Caakmedee

Улстөрчдийг цагдан хорьсны цаад эзэн нь Ерөнхийлөгчийг гэж хардав

  • Улс төр
  • 2020/06/15
УИХ-ын ээлжит сонгуулийн марафон эхэлсэн энэ цаг үед улс төрийн үйл явдал гэхээсээ нэгнийхээ улыг шагайсан, хууль хяналтын байгууллагаар далайлгасан явдал мэр сэр гарах болов. Сонгууль албан ёсоор эхлээд сурталчилгааны талдаа орж буй. Хуулийн зөрчил ч нэлээдгүй гарч, Сонгуулийн байгууллагууд өргөдөл, гомдолд дарагдах төлөвтэй. Наандаж л “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг шиг нам, эвслүүдийн сонгуулийн штабууд нэр дэвшигчийнхээ сурталчилгааны самбарыг буруу байрлуулснаас болж нэр дэвшигчээ хасуулах хүртэл гай чирж мэдэхээр байна. Ийм зөрчлийн “дуудлага” Сонгуулийн байгууллагуудын чихэнд хонх уяад эхэлсэн байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглон” гэсний 48.5.1-д “Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх” гэж заасан. Чухам үүнд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар байршуулж зарим штаб нэр дэвшигчээ УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулахад хүрэхээр болжээ.
Учир нь дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18.1-д зааснаар намыг 200 сая төгрөгөөр, нэр дэвшигч, менежер, шадар туслах, ухуулагчийг 20 сая төгрөгөөр торгоно. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах юм байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг хураангуйлан хүргэе.
ГИШҮҮД ЦАГДАН ХОРИГДОЖ, ШҮҮХИЙГ БУРУУТГАВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Цагдан хорих 461 дүгээр саатуулсан билээ. Тодруулбал, Ж.Эрдэнэбат нь энэ сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Түүнчлэн энэ сарын 12-нд товлогдсон гэм буруугийн шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд барьцаа байршуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир энэ сарын 16-ныг хүртэл буюу гэм буруугийгийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Уг асуудалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигчийн сонгогдох, сонгох эрхийг хамгаалахаа мэдэгдэж байсан юм.
Энэ хүрээнд МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлэл хийхдээ Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулах, цагдан хорих тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хуулийн байгууллагаас хуулийн энэ заалтыг зөрчиж, албадан саатуулах ажил хийлээ. Тиймээс МАН-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар шүүгч нарыг авлига авсан гэж хардаж буйгаа энэ үеэр нуугаагүй. Тиймдээ ч “Ард түмний төлөөллийг хэн дуртай нь баривчилж болохгүй. Хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх бэ, үгүй вэ гэдгийг хэн дуртай нь шийддэг болно. Тиймээс парламентийн тогтолцоогоо хадгалж үлдэе гэвэл, энэ алдааг засах ёстой" гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Энэ удаагийн сонгуульд би хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай оролцож байна. Хуулийн хулгай хаанаас эхлэлтэй вэ гэдэг өдөр ирэх тусам тодорхой болж байна. Намайг дэд сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкны асуудлыг шалгасан. Маш их зөрчил илэрсэн. Гэм буруутай этгээдүүдийг хамгаалж байсан шүүгч нар Ж.Эрдэнэбатыг шоронд хийлээ. Дагаад Сэлэнгийн ард иргэдийг хорьлоо" гэсэн юм.
Улстөрчид ээлж дараагаараа ийнхүү байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ цахим орчинд эл процессын гол эзнийг номер-1 хүн гээд ээлжит улстөржилтөндөө бэлдэж байна гэж хардах хүн олон байна. Үнэн, эсэх нь тодорхойгүй ч Ж.Эрдэнэбат гишүүний хувьд прокурор болоод шүүхийн дуудсан цагт өөрийн биеэр очоогүй нь гол буруутгах үндэслэл. Хэдий гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалж болох хуулийн зохицуулалттай ч өөрөө хуулиа биелүүлсэн бол асуудал ийм хэмжээнд хүртлээ газар авах байсан эсэх нь эргэлзээтэй юм.
УЛС ТӨРӨӨС ТОМ СЭДЭВ БУЮУ ХЭҮК БОЛОН ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ГИШҮҮНЭЭР ХЭНИЙГ, ХЭН СОНГОХ БЭ?
ХҮЭК-ын дарга нь бусдыг “гөлөг” гэж өхөөрдөж, олон жил комиссын гишүүнээр ажилласан хүн нь “биеэ үнэлэгчдийг” өөгшүүлдэг гэх асуудал сөхөгдсөнөөр хүний эрхийг хамгаалж, дээдлэх ёстой тус байгууллагын нэр хүнд шалаар нэг хөглөрөх болов. Яг ийм цаг үед тус комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгон шалгаруулалт болж буй нь нэг талаасаа цагаа олсон шийдэл болж буй юм.
ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд өрсөлдөхөөр нийт 19 нэр дэвшигчийн нээлттэй сонсгол өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд болсон юм. Хууль зүйн байнгын хороогоор хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг батлах ч эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Угтаа бол хаврын чуулганаар энэ процесс үргэлжилж ХЭҮК-ын шинэ дарга болон бүрэлдэхүүнийг томилсон байх ёстой байсан ч улстөржилтөөс болж намрын чуулганыг хүлээхээс аргагүй болсон юм.
Нийт 19 нэр дэвшигчийн олонх багш буюу практикийн туршлага багатай хүмүүс бол цөөнгүй хувь нь хууль хүчний байгууллагад ажилладаг, ажиллаж байсан дутагдалтай байх жишээтэй. Тэднээс мэр сэр нь хууль бус зүйлтэй нэр холбогдсон нь ч бий. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалж, нандигнах учиртай ХЭҮК нь цагдаа, прокурор, багш, улстөрч эс бөгөөс олон жил комиссын гишүүнээр дархлагдах сонирхолтой нэгний орогнох байр болчих вий гэсэн хардлага нэр дэвшигчдийн танилцуулга намтараас харагдаж байна.
Нэр дэвшигчдийг танилцуулганы нээлттэй сонсгол энэ сарын 10-11-ний хооронд болсон. Эндээс хамгийн өндөр оноо авсан иргэдийн нэрсийг УИХ-ын чуулганд танилцуулж, батлуулах ёстой.
Гэвч шинээр байгуулагдах парламентийн ааш аяаг ямархуу байхаас гадна Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэр шударга, ёс зүйтэй байж нэр дэвшигчдийг ангилах бэ гэдгээс их зүйл хамаарах юм.
Угтаа бол улстөрийн поп сэдвээс илүүтэй ХЭҮК болон эрүүдэн шүүлтийн урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох нь чухал асуудал. Гэвч сонгуулийн чимээтэй дарагдаж, яалт ч үгүй ийнхүү арагшаа шидэгдлээ. Тиймээс ядаж нээлттэй сонсголоос зөв хүнээ сонгож, УИХ-ын чуулганд хүргүүлээсэй гэж чин сэтгэлээсэй хүснэм.
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАНАЙ ГИШҮҮД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЫН ТУЛД ЭХНЭР, ХҮҮХДЭЭ БАРЬЦААЛАХ НЬ ХОЛГҮЙ БАЙНА
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан болон "Үнэн ба зөв" нам зэрэг улс төрийн намууд ШИНЭ намтай эвсэж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Тэгвэл Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "ШИНЭ эвслээс эх орноо гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Гэтэл шударга, эгэл жирийн хүмүүст мөнгө алга. Аргаа зарим гишүүд маань гэр орноо барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна. Зарим гишүүд эхнэр, хүүхдээ хүртэл тавьсан байх. Аргаа барвал тавихгүй гээд яах юм бэ. Тэгж байж л шударга ёсыг тогтооно.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар ганц морь, дөрвөн ханатай гэр, дэнзэн ташууртай байсан биз дээ. Тэр хоёр тэгж хувьсгал хийж байж хятад данжаадын өрнөөс биднийг салгасан. Ю.Цэдэнбал 40 жил төр барихдаа ямар хөрөнгөтэй байсан юм бэ. Тийм олон машинтай байсан юм уу, хэчнээн үнэт эдлэлтэй байсан юм бэ. Хов хоосон биз дээ. Бүх зүйлээ төрдөө өргөөд бурхан болсон. Бидний амьдралыг хэчнээн сайхан өөд нь татсан билээ.
Гэтэл манай улстөрчдийг хар. Хагартлаа, дэлбэртлээ баяжчихсан.
Иргэд нь ямар ядуу байна. Тиймээс иргэдийг өөрсдийн саналаа битгий луйвардуул, түүнийгээ хамгаал. Юм өгвөл авчих. Тэгээд бидэнд мэдэгд. Саналаа өөрийнхөөрөө өг. Та нарт хахуул өгсөн хүн амьдралыг чинь өөд татахгүй" гэжээ.
“МАК”-ИЙН Н.НЯМТАЙШИР Э.БАТ-ҮҮЛТЭЙ ХЭНТИЙН ЦЭНХЭРМАНДАЛД ОЧИЖ УУЛЗЖЭЭ
МАК-ийн эзэн Н.Нямтайшир өнөөдөр /2020.6.6/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд сурталчилгаагаа хийж явсан Э.Бат-Үүлтэй очиж уулзжээ. Тэрбээр "Цэнхэрийн гуанз" дээр АН-аас нэр дэвшиж буй Ж.Оюунбаатар, Э.Бат-Үүл, Т.Пүрэвхатан нартай үдийн цай уухад нь уулзсан байна. Дараа нь Э.Бат-Үүлтэй тусгайлан уулзчихаад явжээ.
Монголын нэртэй бизнесмэн жижигхэн сумын "замын гуанз" дээр саатсанд тэр хавийнхан таньж, жиг жуг хийлцсэн аж. Н.Нямтайшир ийн очихдоо Э.Бат-Үүл нарыг дэмжихээ илэрхийлж хандив өгсөн байж магадгүй аж. Ер нь Монголын толгой бизнесмэнүүд Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулиудаар сонгогдох магадлалтай, өөрийн дэмждэг нам, эвслүүдийн нэр дэвшигчдэд томоохон хандивыг өгдөг. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд, иргэн 5 хүртэл сая төгрөг, байгууллага, аж ахуйн нэгж 20 хүртэл сая төгрөгийн хандивыг нам, эвсэл, нэр дэвшигчид өгөхөөр заасан. Тиймээс Н.Нямтайшир Э.Бат-Үүлд хандив өгсөн бол 5-20 сая төгрөг өгөх ёстой гэсэн үг.
Э.БАТ-ҮҮЛ: БААТАР ЦОЛ БОЛ МИНИЙХ БИШ. ТА НАРЫХ
УИХ-ын ээлжит сонгуульд тойрог буюу Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж буй хотын дарга асан Э.Бат-Үүл энэ сарын 7-нд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Намайг Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гэж зарладаг. Би нэг зүйл залруулж хэлье. Миний энгэр дээрх тэмдэг бол баатрын тэмдэг. Гэхдээ энэ бол миний тэмдэг биш, Монгол Улсад ардчилсан хувьсгалыг хийсэн партизан, ардчиллын гишүүд, АН-ынханы, ардчиллыг дэмжсэн монгол түмний тэмдэг юм.
Энэ тэмдгийг Ерөнхийлөгч надад өгөхдөө яг ингэж хэлсэн. Ингэхдээ "Би үүнийг чамд өгөөгүй юм шүү. Бүгдэд нь өгч чадахгүй учраас чамайг төлөөлөл болгож зүүж өгч байна" гэж хэлсэн юм. Би нэр хүндийг даасандаа баярлаж явдаг.
"Та нарын тэмдэг Э.Бат-Үүлд яваа юм шүү" гэж дуудах байтал баатар Э.Бат-Үүл гэж дуудах юм” гэсэн юм.
Ташрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг энэ 8-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч шүүгчдэгчийн талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг УИХ-ын сонгуулийн дараа буюу энэ сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхийг шүүхээс шийдвэрлэсэн юм. 

Эх сурвалж: 24tsag.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу