Caakmedee

Б.Буджаргал: Туйлдаж байна, гэвч надад зогсох эрх байхгүй

  • Спорт
  • 2020/09/03

Тайландад ирээд бараг жил боллоо. Коронавирус гарч, зорьж байсан зарим тэмцээн маань цуцлагдсан. Гэхдээ би монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхий даяар дахин нотлон харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх зорилгынхоо төлөө зогсохгүй зүтгэсээр байна.
Өнгөрсөн хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд 9 удаа оролцож, 4 удаа аварга болжээ. Амжилттай минь хамт баярлаж, дэмжиж байдаг найз нөхөд, нутаг усныхан, нийт монголчууддаа туйлаас баярлаж явдаг аа. Гэвч нэг удаа ч болов улс эх орны маань жолоог атгаж байгаа албан тушаалтнууд, тэр дундаа спортын салбарынхан маань дэмжиж, тэтгэх нь байтугай баяр хүргэж ч байгаагүйд сэтгэл дундуур явдаг даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрийн бор зүрхээрээ байгаа зүйлээ зарж үрээд, өр зээл тавьж, аргалсаар яваад өнөөдрийг хүрсэн.
Надад болох чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлж, санхүүгээр тусалж байсан олон хүн бий. Тэднийхээ урмыг хугалах үг хэлж байгаа биш шүү. Хааяа бас үнэхээр ганцаардаж, туйлдах юмаа. Би МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийд аль болох л олон хүнд дуулгаж дуурсгах юмсан гэж зорьж яваа залуу хүн. Одоо намайг 9, 10, 11, 12 сард дараалсан дөрвөн чухал тэмцээн хүлээж байгаа. Өнөөдөр идэх хоолны мөнгөгүй болсон ч, хүний газар түрээсийн байрнаасаа хөөгдсөн ч би тэвчсээр, бэлтгэлээ хийсээр байна. Гэсэн ч үнэндээ туйлдаж байна. Санхүүгийн хувьд өөрийн чадлаар тэмцээнд оролцох боломжгүй болж, бүхнийг жинхэнэ тэвчээрийнхээ хүчээр даван туулж байна.
Уг нь би Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд Дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, дэлхийн рекордыг шинээр тогтоохын төлөө ийм амьдрал, энэ хэцүү замыг өөрийн биеэр, цор ганцаар туулж яваа юм шүү. Тэмцээнүүддээ оролцож л чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж, урам хайрлаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Надад тэмцээнийхээ зардлыг л олчихвол илүү мөнгө хэрэггүй ээ.
Миний оролцохыг зорьж байгаа тэмцээнүүд:
9 сарын 20-нд Тайландад болох 12 цагийн гүйлт
‪10 сарын 1-нд Хятадад болох 6 хоногийн гүйлт
‪11 сарын 16-нд АНУ, Флорида мужид болох 6 хоногийн гүйлт
‪12 сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 6 хоногийн гүйлт. Би хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг МОНГОЛ хүн эзэмших ёстой гэсэн зорилгоосоо буцахгүй, цуцахгүй зүтгэх болно. Монголчууд бид чадна.

 

 

 

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу