2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн 15 нам, 4 эвсэл бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлээд байгаа. Түүнчлэн Үндэсний Аудитын газар бие даан өрсөлдөхөөр 208 хүн мөрийн хөтөлбөрөө өгчээ. Эндээс харвал энэ жилийн сонгууль ихээхэн хөлтэй, нэр дэвшигчдийнхээ тоо толгойд тойргууд хөл алдаж мэдхээр байна. Зөвхөн бие даагчдыг тойрогт дунджилж үзвэл нэг тойрогт долоон нэр дэвшигч нэмэгдэж ирнэ. Эдгээр дээр улс төрийн 15 болон 4 эвслийн нэр дэвшигч нэмэгдэнэ. Томсгосон тойргийн тухайд 2-4 мандаттай, тэр тоогоор субъектууд нэр дэвшигчээ илгээнэ гэвэл нэг тойрогт нийтдээ 38-76 горилогч ирнэ гэсэн үг. Энэ янзаар тойргуудад нэр дэвшигчдийн “зуд” нүүрлэж, сонгогчдын толгой нь эргэж тооцооллоо алдаж мэдэхээр л болох юм байна. Урьд өмнө болж өнгөрсөн УИХ-ын 7 удаагийн сонгуульд дунджаар 700 орчим нэр дэвшигч өрсөлдөж байжээ. Харин энэ жилийн тухайд геометрийн прогрессоор өсөх магадлал байна. Нэгэнт нэрээ гаргаж сонгуульд оролцож байгаа болхоор нам эвслүүд мандатын тоогоо бүрэн дүүрэн ашиглахыг хичээнэ. Өөрөөр хэлбэл 76 мандатынхаа тоогоор нэр дэвшүүлнэ. Ингэж тооцвол 19 нам, эвслээс нийтдээ 1444 хүн нэр дэвшиж дээр нь 208 бие даагч нэмэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ арай ч ингэж бялуурахгүй байх. 2016 оны сонгуулиар 100 орчим хүн бие дааж нэр дэвшиж байжээ. Харин энэ жил 208 болж хоёр дахин өссөн. Бие даан нэр дэвшигчдийн нэрс задарсан болхоор уншигчид ерөнхийд нь гадарласан байх. Монголчууд хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс. “Чингис хаан Өүлэн ээжтэйгээ хамт бие дааж нэр дэвших нь ээ. Дэмжих үү, яах уу” гээд жиргэчихсэн байна билээ. Энэ нэр дурдагдаад байгаа “хаан хатан” хоёр бол Монголын нийгмийн цахим танилууд. Машинтай жагсаалын үеэр биедээ хутга авч явж байгаад саатуулагдсан М.Чингисхаан гэх залуу, Өүлэн эх нэрийг өөртөө сайн дураар наасан зураач Л.Өнөрчимэг нарыг ийн хошигносон нь тэр. Дуучин Нара өнгөрсөн сонгуулиар мөн бие дааж байсан. Энэ сонгуулиар даагаа нэхэж байгаа аж. Харин зарим эх сурвалжууд “Дуучин НАРА экс амраг М.Чимиддоржийнхоо дэвшсэн тойрогт очиж өрсөлдөхөө мэдэгдлээ” гэжээ. Ийнхүү нэгэн цагийн амрагууд нэг тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. М.Чимиддоржийн тухайд АН-аас нэр дэвшихээр 100 сая-аа төлсөн ч бие даахаар болж байгаа. Бие даагч Э.Бат-Үүл, эдийн засагч Л.Наранбаатар нар З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөж өшөө хорслоо тайлж, татаж унагана гэдгээ мэдэгдсэн.
Энэ мэтчлэн зарим нэр дэвшигчдийн ааш авирыг бодхоор төрийн сонгууль тоглоом ч юм шиг, шоглоом ч болчихсон юм шиг. Осоржамаагаас бусад цахим “од”-ууд бүгд бие дааж нэр дэвших нь гэж олны ярьж бичиж байгаа нь ортой л үг. Бие даагчдын армийн цоохор цэргүүдийг цааш тодруулж харвал яруу найрагч, бөх, дуучид, хөтлөгч нэвтрүүлэгч гээд олон төрөл зүйлийн ажил мэргэжлийнхэн хууль тогтоогч болхоор зориг шулуудсан байна. Бие даагчдын нэг хэсгийг “урвагчид” бүрдүүлж байна. Намаасаа урваж бие дааж байгаа нэр дэвшигчид тодорхой байгаа болхоор нэр усыг нь дурдах гээд яахав. Энэ сонгуулийн бие даагчдын дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын ойр хавиас олон хүний нэр ус дуулдаж байна. Цоодолын Хулан, Гантөмөрийн Уянгаас эхлээд ихэнх зөвлөхүүд нь бие дааж өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол анхны эхнэр Ц.Энхтуяа нь бас бие дааж нэр дэвшинэ. Тэр ИЗНН-ын дэд даргын албан тушаалтай нэгэн. Нэр дэвшигчдийн дунд эдийн засагч Ө.Ганзориг, СХЗХ-ны дарга асан С.Даваасүрэн, Тордойн Ганболд, Ц.Цолмон зэрэг парламентад сууж баймаар мэдлэг боловсролтой, ажил хэрэгч залуучууд ч бас цөөнгүй байна. Энэ сонгуулийн бие даагчдын багийг цухас дурдвал ийм. Товчхондоо сайнтай, саартайгаа л баг байна. Нэр дэвших, сонгох сонгогдох нь тухайн хүний заяамал эрх учраас үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ асуудал байна аа. Энэ жилийн энэ зургалалаас харахад Монголын хууль тогтоох дээд байгууллагад хүссэн нь нэр дэвшдэг болж байгааг анзаарлаа. Хар халзан хонь гэдэг шиг л.
Эрх мэдэл албан тушаал амттай, түүнд дургүй хүн гэж цөөхөн биз. Гэхдээ л хүн хөлөө мэдэж хөнжлөө жийж баймаар. Уг чанартаа УИХ гэдэг дуртай нь очоод дунд чөмгөөрөө жиргэдэг газар уг нь биш. Иргэдийн төлөөлөл болж Их хуралд сууна гэдэг нь танилтайгаа тааралдаад буу халахаас өөр. Тэнд хариуцлага, шударга байдал, мэдлэг туршлага, ноён нуруу, голч чанар гээд юм юм л хэрэгтэй газар. Ингэж хүссэн бүхэн нь тийшээ зүтгэж тэмүүлж байна гэдэг Монголын парламент эрхэмсэг чанараа алдаж, үнэ цэнэгүй, хямдхан харагддаг болсоны илэрхийлэл болж байгаа юм биш биз. Төрийн ордонд өмд бандааж ярьдаг, хурал дээрээ хулгай хийснээрээ дуудалцдаг, эсвэл хүрэн зандан ширээнийхээ ард хөлчүүрхэж талимаардаг, боорцог идэж, бохь зажилдаг нь Монгол төрийн эрхэмсэг чанарыг түймэрдэж байгаа нь тэр. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, Монгол улс хуулийн засаглалтай орон. Энэ утгаараа төрийн сонгууль гүн хүндэтгэл, төрт ёсны хууль журам, хэм хэмжээ явж байх учиртай билээ.
Г.Хантулга
Эх сурвалж: toim.mn