Энэ 7 хоногт багтааж нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Эрх баригч Ардын нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэхээсээ илүүтэй хэнийг НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ВЭ ? гэдэг л сонин. Ардын намд хулгай аль хэдийн нүүрлэж, бүр ужгирч, ХОРТ ХАВДАР болон өөрсдийг нь дотроос нь идэж эхэлсэн. Идээ бээр нь ил цагаандаа гарсан.Авлигачдыг нийгмээрээ жигшиж буйг мэдэрсэн намын дарга У.Хүрэлсүх төрөөс хулгай хийгсдийг нэр дэвшүүлэхгүй, мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс суртахуунтай 76 нэр дэвшигчийг өөрөө зарлахаа мэдэгдсэн. Энэ хооронд авлигал, албан тушаалын хэрэгт холбогдож бүр яллагдагчаар татагдсан нөхдөөс хэн нь ч ёс суртахууны хариуцлага хүлээгээд нэр дэвшихгүй гэдгээ зарласангүй.
Тэднийхээр бол авлигачид төр барих ёстой бүр үргэлжлүүлэн хэдэн үеэрээ УИХ-ын гишүүн байх ёстой ажээ.Бүгд намын даргынхаа зарлах 76 нэр дотор багтчих горьдлого тээсээр.Харин У.Хүрэлсүх хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй гээд ард түмэндээ зарлачихсан .Яг энэ амлалтаараа өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг бараг намаасаа өндөр байгаа. Хэрвээ У.Хүрэлсүх амлалтдаа хүрч чадалгүй , авлигачид, оффшорчид,концессчидоо нэр дэвшүүлбэл ард түмэн хилэгнэж,алга хөрвүүлэхийн агшинд өөрийнх нь болоод намынх нь нэр хүнд нь шалдаа унана.
Авлигачдаасаа бүрмөсөн салаад дан нэр цэвэр, шинэ хүн дэвшүүллээ гэхэд авлигачид тэдний гар хөл болсон намчид нь бослого гаргана. Авлигалын мөнгөөрөө намыг санхүүжүүлсээр ирсэн олигархиуд нь боож үхнэ. Нэг тойрог өмчлөөд авчихсан, мөнгөө цутгачихсан, өөрсдийгөө нэр дэвшигч, бүр ирэх 4 жилийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөд өөр хүнд байр сууриа чимээгүй тавиад өгчихгүй. Ингээд өнөөдөр У.Хүрэлсүх “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” болжээ. Монголын төрд нүүрлэсэн хулгай луйвартай тэмцье гэвэл ардын нам авлигачдаасаа эхлээд салах ёстой.
Энэ нам бол хэдхэн авлигачдын өмч биш. Ардын шударга хүүхдүүд аль ч намд байж л байгаа. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны эр зориг, улс төрийн шийдвэрээс энэ улс орны ирэх жилүүдийн хувь заяа хамаарна. Намын авлигачидаа бодох уу? Нийт ард түмний эрх ашгаа бодох уу? Гэсэн сонголтын зааг дээр та байна. Улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж, намынхаа авлигачдыг нэр дэвшүүлэхгүй амлалтдаа хүрч чадаж гэмээ нь таныг нам харгалзахгүй уухайлан дэмжих ард түмэн чинь байна. Авлигачдаас Монголын төрийг цэвэрлэх ажлын эхлэлийг тавих түүхэн шийдвэр таны өмнө байна. Зориглож чадвал та жинхэнэ хурандаа У.Хүрэлсүх. Эс чадвал байдаг л нэг намчин У.Хүрэлсүх. Ийм л байна. Амь насаа алдахаас айдаггүй таныг авлигачдаас айхгүй гэдэгт итгэж байна. Ардын нам авлигачдаасаа салах болтугай!!!
Сэтгүүлч Б.Отгон