Caakmedee

''Алс''-гүй улс гэж үгүй “

  • Улс төр
  • 2020/05/14
...Очих цагаа тооцохгүй бол зорьсон газартаа хүрэхгүй” гэдэг. Энэ бол онол. Бүр дэлхийн улс орнуудын төрийн онол нь юм.
Тийм учраас Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайванийн төр нь хөгжлийн бодлогоо 4-5, түүнээс дээш жилийн хугацаагаар төлөвлөн амжилттай хэрэгжүүлж сүүлийн 40-50 жилийн хугацаанд дэлхийн хөгжлийн загвар болтлоо хөгжлөө. Хятад, Энэтхэг ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн алсын хараа, стратеги, бодлогоо урт, дунд, хугацаагаар төлөвлөснийхөө дагуу хөгжиж байна.
Тухайлбал, Хятад улс “Хоёр зуун жил”, Өмнөд Солонгос 1999 оноос "Алсын хараа 2025”, Казахстан улс “Казахстаны хөгжпийн стратеги 2050” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогуудаа хэрэгжүүлж буй ажээ.
Бидний монголчууд бол өнгөрсөн 2019 оныг хүртэл 30 орчим жил хүний эрх, эрх чөлөө, гадаад харилцаа, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн чөлөөт эдийн засаг зэрэг ардчиллын олон чухал үзүүлэлтүүдийг Монголынхоо хөрсөнд нутагшуулсан. Үүгээрээ бахархдаг. Цээжээ дэлддэг. Гэсэн ч хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, баян ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсч, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, нэг үгээр Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэв.
Тоо яривал, Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт эрэмбэлэгдэх болов. Мөн Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд хүрчээ. Одоо ч энэ хэвээр байна.
Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас санаачилж “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж УИХ-д өргөн барьсан нь өчигдөр батлагдлаа. УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын 3асгийн газарт хэд хэдэн чиглэл өгөгдөж байгаа юм байна.
Тодруулбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодпогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;
Засгийн газраас баталсан дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг энэ үзэл баримтлалд нийцүүлэх арга хэмжээ авах;
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулж байх,
Тогтоолын төслийн дараагийн хэсэгт тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын ТББХ-нд даалгаж, энэ тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болсонд тооцох эрх зүйн акт болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаатай уялдуулан тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тус тус тусгажээ.
Энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлс нь эзэнт гүрнээс өнөөдрийг хүртэлх түүхэн үечлэл, алдаа оноо, үл давтагдах нүүдэлчин соёл, сэтгэлгээ, үнэт зүйлс, хөрвөх чадвартай монгол хүний ирээдүйг төсөөлөх оюун санааны давхцал хэмээн санаачлан боловсруулагчид нь тодорхойлж байна. Тодруулбал, “Алсын хараа-2050” нь  үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар байх ажээ.
Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн, монгол хүнийг цөмөө болгосон “Алсын хараа-2050”  хөтөлбөрийг манай 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулжээ. Мөн төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл гээд давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн саналаа өгсөн байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь есөн зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.
Түүнчлэн Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох алсын хараанд төвлөрсөн дараах эрхэм зорилгыг тодорхойлсон байна. Үүний хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болох, Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтах, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэх, ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсч буюу 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давах, тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох, ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангах, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нягтаршил суурьшлыи тогтвортой тогтолиоотой. өосөлдөх чадвартай  улс доторх бүсүүдийг хөгжүүлэх, нийслэл Улаанбаатарыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлэх зэргийг зорилго болгон тавьсан байна.
Энд дурдсан үг бүр судалгаатай, судалгаа бүр ирээдүйг харсан хариутай гэдгийг эрдэмтэн судлаачид илүүтэй онцолж байгаа юм.
Өнөөдөр Монголын улс төрийн нөхцөл байдал, дэлхийд тархсан COVID19 цар тахлын дэгдэлт гээд нэг талаас ороо бусгаа цаг үеийг бид туулж байна.
Энэ цаг үед УИХ-аас батлан гаргаж буй “Алсын хараа-2050” бол аль нэг намын хөтөлбөр биш. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн цагаа тооцсон, хүрэх газраа тодорхойлсон Монголын төрийн бодлогын баримт бичиг юм.
Ер нь бол найман зууны тэртээ Их Монгол Улсыг байгуулж хоёр зуун дамжуулаад Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн Өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байсан монгол хүмүүс бидэнд 2050 оныг хүртэл 30 жилийн алсыг харсан бодлого ч богинодох учиртай. Эцэст нь хэлэхэд, “алс”-гүй улс гүрэн гэж үгүй билээ. 

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу