Caakmedee

Б.Баттуул: Улс төрийн намуудад хандив цуглуулахаас өөр санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна

  • Улс төр
  • 2020/05/04
Хуульч, судлаач Б.Баттуултай улс төрийн намуудын санхүүжилт, шинэчлэлтийн асуудлыг хөндөн ярилцлаа.
-Сонгуулийн зардлын тайлангаас гадна улс төрийн намуудын санхүүжилтийн тайлан үргэлж асуудал дагуулдаг. Намууд хаанаас санхүүжилт босгодог нь нууц байдаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаг уу?
-Монгол Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 30 орчим улс төрийн намууд бүртгэлтэй байна. Эдгээр намуудын үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг асуудлыг зохицуулсан хууль бол Улс төрийн намын тухай хууль. Уг хууль нь 1990-ээд оны эхээр анхлан батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны үзэл баримтлал, зарчим шингэсэн хэвээр байгаа гэж хэлж болно. Улс төрийн нам нь эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх замаар төрийн эрхийг барих онцлог шинжтэй институци билээ. Энэ хүрээнд улс төрийн нам нь дотооддоо ардчилсан, тэгш эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай байж гэмээнэ улс оронд ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах энгийн логиктой. Ийм төлөвшсөн институц байхын тулд хууль эрх зүйн зохицуулалт нь өнөөгийн шаардлагад нийцсэн, улс төрийн соёл, чиг хандлагатай уялдсан байх ёстой. Гэтэл улс төрийн намын тухай хууль нь гуч орчим жилийн тэртээх үзэл баримтлалаараа байгаа нь бодлого боловсруулж, хөгжилд түүчээлж нийгмийн урд нь алхаж байх улс төрийн намаа нийгмийнхээ хойно чирэгдэхэд хүргэх аюултай. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр дотор гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдийн хандивыг багтаасан байдаг. Мөн хуульд иргэн нэг сая хүртэл, хуулийн этгээд арван сая хүртэлх төгрөгийн хандив өгч болохоор хандивын дээд хэмжээг тогтоосон байдаг хэдий ч гишүүний татварыг нээлттэй орхисон байдаг. Түүнчлэн талархан дэмжигч иргэн гэж хэн байх талаар тодорхойгүй байна. Улс төрийн намд талархлаа илэрхийлж буй, өөрөөр хэлбэл хариу барьж буй иргэн үү энгийн иргэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хяналтын байгууллагын талаарх зохицуулалт дутмаг, улс төрийн намыг өөрөө өөрийгөө хянах зохицуулалттай. Иймээс улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэнэ гэж орсон байгааг талархан хүлээж байна.
-АН-ынхан 100 сая төгрөгийн хураамж авахаа ил зарласан. Түүнчлэн МАН-ын гишүүд 150 сая төгрөг намдаа тушааж нууцаар судалгаа хийлгэсэн гэх мэдээлэл ч байна. Ер намын санхүүжилт шилэн байх ёстой юу?
-Дэлхий нийтээрээ улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт ил тод байх тал дээр санал нэгдэж олон санаачилга, шинэчлэлүүд өрнөж байна. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг ажиглахад авлигаас урьдчилан сэргийлэх, улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулах, нийгмийн бүх давхаргыг улс төрийн тавцанд гарах боломж олгох зорилгоор улс төрийн нам, нэр дэвшигчдэд төрөөс санхүүжилт олгох хандлагатай байна. Тухайлбал, Европ дахь улс төрийн намуудын орлогын эх үүсвэрийн 67 хувийг төрийн санхүүжилт эзэлж байна. Төрөөс улс төрийн намд санхүүжилт олгож эргүүлээд ил тод байх шаардлагаа тавьдаг гэсэн үг. Манай улсын хувьд улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийн 90-ээс дээш хувийг хандив эзэлдэг болохыг сонгуулийн тайлангуудаас харж болно. Зохицуулалт нь ч ерөнхийдөө энэ чиглэлийг баримталсан болов уу гэмээр. Учир нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохоос бус сонгуулийн кампанит ажилд зориулж төрөөс санхүүжилт олгох зохицуулалтгүйг та бид мэднэ. Тиймээс сонгууль бүрийн өмнө хандив цуглуулж санхүүжилтээ бүрдүүлэх ажил намын удирдлагууд нуруун дээрээ очдог. Гэхдээ 100-150 сая гэх мэтээр хандив цуглуулж байгаа улс төрийн намуудыг зөвтгөх аргагүй ч өөр ямар байдлаар санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна. Гэхдээ мэдээж энэ их өндөр дүнгээр мөнгө цуглуулж сонгуульд оролцуулах боломж олгох нь санхүүгийн боломж муутай нэгний тэгш эрх, сонгох сонгогдох боломжийг шууд хумьж байгаа явдал гэдэг нь тодорхой. Бид ардчилсан сонгууль явуулах нэрийдлээр ардчиллын элементүүдээ уландаа гишгэж болохгүй. Тиймээс улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх дэлхий нийтийн хандлагыг бид дагах нь зүйтэй.
-Улс төрийн санхүүжилт олон улсад ямар байдаг вэ. Сонгодог байдлаар хэрэгжүүлдэг орон бий юү?
-Ерөнхийдөө улс төрийн санхүүжилтийн асуудлыг зохицуулахдаа “Хувийн хандив”, “Төрийн санхүүжилт”, “Зарцуулалтын зохицуулалт”, “Тайлагнал, Хяналт, Хариуцлага” гэсэн дөрвөн үндсэн асуудлыг авч үздэг. Эдгээрээс аль нэг нь орхигдвол дутуу буюу хуулийн хийдэл бий болно гэсэн үг юм. Хувийн хандивын зохицуулалтад хандивт тогтоох хязгаар, хориг, хандивын ил тод байдал, мөнгөн бус хандивын зохицуулалт зэрэг асуудал багтдаг. Сүүлийн үед мөнгөн бус хандивтай холбоотой асуудлыг олон улс оронд их хөндөх болсон бөгөөд зохицуулалтууд нь ч илүү нарийвчилсан, тодорхой болж байна. Тухайлбал, мөнгөн бус хандивыг зах зээлийн үнэ өртгөөр тооцож тайлагнах, мөнгөн бус хандивт хязгаар тогтоох зэрэг. Энэ асуудлыг манай улс хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай.
Төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахдаа тухайн санхүүжилт олгох шалгуур болон санхүүжилтийг хэрхэн хуваарилах тал дээр анхааран авч үзэх хэрэгтэй байдаг. Эс бөгөөс төрийн эрх барьж буй улс төрийн нам давуу байдлаа ашиглан улам бүр санхүүжилтээ нэмэгдүүлэх, парламентаас гадуурх улс төрийн намуудад санхүүжилт олдохгүй байх эсвэл тун бага санхүүжилт авах, сөрөг хүчнээ санхүүгийн дарамтад оруулах зэрэг ардчиллыг сулруулах сөрөг үзэгдэл бий болох талтай. Түүнчлэн төрийн санхүүжилтийг жендерийн тэгш байдлыг хангах зорилготой уяж олгох нь олон улсад нийтлэг байна.
Улс төрийн нам, нэр дэвшигчид санхүүжилтээ хэрхэн зарцуулах талаарх зохицуулалт нь санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэнтэй нэгэн адил чухал асуудал юм. Үүнийг зохицуулахдаа хязгаарлалт, хориглолт хийж өгснөөр улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад дэмтэй гэж үздэг. Тухайлбал, санал худалдаж авахыг хориглох нь мэдээж боловч энэ асуудлыг хэрхэн баримтжуулах, мэдээлэл хэрхэн цуглуулах талаарх зохицуулалт дутмаг байх нь бий. Түүнчлэн гуравдагч этгээд болох манайхны нэрлэж заншсан сонгуулийн менежерийн зарцуулалт нь хуулиас гадуур явагддаг бол энэ тал дээр олон улс орнууд сайн жишээ болохуйц зохицуулалттай байна.
Сүүлийн бөгөөд хамгийн гол асуудал бол тайлагнал, хяналт, хариуцлагын зохицуулалт юм. Энэ асуудал манай улсын улс төрийн санхүүжилтийн зохицуулалтад бүрэн орхигдсон гэлтэй. Учир нь олон улсын сайн жишгээр улс төрийн намын болон нэр дэвшигчдийн сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилтийн тайлангийн нэгдсэн бүтэцтэй, тайлан хүлээн авах мэргэшсэн, хараат бус, бие даасан байгууллагатай, цахимаар тайлан хүлээн авч үүнийгээ олон нийтэд ил тод болгодог тогтолцоотой, хариуцлагын механизмтай байна. Энэ бүхэн манай улсад бүрдээгүй төдийгүй өнөөгийн байдлаар тайлангуудыг цаасаар ч болтугай хүлээн авч буй аудитын эрх үүргийг авч хаях гэж буй нь туйлын харамсалтай, хариуцлагагүй хэрэг гэж харж байна.
Түүнчлэн улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизм байхгүй гэдэг нь өдийг хүртэл тайлангаа олон нийтэд ил тод болгоогүй улс төрийн намд хариуцлага хүлээлгэдэггүй байдлаас харж болно.
-УИХ-ын энэ удаагийн сонгууль мөнгөнөөс хэр хараат болох бол?
Сонгуульд мөнгө хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Мөнгөгүйгээр сонгууль явуулах боломжгүй шүү дээ. Гэхдээ мөнгө хэр их зарцуулах шаардлагатай, мөнгө их зарцуулсан нь сонгогдох магадлалыг бууруулах зэрэг асуудлыг сонгуулийн болон холбогдох хуулиудаар зохицуулна. 2020 оны УИХ-ын сонгууль нь олон мандаттай буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явагдана. Сонгогчид нэг нэр дэвшигчид бус 2-3 нэр дэвшигчид саналаа өгнө. Нэр дэвшигчид өмнөхөөсөө том газар нутаг, сонгогчдод хүрч кампанит ажлаа явуулах нь ойлгомжтой. Зарим судлаачид олон мандаттай том тойргийн тогтолцоо нь зардлыг бууруулах давуу талтай гэж үздэг. Учир нь зардлаа хуваана гэж үздэг. Гэхдаа би хувьдаа сонгуулийн зардал нэмэгдэж, мөнгөний уралдаан болох вий гэж бодож байна. Учир нь уг тогтолцоогоор нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх байдал ажиглагддаг тул эцсийн мөчид намууд хоорондын, нам дотроо өрсөлдөөн ширүүсч мөнгө зарцуулж, нөгөө нэг нь улам илүү зарцуулсаар, гурав дахь нь сонгогчдод бага танигдаад байх шиг болоод бүр ч их зарцуулдаг байдал харагддаг. Үүнийг судалгаагаар ч харуулсан байдаг. Ерөнхийдөө сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигч гол үүрэгтэй оролцдог тул мөнгөний өрсөлдөөн болох хандлагатай байдаг. Харин процорционал тогтолцоонд улс төрийн нам голлох үүрэгтэй оролцдог. 

Б.Амартүвшин
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу