Caakmedee

О.Баасанхүү АН доторх С.Эрдэнийн намыг унагаж Б.Хурцын намыг байгуулна

  • Улс төр
  • 2020/04/28
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа тэргүүтэй АН-ын лидерүүд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших шийдвэрт хүрэхтэй зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц тус намын бодлогыг тодорхойлж, сонгуулийн тактикийг боловсруулах эрх үүргийг өөртөө авсан байх юм. Түүний хувьд УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвших тухай яригдаж байсан ч Дэд бүтцийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагчид болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилсээр хэрэг үүрүүлсэн гэдэг асуудлаар шалгагдаж буй. Ийнхүү УИХ-д нэр дэвших эрх нь хуулийн дагуу хаагдсан түүний хувьд улс төрийн нөлөөллөө хадгалж үлдэхийн тулд Ардчилсан намын дотоод бодлого руу гүн бат оролцох шаардлага үүссэн нь мэдээж. Тиймээс ч ахмад лидерүүд нь бие даан нэр дэвших шийдвэр гаргахтай зэрэгцэн тус намаас нэр дэвших 76 горилогчийг тодруулахад ихээхэн ач холбогдол өгөөд зогсохгүй УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ардчилсан намд эргүүлэн элсүүлсэн бололтой юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухайд 1994-2011 оны хооронд Ардчилсан намын гишүүн байсан хэдий ч МАХН-ын ирээдүйг харж, батлахаа эргүүлэн шидсэн түүхтэй. Харин өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний нөхдөд хөөгдөхтэйгээ зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын зуучлалтайгаар Ардчилсан намдаа эргэн элссэн нь энэ. Нэг ёсны тэрбээр энэ удаад Ардчилсан нам болон тус намын дарга С.Эрдэнэд бус Б.Хурцад итгэж улс төрийн шийдвэр гаргасан гэсэн үг. 
Тэгээд ч С.Эрдэнэ даргын тухайд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хувь улстөрчийнх нь тухайд таагүй ханддаг гэдгээ олон нийтээс нууж байсан удаагүй бөгөөд нэгэн удаа “Улс төрийн панзчин” хэмээн цоллосон бол саяхан “О.Баасанхүү чи зүгээр байгаарай. Ам хамраа жаахан мэдэж ярьж бай. Ганцаараа амтай нь юм шиг дарвалзаад...аятайхан байгаарай. Дандаа хүн загнадаг чи хэн юм. Би чамайг юм ярьж байхад дугараагүй шүү. Дуугүй бай л даа, чи. Гараад зайл. Наад мэдрэлээ тэр шар хаданд үзүүл. Эрүүл саруул байж энэ УИХ-д суудаг юм шүү. Овоо гайгүй залуу юм байх гэж бодсон чинь сүүлийн үед гаж донтой болчихсон юмуу. Намаасаа хөөгдчхөөд сэтгэл мэдрэлээр уначихсан юм уу. Намгүй болчихсон юмнууд ер нь ингэдэг...” гэхчлэн ил тод доромжилсон түүх ч бий. 
Гэхдээ энэхүү үйлдлийг тэдний хэн хэн нь байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн энгийн л нэг хэрүүл хэмээн тайлбарлаж болох ч олон нийтийн зүгээс Ардчилсан намын дарга С.Эрдэнийг сэтгэл сайтайдаа О.Баасанхүүд намдаа элсүүлсэн гэж итгэх нь юу л бол. 
Тэгээд ч О.Баасанхүү гишүүний өнгөрсөн улс төрийн түүх намтраас харахад С.Эрдэнийн араас нэг л өдөр чулуу нүүлгэж дөнгөх хэмжээний, ёстой л Ардчилсан намын даргын өөрийнх нь хэлдгээр улс төрийн “панзчин” гэдгээ баталсан үг үйлдэл олон. Иймийн учир Б.Хурц ийшээ бол О.Баасанхүү тийшээ гэдэгчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хошууч генералыг дагаж Ардчилсан намын сонгосон уу гэхээс С.Эрдэнэд итгэж гишүүнчлэлээ сэргээсэн нь юу л бол.
Товчхондоо, тэрбээр цаашид Ардчилсан намын доторх С.Эрдэнийн намыг унагаад Б.Хурцын намыг байгуулахыг л чухалчлах болов уу. Тиймээс ч Ардчилсан намын батлахыг гардаж авах үеэрээ “Би Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд С.Зориг агсны амийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа” хэмээн зоригтой дуугарсан биз ээ. 

Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу