээртэй байдаг гээч. Монголчууд одоо үлгэрт итгэхээсээ өнгөрсөн шүү дээ л гэж бодох юм.
Н.Энхбаярыг болон түүний найз нөхдийн МАХН-ыг сонгох аваас хүн бүр үнэгүй байр, орон сууцтай болох юм гэнэ. Монгол хүний цалингийн доод хэмжээг таван сая төгрөг болгох юм байна. Үнэн гоё сонсогдож байгаа биз. За одоо болно оо! Ингэж доромжлуулах гэмийг бид өөрсдөө хийцгээдэг хойно яая гэхэв. Түрүүчээсээ өрөвдөөд эхэлчихсэн ч байх шиг. Тэгээд мань “хүн мангасыг” сонгох нь л дээ. Түүний хүсэн хүлээж байгаа юм нь зөвхөн энэ шүү дээ.
Өөрийгөө их гэнэн байж, одоо бол засарсан, маш хашир суусан гэж ярьж байна. Үнэн. Энэ хүн одоо улам хашир, улам аюултай, улам хорлонтой “сүйтгэгч” болон эргэн ирж байна. Тэрбээр авлигын загалмайлсан эцэг болж, “аалзны торонд”-оо нийгмийг орооцолдуулж хэрсэн хүн. Энэ гэмийг нь уучилж болох ч, эргэж улс төрд хэзээ ч үл орж ирэх ёс суртахууны давж үл болох хаалт босгосон гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа ч үл тоомсорлож байна. Түүний энэ бүр нэг цайчихсан, ширлэчихсэн мэт үл ичих үйлдэл, хандлага нь миний дургүй, эгдүүг хөдөлгөөд байдаг юм. Бүр нэг монголчуудыг тэгэхээс тэгэх гэж өдөөд байгаа юм шиг санагддаг. Тэрбээр тун ч хар мөртэй нэгэн болохоор сэжиг төрдөг. Түүнийг дагаж, цүнхийг барьж, өөрийнх нь хэлснээр бөгсийг нь “долоож” явсан залуучуудын ихэнх нь шоронд орсон юмдаг. Өнөөдөр ч зарим нь тэр хэцүү газраас гараагүй байж л байна. Г.Шийлэгдамба (Байгаль орчны сайд асан, П.Цогтбаатар (МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга асан) нар шоронд илгээгдсэн бол Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ нар түүнтэй холбоотойгоор байцаагдаж байсан. Зарим хүнд одоо ч хэрэг үүсгэгдэн, шалгагдаж, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Гэтэл мань “терминатор”-ыг шүтэн биширч, сохроор дагадаг тэдэн шиг залуусыг “сүйтгэгч” маань өнөө зорилгодоо ашигласан хэвээр. Өнөөдөр улс орныг нэг гэр бүлийн хоёр эзэгнэн захирдаг асан үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын эрх мэдлийн бүхий л өндөрлөгт хүрсэн, өдий насны хүнд одоо улс төрд шунан зүтгэх ямар агуу шалтгаан байна вэ? Ядаж л хаширдаггүй юмаа гэхэд уйддаггүй гэж үү! Ингэж үхэн хатан тэмүүлэх нөр шалтгаан байна л даа. Тэр нь дахин Монголыг бузарлаж, түймэрдэх вий дээ. Түүнээс өөр юуг хүлээх юм. “Оймсоо гозолзуулсан”-ы найман жилийн ойг тань тохиолдуулж, нам гүм намбалаг суугаасай хэмээн хүссэндээ ийн тэрлэлээ. Бүү хилэгнээрэй дээ!
Ш.Даваадорж
Эх сурвалж: baabar.mn